Судалгааны их сургуулийг судлахгүйгээр байгуулах уу

14
2019 оны 11 сарын 232019-11-23
Судалгааны их сургуулийг судлахгүйгээр байгуулах уу

 

Нэр нь агуулгаа тодорхойлдог, тийм болохоор судалгааны их сургууль (Research University) гэж судалгааг нэгдүгээр зорилгоо болгосон сургуулийг л хэлдэг аж.  Судалгааны их сургууль нь шилдэг эрдэмтдийг урин цуглуулж, шинжлэх ухааны судалгааг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгодог их сургуулийн нэгэн онцгой хэв шинж аж. Дэлхийн улс орнуудын жишгээр судлагааны их сургууль үндсэн зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ ахисан түвшний сургалтад голлон анхаардаг магистр, докторын оюутны тоо нь бакалаврын оюутнаас их байдаг, зарим нь бүр бакалаврын түвшний оюутангүй байх тохиолдол ч байна. Манай их сургуулиуд үндсэндээ зуун хувь бакалаврын оюутантай, тэдгээрийн төлбөрөөр сургалт, судалгааныхаа үйл ажиллагааг явуулж байдаг. Улс орны бүхий л салбарт нэн шаардлагатай эмч, багш, зоотехникч, малын эмч, инженер гэх зэрэг тодорхой мэргэжилтэн бэлтгэх нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй, сургалт, судалгаа хослуулан явуулдаг чиглэлийн их сургуулиудыг механикаар нэгтгэн, нэгэн дээврийн дор цуглуулснаар судалгааны их сургуультай болно гэвэл томоохон эндүүрэл болох юм.  Манай эрх барьж байгаа эрхэмүүд эхлээд судлаж, хэрхэн байгуулах үзэл баримтлал, бодлого төлөвлөгөөгөө гаргаж, гарч болох эрсдэл болон шаардлагатай хөрөнгө, хүний нөөц, ахиц амжилтаа урьдчилан тодорхой болгож, бүх эрдэмтэн багш нараар хэлэлцүүлж нэг зүгт харсаны дараа хийхгүй бол нөгөө механик нэгдэл болдог тухай дэргэдэх туршлагаас сургамж авах хэрэгтэй байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ-д энэ чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч байгаа боловч, олигтой үр дүнд хүрэхгүй, төр засгийн түвшинд ч, их дээд сургуулийн хэмжээнд ч учраа  сайн олохгүй мунгинасаар байна. Холын Америкт ийм тийм байна хэмээн дэвэхийн сацуу, хойт, урд хөршийнхөө алдаан дээр эхлээд суралцмаар санагдана. Бусдын алдааг заавал давтаж, наанадаж цаг хугацаа, цаанадаж асар их хэмжээний хөрөнгө мөнгө салхинд цацах харамсалтай бус уу. Сүүлийн 10 гаруйхан жилд оросын боловсролын системд борооны дараах мөөг адил ар араасаа цувран хийгдэж байгаа шинэчлэлийн нэг нь холбооны их сургууль /федеральные университеты/-иудыг байгуулж байгаа явдал юм[1]. Холбооны их сургууль нь дээд болон их сургуулийн дараах боловсролыг тогтолцоогоор нь шинэтгэхэд чиглэсэн, шинжлэх ухааны өргөн чиглэлээр суурь болон хавсарга судалгаа шинжилгээ эрхлэх сургалтын байгууллага болох ёстой гэнэ.

2006 оноос эхлээд Красноярск, Донын Ростов, Калининград, Владивосток, Казань, Якутск, Екатеринбург, Ставрополь, Симферополь, Крым зэрэг хотод, өөрөөр хэлбэл, ОХУ-ын Холбооны тойрог нэг бүрт шахам Холбооны их сургууль байгуулжээ. Ингэхдээ инженер, багш, эмч, эдийн засагч, барилгын инженер гэхчлэн янз бүрийн мэргэжлийн сургуулиудыг Холбооны их сургууль гэх нэгэн дээврийн дор нэгтгэн, нэг бүтцэд механикаар оруулсан байна. Ийнхүү нэгтгэхдээ ямар нэгэн суурь зарчим баримтлаагүй хэмээн судлаачид шүүмжилж байна. Тухайлбал, хамгийн анхны хоёр Холбооны их сургуулийг хэрхэн “байгуулсныг” аваад үзвэл: нэгд. Сибирийн холбооны их сургуулийн бүрэлдэхүүнд Красноярск хотын Улсын их сургууль, Барилга-архитектурын академи, Техникийн их сургууль, Өнгөт металл, алтны их сургууль, Худалдаа-эдийн засгийн дээд сургуулийг оруулжээ. Судлаачийн бичиж байгаагаар, мангасын аманд өртөөгүй хоцорсон азтангууд[2] нь Хөдөө аж аж ахуйн, Багшийн, Анагаах ухааны, Агаар сансрын болон технологийн их сургуулиуд гэнэ.

