Б.Өнөмөнх: Хуульчдын холбоо ярьснаар, өмөөрснөөр хуульчдын нэр хүнд дээшлэхгүй

11
2019 оны 12 сарын 122019-12-12
Б.Өнөмөнх: Хуульчдын холбоо ярьснаар, өмөөрснөөр хуульчдын нэр хүнд дээшлэхгүй

 

Монголын Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгч Батсайханы Өнөмөнх анхны ярилцлагаа Time.mn сайтад өглөө. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт нартай өрсөлдөж, Хуульчдын холбооны ерөнхийлөгч болсон юм.


-Корпорэйт конвэйншн центрт Хуульчдын холбооны ээлжит их хурал болоход би очиж суусан л даа. Бас хэд хоногийн өмнөөс хуульчдын яриа сэтгэгдлийг сонсч байсан. Хуульчдын холбооны ерөнхийлөгч байсан Б.Гүнбилэг, Тамгын дарга Ц.Ганболд болон холбооны ерөнхийлөгч Ж.Хунан нар өв залгамжуулах маягаар найз Б.Өнөмөнхийг төлөөлөгчдийн хайрцагласан саналаар ерөнхийлөгч болголоо гэдэг шүүмжлэл явсан. Нэгэнт та ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа учраас шуудхан л “Таныг энэ хүмүүс сонгуулсан уу” гэж ярилцлагаа эхэлмээр байна.

-Б.Гүнбилэг ерөнхийлөгч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн манай нөгөө ангийн залуу. Ц.Ганболд дарга манай ангийнх. Хүмүүс тэгж харах нь аргагүй. Манай төгсөлт онцлог гэж би хардаг. Яагаад гэвэл, таван жилээр бэлтгэгдсэн анхны элсэлт учраас хамт удаан байсан. Нөгөө талаар нийгмийн идэвх сайтай, урлаг соёл, спорт, мэтгэлцээний тэмцээндээ бүгд хичээж оролцдог төгсөлт. Их сургуулиудын нэрэмжит, МУИС доторх уралдаан тэмцээнүүдэд оролцож, ихэнхдээ түрүүлдэг оюутнууд байсан. Сайн багш нараас эрдэм олж, бүгд л сайн сайхан явсан. Бүгд хуулийн салбарын тогоон дотроо ажилласан учраас нөхөрлөлөө хадгалж, харилцаа хамтын ажиллагаатай явсан. Хуульчдын холбооны их хуралд өмгөөлөгчид төлөөллөө өөрсдөө сонгож, шүүгч, прокурор, бусад хуульчид төлөөлөгчөө өөрсдөө сонгож оролцуулсан. Тус тусын мэргэжлийн хуульчдаа төлөөлж хариуцлагатайгаар ирсэн хүмүүсийг хайрцаглана гэдэг юу л бол. Хуульчид харьцангуй бие даасан, түс тас, хариуцлагатай хүмүүс шүү дээ. Тэгээд ч Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн албан тушаал сонгогддог болохоос шилжүүлдэг, томилдог албан тушаал биш шүү дээ. Ж.Хунан ерөнхийлөгч МУИС-д биднийг элсэхэд хоёрдугаар курст байхдаа Унгар руу шилжиж суралцсан гэдгийг бүр сүүлд мэдсэн. Бид Хууль зүй, дотоод хэргийн яаманд байхад нь танилцаж байсан.

-Хуульчдын холбооны ерөнхийлөгчид дөрвөн хүн нэр дэвшсэн. Гадаадын иргэн харьяатын байцаагч залуу Хуульчдын холбооны ерөнхийлөгч боллоо. Та мөрийн хөтөлбөрөө хоёр жилийн хугацаанд биелүүлэх ёстой. Ажилдаа шуурхайлан орсон байж таарна. Юунаас эхэлж байна?

-Би таван зарчим дэвшүүлсэн. Эв түнжинтэй байцгаая, нөлөөтэй байя, ажил хэрэгч байя гэх мэт. Хуульчдын холбоо ажилласан зургаан жилийн хугацаанд бичиг цаасны ажлууд эмх цэгцэндээ орчихсон байна. Дотоод ажил нь харьцангуй бэхжиж, гадаад харилцаагаа тэлсэн байна. Ийм болсон байгууллага цаашдын 5, 10 жилд яах ёстой вэ гэдэг стратегийн бичиг баримт дээр ажиллаж байна. Хуульчдыг дагнан мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага байна. Гэр бүлээр, татвараар, эрдэс баялгаар, худалдааны эрх зүйгээр мэргэшсэн хуульчид хэрэгтэй байна. Бүгдийг “чаддаг” хуульчдаас тухайн хэрэг, маргааны төрлөөр дагнан мэргэшсэн хуульч сайн үйлчилгээ үзүүлж чадна шүү дээ.

