Эх орноо сурталчилж, экспортын сувгаа тэллээ

2019 оны 12 сарын 112019-12-11

ОХУ-ын Казань хотноо энэ сарын 6-нд АПУ ХК Монгол Улсаа сурталчлах “Монголын нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Үндэсний соёл урлаг, орчин үеийн хөгжил дэвшлээс оросуудад танилцуулах зорилготой тус арга хэмжээнд морин хуурын эгшиг, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний язгуур соёлоос гадна сонгодог урлаг, рок попын төлөөлөл, залуу уран бүтээлчид оролцож эх орноо сурталчиллаа.


 
Хөөмийтэй хослох морин хуурын содон аялгуут тоглолт хэзээнээс л гадаадынхны сонирхлыг татсаар ирсэн бөгөөд хүндэтгэлийн идээ аягалсан аягатай охидын чадварлаг бүжиг зочдыг алмайруулж чадсан юм.


 
Ирсэн зочдод дан ганц үндэсний соёл урлагаас сонирхуулаад зогссонгүй. Дэлхийн дуурийн олимп гэж тодорхойлж болох  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, гоцлол дуучин Э.Анхбаяр, ДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Энхнаран нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав ээж хоёр минь” дууг толилуулж Монголын дуурийн гайхамшгаас толилууллаа.


 
Тэдний араас рок попын төлөөлөл болсон “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, жазз дуучин Наагий нар өөрсдийн хэв маягийг илэрхийлсэн ая дуугаараа ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөж, Монголын орчин цагийн соёл урлагийн чадварыг зочдод мэдрүүлсэн юм.


 
“Монголын нэг өдөр”-ийн танхимд үндэсний гэр сууцаа барьж, үндэсний хувцас загварыг толилуулахын зэрэгцээ дэлхийд алдартай ОХУ-ын уран барималч Даши Намдаковын тал нутгийн анчин, дайчдыг дүрсэлсэн “Жанжин”, “Бай”, “Шонхор шувуутай цэрэг эр” хэмээх гурван уран баримлыг залж, хүрэлцэн ирсэн зочдын оюуны мэлмийг баясгалаа. 


 
Монгол Улсаа сурталчлах энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын Ерөнхий сайдын орлогч Василь Шайхразиев, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын орлогч захирагч О.Мөнгөншагай,  АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Батсайхан, ОХУ-ын “Татспиртпром” компанийн ерөнхий захирал Ирек Миннахметов, нэрт уран барималч Даши Намдаков болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.

Хүндтэй зочид энэхүү соёл урлагийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ түүх, соёл уламжлалаар уялдаатай хоёр орны ард түмний цаашдын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх нь чухал хэмээн цохон тэмдэглэлээ. 


 
Казань хот нь Чингис хааны ач хүү Бат хааны Алтан ордны улс, Казанийн ханлиг, Хаант Орос зэрэг өрнө дорнын их хаад, эзэнт гүрнүүдийн түүхийг агуулсан дурсгалт юм. Үүний хүрээнд тус хотынхон энэ онд Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэж байна. Ойн огноог 12 дугаар сарын 06-ны өдрөөр сонгосон нь Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдсэн утгатай аж.

Казаньд Алтан ордны улсын ойг тэмдэглэхтэй зэрэгцэн Монголын бизнес, урлаг соёлынхон тус хотод “Монголын нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулсан нь сайхан давхцал гэдгийг зочид төлөөлөгчид илэрхийлж байлаа.

Мөн соёлын өдөрлөгийн өмнө АПУ ХК болон “Татспиртпром” компанийн хооронд худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “Татспиртпром” компани АПУ ХК-ийн “Чингис Хаан” брэнд бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаална. Харин АПУ ХК нь хойд хөршид хамгийн өндөр борлуулалтайд тооцогддог “Тундра” брэндийн бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэнэ.


 
АПУ ХК Оросын компанитай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, худалдаалах замаар ОХУ-ын зах зээл дэх байр сууриа илүү тэлэх зорилт тавьж байгаа юм.

Монгол Улсын имижийг дээшлүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээ нь Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотуудад болсон цуврал хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд  ирэх онд бусад томоохон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
 


 
 


 
 


 
 


 
 


 
 


 

Санал болгох

2020 оныг Экспортыг нэмэгдүүлэх жил болгож зарлалаа

Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм.  

5 өдрийн өмнө
Петрочайна Дачин Тамсагийн удирдлагуудыг Төрийн ордонд дууджээ

Улмаар энэ сарын 10-ны өдөр Чойбалсан хотод талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Үүний дараа Б.Түвшинжаргал, Б.Цэгмид, Г.Адилбиш нараар удирдуулсан жагсагчид газрын тосны 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хаагаад байна.

6 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц өсч, түүхэн дээд түвшиндээ хүрчээ

2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирлээ.

11 өдрийн өмнө
2019 оны НӨАТ-ын баримтын бүртгэл өнөөдөр хаагдана

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна.

12 өдрийн өмнө