б/. Холбооны өмнөд их сургуулийн бүрэлдэхүүнд Ростов хотын Улсын их сургууль, Багшийн их сургууль, Урлаг-архитектурын академи, Таганрог хотын Радио техникийн их сургуулийг оруулж, Эдийн засгийн, Анагаахын, Барилгын, Техникийн болон Зам харилцааны их сургуулиуд бие даасан хэвээр үлджээ.

Холбооны их сургуулийг “бүрдүүлэхдээ”  ямар зарчим баримталсныг судлаачид одоо хүртэл ойлгохгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Красноярскт Багшийн их сургууль бие даасан хэвээрээ хоцорсон бол Ростовт Багшийн их сургуулийг нь Холбооны их сургуулийн бүрэлдэхүүнд нэгтгэчихсэн, Ростовт Техникийн их сургууль “оюутны ангуучид”-ын амнаас мултарч чадсан бол Красноярскийнх “урхинд орчихсон” гэнэ[3]. Ганцхан энэ жишээнээс харахад, Холбооны их сургууль байгуулахад баримталсан ямар нэгэн зарчим байхгүй нь тодорхой бөгөөд яг үнэндээ бол Москвад, эсвэл мужийн захиргаанд (хоёуланд нь бол бүр ч тэр тусмаа сайн) танилтай ректор нь тэнд танилгүй ректоруудынхаа сургуулийг залгина гэсэн нэг л зарчим үйлчилсэн хэмээн судлаачид бухимдангуй бичжээ[4].

Ийнхүү механикаар нэгтгэж, Холбооны их сургууль байгуулж байгааг дэмжиж байгаа ч эрдэмтэн багш нар байна, эрс эсэргүүцэж байгаа нь ч бас байна. Тухайлбал, эксперт Олег Охредькогийн бичсэн “Ангал руу унах зам. Крымын холбооны их сургууль” өгүүлэлд тус их сургуулийг “Аварга биет тоос сорогч” хэмээн нэрлэжээ[5]. Яагаад гэвэл, 2014 оны 8-р сард ОХУ-ын Засгийн газрын 1465 дугаар тогтоолоор байгуулсан уг их сургууль нь тус хойгт үйл ажиллагаагаа олон арван жилийн туршид хэвийн явуулж байсан 8 академи, дээд сургууль, 5 колледж болон төв, их дээд сургуулийн 11 салбар, шинжлэх ухааны 7 байгууллагыг эхлээд нэгтгэсэн бол яваандаа бусад бүх их дээд сургууль, колледжийг бүгдийг нь “залгижээ”.

Хамгийн гол нь ингэснээр сургалтын чанар сайжирч, суралцагчдын болон элсэгчдийн тоо нэмэгдэж, Крымын холбооны их сургуулийн суу алдар мандсан уу гэвэл огтхон ч үгүй гэнэ. Харин ч эсрэгээрээ, “ангал руу нисэх” зам нь шулуудаж, Холбооны их сургууль байгуулахаас өмнө Крымын их дээд сургууль, колледжид нийт 60000 охид хөвгүүд суралцаж байсан бол 10000 гаруй нь Украин руу, 8000 орчим нь ОХУ-ын эх газрын их дээд сургуулиуд руу шилжиж, энэ тоо даруй 30%-иар хоргоджээ[6]. Үүгээр ч үл барам элсэгчдийн тоо эрс цөөрсөн гэнэ. Энэ бүхнээс болж, Крымын боловсролын чанар, нэр хүнд ихээхэн хэлмэгдлээ хэмээн судлаач халаглан бичжээ. Арга ч үгүй юм, зөвхөн энэ хичээлийн жилд Крымын холбооны их сургуульд элсэгчийн тоо 6%-иар буюу 1878-аар буурсан байна. Оюутны тоо цөөрснөөр сургалтын төлбөрөө өсгөж байгаа нь чухам л нэмэр дээр нь нэрмээс болж байгаа аж.

