Opendata: Намуудын ТББ

1
13 өдрийн өмнө
Opendata: Намуудын ТББ

 

Ардчилсан хувьсгалын дараах олон нам, хөдөлгөөний нэгдэл АН, 100 дахь жилийнхээ ойг 2020 оны сонгуулийн дараа тэмдэглэх МАН, эх намаасаа салан тусгаарласан МАХН-ын дэргэд ТББ-ууд олон бий. Энэ олон төрийн бус байгууллагуудын нэр болон эзэмшигчид 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Хуулийн этгээдийн бүртгэлийн шинэ хуулиар ил болсон. УИХ-аас баталсан Бүртгэлийн багц хуулийн үр дүнд иргэд www.opendata.burtgel.mn хаягаар нэвтэрч, хуулийн этгээдүүдийн үүсгэн байгуулагчдын нэрийг үзэх боломжтой. За ингээд намуудыг түшсэн ямар ТББ-ууд байдаг талаар сонирхоё.


Ардын намын төрийн бусууд

МАН-ын шинэчлэл, хөгжлийн хороо ТББ-ын тэргүүн нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Гишүүддээ үйлчлэх уг ТББ-ыг 2015 онд тэрээр Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нартайгаа байгуулжээ. Б.Ганхуяг одоо Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал болсон. Харин Н.Удаанжаргал Монголын оюутны холбоо хэмээх нүсэр байгууллагыг удирдаж байна.

МАН-ыг шинэчилье нэгдсэн хөдөлгөөн ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Энэ ТББ-ыг 2013 оны долдугаар сард УИХ-ын гишүүн асан Д.Гантулга байгуулсан юм. Улмаар Ж.Эрдэнэбат үйл ажиллагааг нь явуулах болжээ.

Ардчилсан дэвшлийн хүрээлэн ТББ-ын тэргүүн нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар. Тэрээр 2012 онд энэ ТББ-аа Тусгаар тогтнолын ордоны 401 тоотод бүртгүүлж байж. ТББ-ын үүсгэн байгуулагчаар Сономдаржаагийн Мөнхбатын нэр бүртгэлтэй. С.Мөнхбат одоогоор БСШУСЯ-нд ажиллаж байна.

МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбоо ТББ-ын тэргүүн нь Т.Цэрэнноров. Т.Цэрэнноров нь 2016 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдоод НИТХ-ын төлөөлөгч болсон. Бас Геодези усны барилга байгууламж НӨААТҮГ-ын даргын давхар дээлтэй. Тэрээр энэ холбоогоо 2015 оны 10 сард найз Ж.Тогтохбаяртайгаа байгуулж байв. Ж.Тогтохбаяр одоо Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан тушаалтай болсон.

Намгүй сум, дүүрэг ТББ. Энэ холбооны тэргүүн бөгөөд үүсгэн байгуулагч нь Лундаажанцангийн Батсайхан гэдэг залуу бий. Тэрээр Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч, дараагаар нь МҮАН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Сүүлд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилласан. Намгүй сум, дүүрэг ТББ-аа Л.Батсайхан 2016 оны гуравдугаар сард байгуулаад Завхан аймгийн МАН-ын Зүүн бүс хариуцсан дэд дарга болжээ.

МАН-ын Оюутан залуучуудын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Борын Ганзориг. Хэд хэдэн ТББ-тай тэрээр Нийслэлийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ТББ-ын ерөнхийлөгч болсон шиг л явдал тохиолдлоо.

Монголын зүүний хүчний холбоо ТББ. Холбооных нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болсон. 2009 онд үүсгэн байгуулагчдын нэг Цэрэндоржийн Батбаяр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилогдсон. Мөн үүсгэн байгуулагч Пүрвээгийн Дэлгэрнаран Авто тээврийн үндэсний төвийн даргаар, Болдын Цэнгэл Монголын Төмөр зам ТӨХК-ийн захирлаар томилогджээ.

Нийслэлийн зүүний хүчний холбооны дэргэдэх Эрх зүйчдийн клуб ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Р.Батрагчаа ТОСК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга болсон. Үүсгэн байгуулагчдын нэг Тогмидын Гантөмөр нь Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер болсон.

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Нуурайн Ууганбаяр. Тэрээр одоо Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст албаны даргаар ажилладаг. 2011 онд энэ ТББ-ыг байгуулагч нь Б.Алтан-Очир. Тэрээр төрийн байгууллагад ажиллаж байна.

МАН-ын Дэвшилтэт холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Түүнтэй хамт үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Л.Энхболд юм. Энэ ТББ Тусгаар тогтнолын ордонын 309 тоотод үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүэ Л.Оюун-Эрдэнийн Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг дараагийн ТББ бол Нийгмийн ардчиллын хүрээлэн юм. Энэ хүрээлэнг 2009 онд байгуулсан Нямаагийн Энхбаатар нь МИАТ компанийн Захиргаа, хууль эрх зүй хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэгэн.

МАН-ын Үүрийн дарга нарын холбоо ТББ-ын тэргүүн нь Жамсрангийн Баатар. 2017 оны есдүгээр сард байгуулсан ТББ-ын тэргүүн тэрээр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгч болжээ.