-Таны Гадаадын иргэн харьяатын байгууллагад ажиллаж байсан юм байна. Та өмгөөлөгч хийж байсан уу?

-Би 2005 онд Гадаадын иргэн харьяатын албанд ажилд орсноос хойш 2019 оны аравдугаар сар хүртэл тасралтгүй ажилласан. 2008 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө төрийн албан хаагчийн давхар ажил эрхлэхтэй холбоотой асуудал нээлттэй байсан. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдаж мөн хязгаарлалт тавьсан. Үүнээс өмнө найзуудтайгаа нийлээд эрх зүйн лавлах ном хийж, эрх зүйн туслалцаа хүмүүст үзүүлдэг байсан. 2008 оноос хойш яг л төрийн албандаа, эрдэм шинжилгээний ажил хийх, хууль боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах зэргийг хийсэн гэсэн үг.

-Д.Батсүх, Б.Гүнбилэг, Ж.Хунан гээд гурван ерөнхийлөгч Хуульчдын холбоог удирджээ. Энэ хүмүүсийн бий ажлыг дүгнээд хэлбэл ямар бол?

-Хуулиараа Хуульчдын холбооны ерөнхийлөгч хоёр жил ажилладаг. Д.Батсүх ерөнхийлөгч хоёр жилийн богинохон хугацаандаа зохион байгуулалтыг сайжруулах, дүрэм журмыг боловсруулах ажлыг хийж дуусгасан. Б.Гүнбилэг ерөнхийлөгчийн хувьд холбоогоо дотооддоо хүлээн зөвшөөрүүлэх, илүү бэхжүүлэх, гадагшаа байр сууриа илэрхийлж, таниулах чиглэлээр ажилласан. Ж.Хунан ерөнхийлөгчийн чиглэлээр өмнөх ерөнхийлөгч нарын ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр түлхүү ажилласан гэж хардаг. 2018 онд Ази, номхон далайн бүсийн уулзалтад оролцож, 2020 онд 33 дахь чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах эрхийг авсан байна. Дэлхийн 40 гаруй улсын 2000 гаруй хуульч оролцдог томоохон арга хэмжээ зохион байгуулах эрхийг Монгол Улс авсан байна. Манай хуульчид цаас нухаж суудаг мэргэжлийн онцлогтой учраас техник технологийн хэрэглээ, мэдлэг тааруу улсууд. Би хууль зүйн салбарт цахим шилжилт хийх тал дээр анхаарч ажиллана гэж бодож байгаа. Цахим шилжилтийг ашиглан мэдээллийг маш хялбар, шуурхай болгох, хуульчдын нийгмийн оролцоог сайжруулах, хуулийн бодлогод хуульчдын байр суурийг маш сайн тусгадаг болгох талаар төвлөрч ажиллах бодолтой байгаа.

-Ц.Нямдорж сайд Өмгөөллийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Элдэв зүйл ярилгүй “томоотой” байвал батлуулахгүй гэсэн тохироог Ж.Хунантай хийсэн байж. Тэгээд Ж.Хунан чимээгүй байж байтал бүрэн эрхийн хугацаа нь дуусахтай зэрэгцэн тэр хуулийг батлуулчихлаа. Энэ хугацаанд холбоогоо авч үлдэх гээд чимээгүй байсан нь сүүлд буруутгагдах шалтгаан болсон байх л даа. Таны хувьд Өмгөөллийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан үед Хуульчдын холбооны ерөнхийлөгч болсон онцлогтой. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хуульд хориг тавьсан, УИХ удахгүй хоригийг хэлэлцэнэ. Одоо яая гэж бодож байна?