Холбооны их сургууль байгуулснаар чанарын ахиц дэвшил гарахгүй байгаагийн өөр нэг бодит жишээ бол Алс дорнодын холбооны их сургууль юм. “Комсомольская правда” сонины цахим хувилбарт судлаач Ксения Крымовагийн бичсэн “Хамгийн нэр хүндтэй сургууль уналтад орлоо. “Оросын арал” дээр эмх замбараагүй байдал үүслээ” гарчиг бүхий нийтлэл[7]-д энэ тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Америкийн санхүү-эдийн засгийн “Форбс” сэтгүүлээс эрхлэн гаргасан ОХУ-ын Топ-100 сургуулийн жагсаалтын 89-рт бичигдэн суу алдар нь нэгэнтээ мандах шахсан уг их сургууль ийнхүү уналтанд орж, эмх замбараагүй байдал үүсэх шалтгаан болсон нь учиртай гэнэ. Юун хэмээвээс, ОХУ-ын их дээд сургуулиудын рейтингийг ийнхүү тогтоохдоо боловсролын чанар, төгсөгчдийн чанар болон Forbes-ийн хүчин зүйл хэмээн гурав багцалсан 10 үзүүлэлтийг баримталсан бөгөөд Forbes-ийн хүчин зүйл гэдэг нь төгсөгчдөөс хэд нь бизнес эрхэлж байна вэ гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл, уг рейтингийг гаргасан хүмүүс тухайн их сургуулийн сургалтын  чанарыг биш, төгсөөд бизнес эрхэлсэн хүний тоог нэгдүгээрт тавьсан нь энэхүү шалгаруулалт нь боловсролын чанарын үнэлгээ огтхон ч биш, харин арилжаа наймаа ханхалсан “бизнес” юм гэж Номхон далайн их сургуулийн профессор Илдус Ярулины бичсэнийг зохиогч эшэлжээ.

Ийнхүү шидийг олж нисэхийг шахсан Алс дорнодын холбооны их сургуулийн захирлыг Москвагаас томилж, шинэ захирал нь хуучин бүх захирал, орлогч, декануудаа халж, өөрийн багийг бүрдүүлж, тэд нар нь хэдэн арван жил үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн багш нараа хөөж тууснаар сургуулийн нэр навс унаж, алс дорнодод эмх замбараагүй байдал үүсчээ. Эл байдлын учрыг олохоор ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Ольга Голодец Алс дорнодод яаравчлан нисэж ирлээ хэмээн уг нийтлэлд бичжээ.

Ийм хүндрэл бэрхшээл Холбооны бусад сургуульд бүгдэд нь байгаа тухай эрдэмтэн судлаачид их бичиж байна. Тухайлбал, Өмнөдийн холбооны их сургуулийн профессор В.Н.Кирой “Оросын шинэ их сургуулиуд: асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”[8] өгүүлэлдээ “Манай улсад дээд боловсролын тогтолцоог үнэхээр шинэчлэх ажил яг үнэндээ хийгдээд байна уу, үгүй юү, хийгдэж байгаа бол үр дүнгийн хэмжүүр нь юү вэ гэдгийг маш нухацтай бодох цаг болжээ. Хэрэв эрх баригчдын зүгээс хийж байгаа гэх энэ шинэчлэл манай их дээд сургуулиудын дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой л юм бол тогтсон нэг л дүрэм журам гаргаж, түүнийгээ баримтлах ёстой юм биш үү?” хэмээн халагласан байна. Тэрээр цааш нь бичихдээ “Холбооны их сургуулиудад боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудыг нэгтгэн интеграцчилах тухай асуудлаар ОХУ-ын ШУА-ийн тэргүүлэгчид эсрэг байр суурьтай байгаагаас үүдэн, энэхүү интеграцчилал санхүү-зохион байгуулалтын түвшинд одоо хэр шийдэгдээгүй л байна. Холбооны их сургуульд ажиллаж байгаа эрдэмтэн багш нар энэ өндөр нэр хүндэд дүйх хэмжээний цалинтай байх асуудлыг ч төр засаг яаравчлан шийдэх нь зүйтэй байна” гэжээ.

Тэгэхлээр судалгааны их сургуулийн нийгмийн үүрэг, түүнд чиглэсэн алсын хараа, эрхэм зорилго, хэрэгжүүлэх бүтэц нь тодорхойгүй, судалгааны үр дүнг эргэлтэд оруулах тогтолцоогүй байгаагийн дээр судалгааны их сургуулийг байгуулна гэх бодол төсөөлөлдөө автаж, сэтгэлийн хөөрлөөр ярих, судалгаа тооцоогүй нэгтгээд судалгааны их сургууль байгуулна гэж амлаж, бас шийдэх гэж муйхарлан зүтгэхээ болих хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдал, төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгээд дээд боловсролын чанарт эрс ахиц гарах, манай төр засгаас дэвшүүлж байгаа “судалгааны их сургууль” болох зорилго, зарчим механикаар нэгтгэснээр биелэхгүй нь тодорхой бус уу. 

МУБИС-ийн профессор С.Эрдэнэмаам

Санал болгох