Х.Галинбек: Хүхэрлэг хий өссөн нь шахмал түлшнээс биш автомашинаас болсон

6
2019 оны 11 сарын 212019-11-21
Х.Галинбек: Хүхэрлэг хий өссөн нь шахмал түлшнээс биш автомашинаас болсон

 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галинбек, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Г.Нэргүй нар дөнгөж сая мэдээлэл хийлээ.


Хурандаа Г.Нэргүй, “Нийслэлийн түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гурван дуудлага ирсэн. Гурван өрхийн гурван том хүн, дөрвөн хүүхэд хандаж эмнэлгийн тусламж авсан. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэд юм байна. Одоогийн байдлаар тэдний нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Угаарын хийнд хордсон шалтгаан нь пийшин зуухны битүүмжлэл алдагдсан, мөн яндангаа хөөлөхгүй байх, агаар сэлгэлтийг шалгахгүй байх, яндангаа хаалттай хонох шалтгаан байна. Иргэд маань галлагааны аюулгүй байдлыг ахуй амьдралдаа хэвшүүлээд сурчээ” гэв.

Х.Галинбек, “Нийслэлийн агаарын чанарыг олон улсын жишгээр зургаан үзүүлэлтээр хэмждэг. Нийслэлийн агаарын чанар арваннэгдүгээр сард ямар байгаа талаар мэдээлэл хүргэе. Галлагаанаас үүдэлтэй буюу нарийн ширхэглэгт тоосонцор ПМ2.5 үзүүлэлт ноднин жилээс 55 хувиар буурсан. Том ширхэглэгт тооцсонцор буюу ПМ10 үзүүлэлт ноднингийн мөн үеэс 38 хувиар буурсан. Хүхэрлэг хий 13 микрограммаар нэмэгдсэн. Азотын давхар исэл мөн адил 3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нарийн ширхэглэгт тоосонцор өсөхөд хүхрийн давхар исэл шууд өсдөг. Галлагааны улирал эхлээгүй үед хүхрийн хий, азотын хий мөн л нэмэгдсэн байсан. Манайд өнөөдөр хэрэглэж байгаа шатахуун Евро2, Евро3 ангиллынх. Эдгээр нь Евро5 ангиллын шатахуунаас 10 дахин их хүхэр агуулдаг. Ийм учраас автомашинаас үүдэлтэй хүхрийн давхар исэл байна. Хүхрийн давхар исэлтэй шахмал түлш ямар ч хамааралгүй юм” гэлээ.

Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, “1018 хүн угаарын хийд хордсон гэх дуудлага ирсэн. 50 хүн эмнэлэгт хандаж, нэг нь хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн штаб дээр түүхий нүүрс түлж байна гэсэн дуудлага их ирж байна. Манайхан шахмал түлшээ асаахдаа утаа ихээр гаргаж байгааг нь иргэд түүхий нүүрс шатааж байна хэмээн андуурч дуудлага ихээр өгч байгаа юм. Нийслэл рүү түүхий нүүрс оруулахаар завдах зөрчил гарч байна. Түүхий нүүрсийг хурааж, жолоочийг нь торгох учраас тийм үйлдэл битгий гаргаач” гэв.

Түүний дараа Нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Мөнхбаатар, “Угаарын хийд хордсон дуудлага багасч байгаа нь хэвлэлүүд олон нийтэд мэдээллээ сайн өгч байгаагийн үр дүн. Хэвлэлүүд сэрэмжлүүлэг, зөвлөгөөг сайн өгч, иргэд хэрэглээндээ дадаж байгаа нь та бүхний үүргээ сайн биелүүлснийх. Өдөрт 300 мянгаас 400 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Хар утаа хаядаг дизель хөдөлгүүртэй автомашин, автобусыг хотын төвөөр явуулахгүй байх чиглэлийг хотын дарга өгсөн. Их утаа хаяж байгаа автомашинтай холбоотой мэдээллийг бидэнд өгөөрэй” гэсэн юм.

Санал болгох