-Нүүдэлчид хоорондоо хашаа барьж, юмаа тусгаарлах дуртай улсууд юм. Суурьшмал соёл иргэншилд шилжээд монголчууд удаж байна. Хуульчид нэг зорилготой, нэгдэж дуугардаг, хамтдаа бүтээдэг байхын тулд өөрөө удирдах ёсны мэргэжлийн байгууллага нэг байх чухал. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчид нэг холбоонд нэгдээд эрх зүйн хөгжилдөө хувь нэмрээ оруулаад зургаан жил болж байна. Өмгөөллийн хуулийг баталсан нь зөв. Өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, шүүхийн өмнөх шат болон шүүхийн шатанд ажлын гүйцэтгэлээ гаргахад нь дэм болох тал дээр энэ хууль гарсныг Хуульчдын холбоо дэмжиж байгаа. Өмгөөлөгчдийн холбоо гэж тусдаа төрийн бус байгууллага байгаад Хуульчдын холбоотой чиг үүрэг нь давхцахгүйгээр ажиллах нь ч зөв. Харин хэсэг бүлэг сонирхлын зөрчилтэй хүний нөлөөллөөр Өмгөөллийн тухай хуульд зарим зүйл заалт орсон байна. Өмгөөлөгчдийн холбоог хуулиар байгуулчихаар Хуульчдын холбооны гишүүдийн 40 хувийг бүрдүүлдэг өмгөөлөгчид тэнд харьяалагдаж таарна. Тэр холбоо тусдаа татвар, хураамжтай байж таарна. Цаад агуулгаараа өмгөөлөгчдийг бусадтай хагалган бутаргах санаа зорилго байгаа. Монголын Хуульчдын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүрэн дэмжиж байгаа.

-Өмгөөлөгч нарын ажлаа явуулахад учирч буй саадыг процессын хуулиудаар зохицуулж болно гэж яриад байгаа. Хэрэв Өмгөөллийн хууль энэ хэвээрээ явчихвал Хуульчдын холбооны ямар эрх мэдэл, эд хөрөнгө байхгүй болчих гээд байна вэ?

-Эрх мэдэл, эд хөрөнгийн амбиц биш ээ. Хуульчдын холбоо үйл ажиллагаагаа хороодоор дамжуулж хэрэгжүүлдэг. Өмгөөлөгчдийн хороогоор зохицуулж болох ажлыг Өмгөөлөгчдийн холбоо болгоод тусдаа гаргах гээд байна. Болж байгаа ажлыг заавал нэг байгууллага үүсгэж байж хийлгэх нь буруу. Өмгөөлөгчдийн хороотой холбоотой ажил хэр хийгдэж байсан юм бэ гэдэг тусдаа. Өмгөөлөгчдийн хороо муу ажилласан гэдэгтээ тулбал муу ажиллуулсан шалтгаан нь тэд өөрсдөө. Муу болгож харагдуулж байгаад Өмгөөлөгчдийн холбоог байгуулна гэдэг бүр муу ажил. Зарчмын шинжтэй өөрчлөлт, шинэчлэлт ерөөсөө биш. Нийтэд тустай ажил, төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг холбоогоор биш хороогоор хийгээд явах боломжтой.

-Прокурор, шүүгч нарын мэргэжлийн хариуцлага, ёс зүйн зөрчлийг хэлэлцдэг хороо нь Хуульчдын холбоо биш тус тусын төрийн байгууллагадаа байна. Гэтэл өмгөөлөгчидтэй холбоотой асуудлыг Хуульчдын холбоогоор хэлэлцээд байна. Энэ нь өөрөө шударга уу?

-Энэ ийм, тийм байна гээд Өмгөөлөгчдийн холбоо руугаа чиг үүргээ татаад шийддэг байя гэж байна. Өмгөөллийн үйл ажиллагаа өөрөө өвөрмөц. Өмгөөлөгчдийн ажил өөрөө чөлөөтэй сэтгэж боддог, бөхөөр бол цацаа цалгиа ихтэй. Хүнийг задалж, хөгжүүлдэг. Одоо байгаа мэргэжлийн хариуцлагын хороонд шүүгч, прокурор, судлаач, өмгөөлөгч гээд олон талын оролцоо бий. Хараат бус, хамтын шийдвэр гаргадаг. Хэрэв өөрөө өөрсдийнхөө мэргэжлийн хариуцлагыг шийдээд эхэлбэл сонирхлын зөрчилд автах, нөлөөлөлд автах, хариуцлага тооцож чадахгүйгээсээ үүдээд хуульчдын нэр хүнд унах эрсдэлтэй. Сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороо гэсэн бие даасан институцийг бий болголоо. Тэгэхээр шүүгчид шүүгчдийнхээ асуудлыг дангаараа шийдэхгүй болж байна.

