Өмнөговь аймаг мах боловсруулах иж бүрэн үйлдвэртэй боллоо

10 өдрийн өмнө

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гийн хамтран санхүүжүүлсэн Мах боловсруулах үйлдвэр өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ашиглалтад орлоо. Үйлдвэрийн үйл ажиллагааг “Гүүд Рүүт Интертрэйдинг” компани эрхлэн явуулах юм. “Гүүд Рүүт Интертрэйдинг” компани нь Өмнөговь аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”, “Оюу толгой” компанийн хамтран байгуулсан “Бизнесийн инноваци хөгжлийн төв”-ийн Өмнөговь дахь салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалтад хамрагдаж ийнхүү үйлдвэрээ нээж байна.

“Гүүд Рүүт Интертрэйдинг” компанийн нядалгааны цэг бүхий мах ангилан ялгах, боловсруулах, хадгалах үйлдвэрийг нийт 4 тэрбум 775 сая төгрөгөөр барьж байгуулсан бөгөөд “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” нь 975 сая төгрөгийн санхүүжилтийг гаргасан юм. Энэхүү үйлдвэр нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон төсөл төдийгүй тус аймагт эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд малыг төхөөрч, олон улсын чанарын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой боллоо.

Мах боловсруулах үйлдвэр нь өдөрт 100 бог, 20 бод мал нядлах хүчин чадалтай, 200 тонн багтаамжтай бүрэн тоноглогдсон гүн хөлдөөх агуулахтай, микробиологи болон химийн лаборатори бүхий иж бүрэн үйлдвэр юм. Тус үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт шинээр арван ажлын байр бий болж байна. “Гүүд Рүүт Интертрэйдинг” компани Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газартай түүхийн эдийн чанарын шалгалт дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд менежментийн зөвлөх үйлчилгээний “Алтернатив Ренювэйбл Энержи” компанитай хамтран хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс тээвэрлэх явцад бий болох эрсдэлийг үнэлэх тогтолцоо болох “HАССР” стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нэмэлт мэдээлэл: “Оюу толгой” ХХК 2010-2019 оны гуравдугаар улирлын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад 523 сая ам.доллар зарцуулсан. Хамтын ажиллагааны гэрээний тухай: 2015 онд байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу “Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймаг, болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны дөрөвдүгээр сард байгуулж, жил бүр таван сая ам.долларыг Өмнийн Говийн бүс нутгийн хөгжилд зориулан олгож эхэлсэн.

Санал болгох

Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв

Хур тунадасны хувьд  Баян-Өлгий, Баянхонгор аймгийн өмнөд, Ховд, Говь-Алтай аймгийн и

6 өдрийн өмнө
Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Алтан гадас одонгоор шагналаа

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

20 өдрийн өмнө