Т.Аюурсайхан: Гэмт хэргийг өршөөсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болгоно

11
2019 оны 12 сарын 62019-12-06
Т.Аюурсайхан: Гэмт хэргийг өршөөсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болгоно

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа. Тэрээр өмнөх парламентын үед баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл санаачилжээ. Бидний яриа энэ хүрээнд өрнөв.


-Хуулийн төсөл боловсруулж байгаагаа МАН-ын бүлэгтээ танилцуулсан уу?

-Хуулийн төслөө боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. УИХ-д өргөн бариагүй төсөл учраас намын бүлгээс санал авах болоогүй.

-Тэр хуулийг хүчингүй болгохыг дэмжсэн гишүүд хэд байна. Тоолж үзэв үү?

-Тоо гаргаагүй. Дэмжиж байгаа гишүүд нэлээд байгаа шүү. Өргөн барихдаа хүрвэл бусад гишүүнтэй хамт өргөн барина.

-Таны харснаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль татварын өршөөл болсон уу, эрүүгийн өршөөл болсон уу?

-Аль аль нь. Татварын өршөөл мөртлөө түүний цаана байгаа мөнгө угаах гэмт хэргийг өршөөсөн.

-Ил тод байдлыг дэмжих хууль гэсэн хур орлогоо нууж байсан аж ахуйн нэгжүүдийн нэрийг, төлөх ёстой байсан татварыг нь олноос нуусан. Нэмээд татвараас зайлсхийсэн тэдгээр аж ахуйн нэгжүүдийн үйлдлийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлсөн. Эргэж сөхөх, шалгах, гүйцэтгэх ажил явуулахыг хориглож, төрийн нууцад хамруулсан. Үүнээс болоод ямар нөхцөл байдал нүүрлэсэн учраас энэ хуулийг хүчингүй болгох гээд байна вэ?

-Хуулийн зорилго, үзэл баримтлал нь өөрөө эдийн засгийн ил тод байдлыг дэмжих. Өөрөөр хэлбэл, хөрөнгөө, орлогоо үнэн зөвөөр мэдүүлэх, тэрнийхээ төлөө хуульд заасан татвараа шударгаар төлөх процессыг дэмжих зорилготой хууль болж гарах ёстой байсан. 2005-2015 онд татварын тайлангаа хуулийн хугацаанд ирүүлээгүй үндэслэлээр 4 тэрбум 145 сая төгрөгийн торгууль, хуулийн хугацаанд төлөөгүй үндэслэлээр 30 тэрбум 979 сая төгрөгийн торгууль, татварт ногдох орлогоо буруу тодорхойлсон үндэслэлээр 260 тэрбум 223 сая төгрөгийн торгуулийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд ногдуулсан. Ингээд төлүүлсэн мөртлөө араас нь хууль гаргаж, татвараа төлөхгүй, хөрөнгө орлогоо мэдүүлэхгүй байсан нөхдийг татвар болон аливаа хариуцлагаас чөлөөлчихсөн. Ингэж далд хөрөнгийг өөгшүүлэх, шалгахгүй байх, нууцлах, татвараас чөлөөлөх хууль болгосон. Ийм учраас хөрөнгө орлогоо үнэн мэдүүлж, татвараа шударгаар төлж байсан аж ахуйн нэгжүүдийн хүсэл эрмэлзлэлийг мохоосон хууль болсон гэж үзэж байна. Ил тод байдлыг нь дэмжих биш нуусныг нь дэмжсэн энэ хуулийг хүчингүй болгох шаардлагатай. Тэгэхгүй бол “Татвараа төлөхгүй, хөрөнгөө нуугаад байвал улстөрчид иргэдэд таалагдах гээд өршөөлд хамруулах юм байна” гэсэн сэдэл төрүүлнэ. Энэ эргээд далд эдийн засаг бий болох суурийг зузаатгана.

Хоёрдугаарт, ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 34.7 их наяд төгрөг мэдүүлэгдсэн. Энэ нь Монгол Улсын нийт эдийн засгаас 1.5 дахин их мөнгө. Энэ мөнгө Монголын эдийн засагт байгаагүй. Харин гадаадаас эх үүсвэртэй мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийн мөнгийг оруулж ирээд хууль ёсных болгож, эргэлдүүлсэн. Хоёрдугаарт, ирээдүйд төлөвлөсөн гэмт хэргийн мөнгөө урьдчилаад мэдүүлчихсэн. Үүнээс болоод саарал жагсаалтад орсны хохирлыг улсаараа үүрч байна.