-Хуульчдын холбоо эрх зүйч бэлтгэж байгаа их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилнэ гэдэг хуультай. Энэ чиг үүргээ өдий хүртэл хэрэгжүүлж чадаагүй. Боловсролын яамтайгаа ойлголцож чаддаггүй юм уу?

-Магадлан итгэмжлэл өөрөө өргөн хүрээтэй асуудал. Сургуулийн анги танхим, дотуур байр, багш нарын ажиллах орчин, орон тоо, сургалтын хөтөлбөр, чанар гээд олон зүйлийг багтаасан сав. Шуудхан хэлэхэд Хуульчдын холбоо үүнийг хийж чадахгүй. Харин хууль зүйн сургуулиудын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх ажлыг холбоо хийж чадна. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд энэ чиглэл рүү л ажиллаж болно. Анх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа л Боловсролын тухай хуультай зөрчилдсөн том агуулгаар нь магадлан итгэмжлэлийг оруулсан байна лээ.

-Хуулийн бус зүйл яриад явдаг, хуульчид руугаа улстөрийн өнцгөөр дайрдаг Хууль зүй, дотоод хэргийн сайдтай. Та харьяа байгууллагад нь ажиллаж байсан хүн. Буруу зөрүү мэдээлэлд нь хуульчдын нийтлэг эрх ашгийг төлөөлөөд тайлбар хэлчихэж болдоггүй юм уу?

-Сайдын тухайд Хуульчдын холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих талаар байдаг. Хууль зүйн салбарыг хариуцдаг салбарын яам байгаа учраас хүссэн хүсээгүй хамтарч ажилладаг. Бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй ч улстөрчийн мэдэгдэл бүрийн араас асуудлыг сөргүүлэн тавиад байх өөрөө зохимжгүй.

-Захиргааны шүүгч нар тарифтай, шүүх авлигад идэгдсэн, шүүгч нарын хүүхэд хар тамхи зөөдөг. Өөрсдөө хэрэгт холбогдсон гээд багагүй дуулиан дэгдэж, нэр хүнд нь уналаа. Энэ хэрээр шүүхэд итгэх итгэл суларна. Зөрүүлээд ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүгч нарыг хольж, сольдог хууль баталсан. Хуульчдын холбоо дуугаралгүй өдийг хүрсэн. Хуульчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах гэж байгаа юм бол прокурор, шүүгч гэх мэт дураараа ярьж болдоггүй гишүүдээ өмгөөлөөд дуугарч болдоггүй юм уу?

-Хандлагаа өөрчлөх, ажлаа шударгаар хийх, ажлын үр дүн чанартай байх зэрэг нь хуульчдын нэр хүндийг авч гарна. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг янз бүрийн хүн манай салбарт байгаа. Ярьснаар, өмөөрснөөр хуульчдын нэр хүнд дээшлэхгүй. Хийснээр, үр дүн гаргаснаар дээшилнэ. Улс төртэй холбоотой, популизмтай холбоотойгоор хуульчдын нэр хүндэд халдаж байгаа зүйл бий. Бид мэдэж байгаа. Ийм ярианд иргэд итгэхээ больсон. Гар дээр тавих баримт, судалгаа байгаа юм уу, тэдэнд. Энэ бол давж гарах ёстой даваа. Популист чиг хандлага, барьцамтгай, хардамтгай байдал нь өнөөгийн нийгмийн чиг хандлагаас шалтгаалж байна.

-Таны ярианаас Хуульчдын холбоо бол хуульч хамгаалдаг биш хуульчдын нийтлэг эрх ашгийг хамгаалдаг байгууллага гэж ойлгох нь зөв үү?

-Тийм ээ. Бид зарчимдаа үнэнч, шударга, хүний эрх, эрх чөлөөг дээшилдэг, нээлттэй байх ёстой. Тэрнээс биш сошиалаар гарсан хов, Бат, Дорж хоёрын хэрэг болгонд тайлбар хийгээд байх шаардлагагүй.

 

 

Санал болгох

Ч.Хүрэлбаатар ₮3.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр байна

4 цагийн өмнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

5 цагийн өмнө
Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ.

11 цагийн өмнө
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

12 цагийн өмнө