Цэцийн даргын сонголтыг хоёр Солонгоос хийе

8
2019 оны 11 сарын 182019-11-18
Цэцийн даргын сонголтыг хоёр Солонгоос хийе

 

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын Инчеон хотын Прокурорын газраас торгуулийн ял шийтгүүлсэн. Тэрээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчихдоо онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн нь тус улсын Нислэгийн аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл хэмээн БНСУ-ын хэвлэлүүд бичсэн юм. Д.Одбаяр Цэцийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул Үндсэн хуулийн цэц түүний асуудлыг хэлэлцэхээр нийт гишүүдийн хурлаа хийх учиртай.

Энэхүү хурал энэ сарын 22-нд болно гэсэн мэдээлэл байгаа ч өнөөдөр 16.00 цагт хуралдаж Д.Одбаярыг Цэцийн даргаас нь чөлөөлнө гэсэн албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. Түүнийг чөлөөлөх эсэхийг Цэцийн нийт гишүүдийн олонхийн саналаар шийдэх бол Цэцийн гишүүнээс нь чөлөөлөх эсэх асуудлыг УИХ шийдэх учиртай. Хэрэв өнөөдөр 16.00 цагт Цэцийн нийт гишүүдийн хурал хийх нь үнэн бол Үндсэн хуулийн Цэцийн дараагийн даргыг өнөөдөртөө сонгож магадгүй юм.

Тэгэхээр цэцийн гишүүд энэ удаад Үндсэн хуулийн цэцийн хоёр Солонгын нэгийг буюу эмэгтэйчүүдийнхээ нэгийг даргаараа сонговол зүгээр байна. Эмэгтэйчүүд авлига, улс төрийн нөлөөнд автах, зохион байгуулах нь эрчүүдээс бага. Тэгээд ч Үндсэн хуулийн цэцэд байгаа Д.Солонго, Ш.Солонго нар боловсрол, туршлага, нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа эрчүүдээсээ илүү байна. Д.Одбаярын холбогдсон гутамшигт үйлдэл болоод Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд, цэцийн гишүүдийн намтараас болж Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд ард олны дунд унаад байна. Ийм үед сонголтыг Солонго нараас хийх нь зөв байж мэднэ.

Шилагарьдын Солонго ЗГХЭГ-т 1984-2018 оныг хүртэл тасралтгүй ажилласан төрийн захиргааны мэргэшсэн боловсон хүчин. Гавьяат хуульч тэрээр Москвагийн их сургуулийг төгссөнөөрөө Дамдинсүрэнгийн Солонготой ижил. Д.Солонго 1983-2013 он хүртэл тасралтгүй ажилласан хууль зүйн доктор, дэд профессор. Хоёр Солонгоос сонголт хийх нь олон нийт, ялангуяа хуульчдын таалалд нийцэхээр байна.

Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Гурвыг нь УИХ, гурвыг нь Дээд шүүх, гурвыг нь Ерөнхийлөгч нэр дэвшүүлж УИХ томилдог.

УИХ-аас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Д.Одбаяр, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго нарыг нэр дэвшүүлж, томилуулсан.

Улсын дээд шүүхээс Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүйн сайдын зөвлөх асан Н.Чинбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал байсан Д.Солонго, Гаалийн ерөнхий газрын дарга асан Ш.Цогтоо нарыг нэр дэвшүүлж, томилуулсан.

Ерөнхийлөгчөөс Ардын их хурлын депутат байсан Б.Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга асан Г.Туулхүү нарыг нэр дэвшүүлж томилуулсан юм.

Санал болгох