МАН-ын Залуучуудын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Н.Батсүмбэрэл 2016 оны гуравдугаар сард ТББ-аа байгуулалцсан. Тэрээр одоо НИТХ-ын тэргүүлэгч, Монгол наадам цогцолбор ОНӨААТҮГ-ын захирлаар ажилласан. Үүсгэн байгуулагчдын нэг Даваадоржийн Онолт УИХ-ын гишүүний зөвлөх, Алтангэрэлийн Зулхүү мөн л УИХ-ын гишүүн Н.Учралын зөвлөхөөр ажилладаг. Д.Онолт, А.Зулхүү нар нь Монголын залуу багш нарын холбоо ТББ-ыг үүсгэн байгуулагчид юм.

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар Ганзоригийн Тэмүүлэн ажилладаг. Г.Тэмүүлэн нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон. МАН 2015 оны есдүгээр сард НАМЗХ-ны үүсгэн байгуулагчаар улсад бүртгүүлжээ.

Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбоо ТББ-ын тэргүүн нь УИХ-ын гишүүн асан Дорждугарын Гантулга. Энэ холбоог үүсгэн байгуулагч нь Дундговийн МАН-ын даргаар ажиллаж, мөн энэ холбоог удирдаж байсан Баатарын Амарсанаа юм. 2011 онд улсад бүртгүүлэхдээ ашгийн бус нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэж тодотгожээ.

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын ерөнхийлөгчөөр Цэдэнбалын Цогзолмаа ажиллаж байна. Улсад 2010 оны арваннэгдүгээр сард бүртгүүлсэн энэхүү ТББ-ын ерөнхийлөгч нь өдгөө УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд. Харин үүсгэн байгуулагч Дуламсүрэнгийн Оюунхорол нь УИХ-ын гишүүн бөгөөд жил гаруй хугацааны өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан билээ.

Ардчилсан намын төрийн бусууд

АН-ын үүрийн дарга нарын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга нь АПУ-гийн Г.Батхүү агсан. 2016 оны есдүгээр сард байгуулагдсан энэ холбоог Ерөнхийлөгчийн зөвлөх асан О.Чулуунбилэг, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын гишүүн Л.Нармандах, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Энхтуяа нартай үүсгэн байгуулжээ.

Монголын Ардчилсан оюутны холбоо ТББ-ын тэргүүн нь одоо ч Л.Гүндалай. Тэрээр Ард түмнээ хайрлая намын дарга бөгөөд 2012 оны дөрөвдүгээр сард энэ ТББ-аа улсад бүртгүүлжээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Л.Гүндалай 2016 оны сонгуульд өөрийн намаасаа нэр дэвшээд өвдөг шороодсон.

Монголын Ардчилсан холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхийлөгч .Х.Баттулга. Х.Баттулга Ерөнхийлөгчийн энэ ТББ-ыг 2015 оны долдугаар сард бүртгэжээ.

Ардчилсан нам дахь Монголын ардчилсан холбоо жигүүр ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга нь Жамсрангийн Равдандорж. Тэрээр 2014 онд Төмөртогоогийн Болдбаатарын хамт энэ ТББ-ыг байгуулсан. Тэрээр тухайн үед АН-ын ҮЗХ-ны гишүүн, МоАХ-ын удирдах зөвлөлийн гишүүн, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллав. Харин үүсгэн байгуулагчдын нэг Т.Болдбаатар СХД-ээс сонгогдож НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.

Нэг ардчилал клуб ТББ-ын зохицуулагч Г.Сүглэгмаа өмнөх парламентын үед БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институцийн захирлаар томилогдсон. Харин Нэг ардчиллын үүсгэн байгуулагчид болох Б.Болор Сангийн сайд, А.Ганбаатар Ерөнхийлөгчийн зөвлөх, Лу.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд, Э.Тамир Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд, Б.Пүрэвдорж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга, Д.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн Засаг дарга, Д.Бадарсан Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байлаа.

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо ТББ 2011 онд байгуулагдсан. Холбооны тэргүүн Т.Хасбаатар нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ажиллаж байсан. Одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АН-ын дарга байхдаа түүнийг намаасаа хөөж байсан юм.

Ардчилсантөр ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд үүсгэн байгуулагч нь Дондогдоржийн Эрдэнэбат. Мань хүн одоо УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга. 2012 онд ТББ-аа байгуулсныхаа дараагаар Аж үйлдвэрийн сайд болж мандсан л юмдаг.

Ардчилсан хүчний холбооны хүч клуб ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Чимиддоржийн Чимид-Отгон одоо Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байна.

Улаанбаатар ардчилсан холбоо ТББ 2016 онд байгуулагдсан. Холбооны УЗ-ийн дарга нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Даваагийн Нямхүү. Улаанбаатар ардчилсан холбоо ТББ-ыг байгуулсан хуулийн этгээд нь МоАХ-ны анхдагчдын Дугуйзаал клуб ТББ. Энэ клубын УЗ-ийн дарга нь мөн Д.Нямхүү.

Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбоо ТББ-ын тэргүүн М.Хүдэрбаатар сонгуулийн дараа Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байв.

Шинэ хороо шинэ тосгон ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Батзандан. Тэрээр одоо УИХ-ын гишүүн. Доржийн Эрдэнэбат 2015 оны гуравдугаар сард үүсгэн байгуулсан.

Ардчилсан хүчний холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал нь Ц.Буянцогтоо. 2010 онд Ардчилсан намын 96 гишүүн хамтдаа үүсгэн байгуулсан томоохон ТББ байна. Үүсгэн байгуулагчдаас дурдвал О.Магнай, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Д.Үүрийнтуяа, П.Баярмагнай, Т.Болдбаатар, М.Тулгат, О.Чулуунбилэг, Л.Пүрэвбаатар, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Э.Тамир, Ш.Цогтоо, Д.Пүрэвдаваа, Ж.Батзандан гээд үргэлжилнэ. Өмнөх парламентын үед АН-ын даргаас эхлээд Элчин сайдууд, Засаг дарга нар, Цэцийн гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх хүртэл төржээ.

Ардчилсан эрэгтэйчүүдийн холбоо ТББ гэж 2016 оны арванхоёрдугаар сард байгуулагджээ. Энэ ТББ-ын удирдах зөвлөлийн дарга нь Батсүхийн Баянмөнх. Харин үүсгэн байгуулагч нь Лодойн Алтансүх гэдэг хүн бий. Л.Алтансүх нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч юм.

Ардчилсан хүчний залуучуудын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга нь Гарьдхүүгийн Баярсайхан. Тэрээр 2012 онд Б.Анхбаярын байгуулсан уг ТББ-д М.Алзахгүйтэй хамт 2014 онд нэгдсэн байна. Улмаар 2012 оны сонгуулиар УИХ-д хоёр дахиа сонгогдож, ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга болсны дараагаар Хөдөлмөрийн сайд болсон байдаг.

АН-ын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар Далайжаргалын Батдорж ажилладаг. Тэрээр ТББ-аа 2017 оны гуравдугаар сард З.Гэрэлт-Одтой хамтран байгуулжээ.

Нам бусчуудын төрийн бусууд

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн нь МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар. Ц.Оюунбаатар энэ ТББ-аа 2012 оны есдүгээр сард байгуулсан. Гэхдээ тэрээр МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар Монгол Улсын Шадар сайдаар ажилласныг бид мэднэ. Тэрээр 1985 онд МАХН-ын гишүүний батлах өвөртөлж байсан юм.

Сонгогчдын эрхийг хамгаалах хөдөлгөөн ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар Санжсүрэнгийн Батчулуун ажилладаг. Түүнийг сүүлийн үед Ард түмний онц зөвлөл /АТОЗ/-ийн тэргүүн гэдгээр нь сонссон байх.

Намгүй Монгол хөдөлгөөн ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга нь Лүүрэвийн Өнөрчимэг. Хөлөөрөө зурдаг авьяасыг нь 2000 оны эхээр олон улсад үнэлж байсан. Тэрээр сүүлийн хэдэн жил Сүхбаатарын талбайд болсон олон ч жагсаал цуглаанд оролцсоны дээр 2016 оны сонгуульд нэр дэвшсэн юм. Тэрээр энэ ТББ-аа 2018 оны есдүгээр сард байгуулжээ.

Хувьсгалт намын төрийн бус

МАХН-ын түүхэн замналыг судлах нийгэмлэг ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. 2010 оны арванхоёрдугаар сард тэрээр Д.Жаргалсайхан, Ш.Бэлэгдэмбэрэл, Я.Пунцагцэрэн, Л.Мөнхтөр нартай хамт энэхүү ТББ-ыг үүсгэн байгуулж байжээ.

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнасан гэх асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг гаргана

​​​​​​​Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна” гэж мэдээлсэн.

2 өдрийн өмнө
ИТХ: Хамарын хийд орчмын газрыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

Судалгааны байгууллагын зүгээс 5 сумын нутаг дэвсгэрийг хамруулан улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлсэн бөгөөд Улаанбадрах сумын нутаг 3281.2 га, Эрдэнэ сумын нутагт 11855,8 га, Сайхандулаан сумын нутагт 83568,5 га, Сайншанд сумын нутагт 83568,51 га, Өргөн сумын нутагт 33131,79 га талбайгаар тогтоох боломжтой санал гарсан.

2 өдрийн өмнө
"Прокурорын мөрдөн"-г Засгийн газрын дэргэд сэргээн байгуулна

​​​​​​​Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг шалгадаг байгууллага байлаа. Энэ байгууллагыг өмнөх парламентын үед татан буулгасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас болж хүний эрх хохирох явдлыг нэмэгдүүлсэн.

2 өдрийн өмнө
Т.Аюурсайхан: Гэмт хэргийг өршөөсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа. Тэрээр өмнөх парламентын үед баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл санаачилжээ. Бидний яриа энэ хүрээнд өрнөв.

2 өдрийн өмнө