Д.Одбаяр: Намайг ямар нэгэн байдлаар буруутгахад л чиглэж тасдаж мэдээлж байсан

6
2019 оны 12 сарын 122019-12-12
Д.Одбаяр: Намайг ямар нэгэн байдлаар буруутгахад л чиглэж тасдаж мэдээлж байсан

Time.mn сайт таны цагийг хэмнэх үүднээс өглөө бүр өдөр тутмын сонинд нийтлэгдсэн ярилцлагуудаас эшлэл оруулж байна. Өнөөдөр сонинд нийтлэгдсэн “Д.Одбаяр: Камерийн бичлэгээр нотлогдвол би өөрөө Цэцийн гадаа зогсоод өндөг шидүүлье ” гарчигтай ярилцлагадаа ийн хэлжээ.

ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр, “Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулдаг. Тэр зараар би сэрж, гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон. Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан. Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл “Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн” гэж хэлсэн. “Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна” гэдгээ тайлбарласан. Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад “Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн” гээд суудлын дугаарыг нь хэлсэн. Би тэр хүнтэй хамт яваагүй гэдгээ хэлсэн. Энэ хооронд би “Хүн андуурч дээ л...” гэж бодсон. Нүдний шилтэй, шилгүй хоёр хүнийг андуурахдаа яах вэ дээ гэж уур ч хүрлээ. Тэгээд уучлалт гуй, гуйхгүй гэсэн яриа болж байснаа “хэрвээ уучлалт гуйхгүй бол цагдаа дуудна” гэсэн. Би шууд л “дууд, харин та нарыг хүн гүтгэлээ гэж цагдаад чинь хэлнэ, дууд” гэсэн. Ингээд миний зөвшөөрснөөр цагдаа дуудахаар болсон. Цагдаа дуудахыг зөвшөөрсөн бичгэн дээр надаар гарын үсэг зуруулсан. Онгоц газардахад энгийн хувцастай хүмүүс орж ирсэн. Энэ үед нөгөө дарамтлуулсан гэх үйлчлэгч орж ирээд яг миний ард сууж явсан зорчигч руу заагаад юм ярьсан. Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан. Энэ үйл явдлыг болон миний арын суудлын хүн дээр асуудал гарч маргаан болж байгааг бидний ойр хавьд сууж явсан зорчигчид бүгд харсан. Гэрчүүдтэй үйл явдал. Тэгээд удалгүй гарч, онгоцны хоолойн шатны тэнд нилээн яриа болж байгаад намайг “Та яв, харин энэ хүнийг чинь авч үлдэнэ” гэсэн. Монгол хүн чинь нэгнээ хамгаалах ёстой биз дээ.  Тэгэхээр нь би “Та нар гэмгүй хүнийг баривчилж саатуулж болохгүй” гэж маргасан.

Солонгост энэ төрлийн хэргийг ихэнхдээ камерын бичлэгт үндэслэж  шийддэг юм билээ. Хэрвээ нотлогдвол шууд Эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна. Миний нэр холбогдсон гэх хэргийн тухайд Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж Инчеоны прокурорын төлөөлөгч телевизээр ярьсныг та бүхэн үзсэн байх. Ер нь бол Манай Монголд аймгууд руу явдаг тендерийн машинууд зарим нь камертай байхад, КАЛ шиг дэлхийн хэмжээний том авиа компанийн, тэгээд олон улсын нислэг нь камергүй явна гэж байхгүй.
Солонгосын ч, Монголын ч хэвлэлээр миний мэдүүлгийг хагас дутуу, ерөнхийдөө намайг ямар нэгэн байдлаар буруутгахад л чиглэж тасдаж мэдээлж байсан ” гэжээ.

Өнөөдөр сонин, 2019.12.12
 

Санал болгох