Чингис хааны одонг "The Hu" хамтлагт хүртээлээ

12 өдрийн өмнө
 Чингис хааны одонг "The Hu" хамтлагт хүртээлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.

2018 онд уг одонг хэнд ч хүртээгээгүй бол энэ жилийн хувьд, "The Hu" хамтлагт Монгол бахархлын өдөр буюу өнөөдөр хүртээлээ. Тус хамтлаг өдгөө Монголд байхгүй гадаадад ажилтай яваа тул тус хамтлагийн пропюссер Б.Дашдондог одонг гардан авлаа. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний зарлигаар, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад анх "Чингис хаан" одонг гардуулж байв. Энэ нь Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр анхны Ерөнхийлөгчид гардуулсан онцгой тохиолдол юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт, "Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж "Чингис хаан" одонгоор шагнасугай" хэмээжээ.

 

Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав /2006 он/

Тэрээр, 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөж, амьдралынхаа бүх цаг хугацаанд ард түмний сэтгэлд хоногшсон 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвихын сацуу 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна. Түүний хөгжмийн урлагт оруулсан хөдөлмөрийг үнэлж 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2006 онд Чингис хаан одон, 2019 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

 

Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргил Б.Шаравын бүтээл нь дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ-ын Корнеги холл, Британийн Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад эгшиглэжээ. Түүний "Хоёрдугаар симфони" ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн сонгодог хөгжмийн бүтээл болсон юм. Өнөөдөр Б.Шарав агсны "Хоёрдугаар симпони" тэргүүтэй таван бүтээл бүхий Алтан пянзыг Төрийн түүхийн музейд заллаа. 

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн /2009 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд Чингис хаан одонг хүртээжээ. Ерөнхийлөгчийн зарлигт, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байна.

 

1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан. 1990 оны ардчилсан сонгуулийн дараа БНМАУ-ын Засгийн газрын сүүлчийн ерөнхий сайдаар ажилласан байв. Д.Бямбасүрэн нь Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд түшиг тулгуур болж байсан шилдэг улстөрчдийн нэг юм.

 

Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж /2010 он/

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж улсын баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Р.Гончигдоржид 2010 онд Чингис хаан одонг хүртээсэн.

 

Ерөнхийлөгчийн зарлигт, "Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавьяа зүтгэлийг  үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одонгоор шагнаж байна" гэсэн байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди /2011 он/

 

Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж 2011 онд Чингис хааны одонгоор шагнажээ. 

 

 

Н.Багабанди нь 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг дүүргэж Философийн ухааны дэд докторын цол хүртсэн байна. Тэрбээр, 1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер, 1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгч,1987-1992 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч, Нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байсан. 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын даргын албыг хашиж байв. Харин 1996 оноос 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон юм. 

 

1992-1997 онд Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд, Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодомж, санамж-1998, Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл-2000 зэрэг ном бүтээжээ. Н.Багабанди нь Украйны Хүнсний технологийн улсын академи, Казахстаны Алматыгийн улсын их сургууль, Туркийн  Анкарагийн Их сургууль, Японы Сэншюү Их сургууль, АНУ-ын Индианагийн их сургууль, Монгол Улсын Удирдлагын академийн хүндэт доктор цолтой. 

 

УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл /2012 он/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг хүртээж байжээ.

 

Зарлигт, “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хаан одонг хүртээж байна” гэсэн байна. Д.Дэмбэрэл нь 1992-2016 онд УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдон ажиллаж байжээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном /2013 он/

Д.Содном нь 1984 онд Ю.Цэдэнбалыг огцорсны дараа Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогдож Засгийн газрыг тэргүүлсэн. Түүний засаглалын жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны салбарт ахиц гарч АНУ болон Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй дипломат харилцаа тогтоохын сацуу өөрийн нутаг дэвсгэрээс Зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргаснаар өмнөд хөрштэй хэвийн харилцаатай болох үндэс суурь тавигджээ.

 

1990 оны улс төрийн өлсгөлөнгийн үеэр Улс төрийн Товчооноос огцрохоо мэдэгдэж улмаар Сайд нарын Зөвлөлийн даргын суудлаа орхижээ. АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. "Д.Содном гуай бол Маршал Х.Чойбалсангаас хойших манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан" хэмээн 2013 онд түүнд Чингис хаан одон хүртээх үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж онцолж байв.

 

Эрдэмтэн, физикч Х.Намсрай /2014 он/

Шинжлэх ухааны салбараас хамгийн анх Чингис хааны одон хүртсэн эрхэм бол академич Х.Намсрай юм. Тэрээр, Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажилласан юм. Түүний боловсруулсан "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол" физикийн салбарт шинэ чиглэл гаргажээ. Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна. Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ.

 

Академич Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл туурвиж дэлхийн олон оронд хэвлүүлсэн байна. Мөн олон зуун залуу эрдэмтэн, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан багш юм.

Мөн Х.Намсрай нь 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Эрдэм шинжилгээ, судалгааны гарамгай бүтээл туурвиж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсан их эрдэмтэн юм.

 

Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо /2015 он/

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёо нь Монгол Улсын Төрийн дээд шагнал, Чингис хаан одонг хүртсэн ес дэх эрхэм юм. Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нь 1978 онд УБДС төгссөн.

 

Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г. Мэнд-Ооёо яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македон хэлнээ хөрвүүлэгдсэн, дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд СГЗ цол ,1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубийн шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал авсан аж.

 

Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар /2016 он/

Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэн Г.Ариунбаатар нь 23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Тэрбээр, өнгөрсөн зун “ВВС” телевизийн “Cardiff Singer of the World” тэмцээний финалын үеэр шүүгч Мэри Кингийн сэтгэлийг хөдөлгөн уйлуулж, олны анхаарлыг татсан нэгэн.

 

Өнгөрсөн 2017 онд тэрбээр Өмнөд Солонгос улсад “Кармен” дуурьд хоёр удаа дуулснаас гадна Герман, Улаан-Үд, Москва, Владивосток зэрэг ОХУ-ын хэд хэдэн хотын театрт дуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Төрийн дээд шагнал, Чингис хаан одонг МУГЖ Г.Ариунбаатарт 2016 онд хүртээжээ. 

 

Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр /2017 он/

Найдангийн Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн зуны олимпын Жудо бөхийн төрлөөс эх орондоо олимпын наадмын анхны алтан медалийг авчирсан юм.

 

Түүний дээрх амжилтыг нь үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол хүртээж байсан. Тэрбээр, мөн 2012 оны Лондонгийн олимпын Жудо бөхийн төрлөөс мөнгөн медаль хүртэж олимпын хос медальтан болсон.  Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, Төрийн дээд шагнал- тэргүүлэх зэргийн "Чингис хаан" одонг 2017 онд хүртээсэн байна.

Санал болгох

Амьд хачигтай 9.2 тонн алимыг устгалд оруулав

Импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

5 өдрийн өмнө
Хандгай нэрийн архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Хандгай нэрийн доорхи архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

6 өдрийн өмнө
557698 иргэний өргөдлийн 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ

Нийгмийн халамж, цалин хөлс, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлаар гаргасан өргөдөл гомдлын тоо буураагүй байна

6 өдрийн өмнө