Cонгуулийн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгожээ

6 өдрийн өмнө
Cонгуулийн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгожээ

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зэрэг нэр бүхий 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр (2019.12.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв.

Хамгийн сүүлд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан бөгөөд уг хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хуулийн дагуу Улсын Их Хурлын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг явуулах явцад хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, сонгуульд оролцогч нам, эвслээс илэрхийлж байсан байна.

Дээрх 3 төрлийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинж чанартай бөгөөд тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг цөөнгүй хүндрэлд хүргэж байсан гэж төслийн үзэл баримтлалд дурджээ.

Иймээс Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн,

- Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх;

- Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1-р сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэх;

- Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх;

- Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох;

- Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.   

  

 

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнасан гэх асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг гаргана

​​​​​​​Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна” гэж мэдээлсэн.

2 өдрийн өмнө
ИТХ: Хамарын хийд орчмын газрыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

Судалгааны байгууллагын зүгээс 5 сумын нутаг дэвсгэрийг хамруулан улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлсэн бөгөөд Улаанбадрах сумын нутаг 3281.2 га, Эрдэнэ сумын нутагт 11855,8 га, Сайхандулаан сумын нутагт 83568,5 га, Сайншанд сумын нутагт 83568,51 га, Өргөн сумын нутагт 33131,79 га талбайгаар тогтоох боломжтой санал гарсан.

2 өдрийн өмнө
"Прокурорын мөрдөн"-г Засгийн газрын дэргэд сэргээн байгуулна

​​​​​​​Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг шалгадаг байгууллага байлаа. Энэ байгууллагыг өмнөх парламентын үед татан буулгасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас болж хүний эрх хохирох явдлыг нэмэгдүүлсэн.

2 өдрийн өмнө
Т.Аюурсайхан: Гэмт хэргийг өршөөсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа. Тэрээр өмнөх парламентын үед баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл санаачилжээ. Бидний яриа энэ хүрээнд өрнөв.

2 өдрийн өмнө