-FATF, APG зэрэг байгууллага Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиас болж Монгол Улсыг эрчимтэй хяналтад, улмаар саарал жагсаалтад оруулсан гэсэн албан ёсны санал дүгнэлт байдаг уу?

-Мөнгө угаах гэмт хэргийг шалгаж тогтоосон, шүүхээр шийдвэрлүүлсэн тоон баримт алга. Энэ бүхэн чинь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиас болсон байна гэж FATF, APG удаа манайханд сануулж байсан. Дараа нь Монгол Улс саарал жагсаалтад орсны дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиас болсон гэдгийг шууд хэлж байна лээ.

-Х.Энхжаргал хурандаа АТГ-ын даргын ажлаа өгөхөөсөө өмнө Төрийн ордонд “Намайг АТГ-ын даргаар томилогдож ажилласнаас хойшхи хоёр жил 10 сарын хугацаанд авлигын индекс 72 байснаа 83, 103, энэ жил арай дээр 93 болсон. Энэ индекс олон үзүүлэлтээр гардаг. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ баахан замбараагүй үрчихээд, өнөөхөө 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаад 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Хууль бус, өөрөөр хэлбэл хууль ёсоор тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргачихсан. Энэ нь олон улсын бүх байгууллага дээр очоод үндсэндээ Монголын нэр пад хар болсон. Энэ 33 их наяд дээр гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж болохгүй хаалттайгаар Татварын ерөнхий газарт нууцлалтай байгаа. Үүнийг Ерөнхий прокурорын зөвшөөрсний дагуу АТГ тоонуудтай хальт танилцсан. 33 их наяд гэхээр ямар их хөрөнгө билээ. Энэ нь өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн” гэж байсан.

-34.7 их наяд төгрөгтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхийг хориглож, нууцласан заалт оруулсантай холбоотой. Хуулийн байгууллага шалгаж чадахгүй байна. Тэр байтугай Татварын ерөнхий газарт хадгалж байгаа тэр мэдээлэлтэй хэн ч танилцах эрхгүй. Танилцах эрхгүй учраас шалгах боломжгүй байна. Дээр нь ОУВС-гаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын үнэлгээг хоёр үе шаттай хэрэгжүүлж, хөрөнгийн дутагдалтай зарим банкинд өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөн даалгавар өгсөн. Энэ дагуу зарим банк 650 сая тэрбум гхаруй төгрөгөөр эрсдэлийн сангаа нэмэгдүүлсэн боловч Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хөрөнгийн эх үүсвэрээ тайлагнах шаардлагагүй гэсэн. Үүнийг нь нягтлах ямар ч боломжгүй болсон.

-Жишээ нь, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдсан шалтгаанаар шалгаж чадахгүй байгаа талаар хэвлэлд бичсэн байна лээ.

-Энэ асуудал энэ хуультай холбоотой гэж бодохгүй байна. Монголбанкнаас олгосон эрх, Засгийн газраас олгосон зээл, төрийн өмчит аж ахуйн нэгжээс олгосон хөрөнгө болон хувь аж ахуйн нэгжийн хөрөнгө аль нь вэ гэдгийг тогтоох асуудал байгаа.

-Хуулийг хүчингүй болгосноор нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

-Энэ хуулийг баталснаар татвараа шударгаар төлсөн нь хохирч, төлөөгүй нь завшсан. Аль болох нууж, буруу мэдүүлж байгаад улстөрчдийг, улс төрийн намыг хахуульдаж байгаад хууль гаргуулаад хааж болох юм байна гэдэг сэдэл бий болсон. Хүчингүй болгох шаардлага нь энэ. Ингэж байж нийгэмд тэгш байдал бий болно. Бүгдээрээ татвараа төлдөг, шударгаар хөдөлмөрлөдөг, хариуцлагаа үүрдэг байх ёстой. Хоёрдугаарт, 34.7 их наяд төгрөгийн эх үүсвэрийг тогтоож, авлига, албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэг, түүний сүлжээг илрүүлж, таслан зогсоох боломжтой болно. Гуравдугаарт, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, FATF-ын зөвлөмжийг биелүүлж, улсаараа саарал жагсаалтаас гарах боломжтой болно.

-УИХ-ын Тамгын газраас энэ хуулийг батлах үеийн протоколыг гаргуулж, уншиж үзэв үү?

-Хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-нд баталсан. Батлахдаа ээлжит бус чуулган зарлаж баталсан. Ээлжит бус чуулганаар нэн яаралтай асуудлыг хэлэлцэн батлах ёстой байдаг. Би тэр хэлэлцүүлгийн протоколтой нэг бүрчлэн танилцсан. Улстөрчдийг шалгахгүй биз дээ, улстөрчдийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийг шалгахгүй биз дээ гэж удаа дараа асууж байж баталсан. Тухайн үеийн Хууль зүйн сайд нь Эрүүгийн хуулийн ямар ч ял шийтгэл оноохгүй, асуудалгүй гэж ойлгож болно гэж ярьсан нь энэ хуулийн зорилго, үр дагавар өөр зүйлд чиглэснийг харуулж байна.

-Энэ хуулийг хүчингүй болголоо гээд эргээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болох юм уу. УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Орууллаа гэхэд эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль хэрэглэж сөхөх боломжгүй биз дээ. Адаглаад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг яах бол?

-Хэргийг илрүүлэхэд л хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, шүүхийн хэдэн ч шат дамжиж, буцсан хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар өөрчлөх гэж л байна. Одоо байгаа хууль дээр ч хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд зэргээр нь ялгаж хөөн хэлэлцэх хугацаа харилцан адилгүй. 34.7 их наяд төгрөгийн цаана байгаа хэргүүд гэмт хэргийн аль ангилалд орохыг мэдэхгүй шүү дээ.

-Ер нь бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болгож, МАН 2020 оны УИХ-ын сонгуулиар баахан аж ахуйн нэгж, тэдгээрийн улстөрч эздийг зарлаж улстөр хийх нь гэсэн хардлага байгаа.

-Хэн ямар татвар төлж байгаа нь байгууллагын нууц бөгөөд Татварын ерөнхий газар хадгалж хамгаалдаг. Шаардлагатай бол хуулийн байгууллага шалгадаг хууль тогтоомжтой. Миний зүгээс татварыг тухайн үедээ төлөөгүй, зугтсан байдлыг өөгшүүлж болохгүй гэсэн л байр суурьтай байгаа. Үүний цаана гэмт хэргийн улмаас олсон, ирээдүйд гэмт хэргээр олох мөнгөө мэдүүлсэн байдлыг ялгаж салгаад тогтоогоосой гэж хүсч байгаа.

-Өмнөх парламент нь “Та нар гудсан дороо нуусан мөнгө, хөрөнгөө татвар, улсын бүртгэлдээ бүртгүүлчих. Нэг удаад бүх хариуцлагаас чөлөөлье” гээд хууль гаргачихдаг. Дараагийн парламент нь “Ингэж даврааж болохгүй. Бүгдийг нь шалга, татвараа ав” гэж болох уу. Парламент хоёр байж болно, улсын бодлого нэг, төрийн нүүр нэг байх ёстой биз дээ?

- Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Зарим нь татвараа төлдөг, зарим нь төлөхгүйгээр хариуцлагаас чөлөөлөгддөг байж болохгүй. Төрийн бодлого өөрөө зөв, зарчимтай, Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Тийм бодлогыг боловсруулж, мөрдүүлсэн үү гэвэл үгүй. Төрийн буруу бодлогыг залруулж явах ёстой. Хамгийн гол дээдэлж, залгамжилж явах ёстой зүйл бол хүн бүрийн тэгш байдлыг хангах. Төрийн бодлогыг хэсэг нөхөр ашиг сонирхолдоо нийцүүлж гаргаж болохгүй гэдэг дээр төрийн бодлого нь хатуу байх ёстой. Төр буруу бодлого өчнөөн гаргадаг. Түүнийгээ залруулдаг. Ойрхноос нь дурдвал, Оюутолгойн гэрээ. УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөөд Оюутолгойг гэрээг судлуулж байна. Өмнөх УИХ, Засгийн газрын шийдвэрийг дараагийнх нь засч, залруулах ажил зөндөө л явдаг. Энэ бол үүний л нэг хэлбэр.

-Энэ хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгч байсан уу?

-Мэдэхгүй байна. Ер нь бол боломж нь байгаа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Санал болгох