Шууд торгохын оронд эхлээд сануулдаг Зөрчлийн хуультай болно

2019 оны 12 сарын 132019-12-13
Шууд торгохын оронд эхлээд сануулдаг Зөрчлийн хуультай болно

 

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Анхаарал татсан нь бүтэн жил маргаан дагуулж, олны шүүмжлэлд өртсөн “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой асуудал байв. Гишүүн юу ярьсныг хүргэе. Хуулийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэх юм.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ш.Раднаасэд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар гуравт хариуцлага тооцох ёстой

-2015 оны тавдугаар сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараа аравдугаар сарын 20-ны байдлаар 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүний үр дүнд 1200 гэмт хэрэгтэн бидний дунд ял зэмгүй явж байна. Авлига албан тушаалын 42 гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Энэ дунд оймсондоо авлигын мөнгөө нуусан нөхөр ч хэрэг нь хэрэгсэхгүй болоод явж байгаа. Би 629 гэдэг тоог шүүх, прокурорын байгууллагаас аравдугаар сарын 20-ны байдлаар авсан гэж түрүүн хэлсэн. Үүнээс хойш 30 гаруй хоногийн дотор прокурорын байгууллага 47 гэмт хэрэгсэхгүй болж байна. Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно. Үүний дотор алдарт Жастын Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болохоор байна. Хохирол нь 143 тэрбум төгрөг. МАН-ын өөрийн хүмүүсээ ялаас чөлөөлүүлж авлаа. Эдгээрийн хохирол нь 2 их наяд төгрөг. Хөөн хэлэлцэх хугацааг засч байгаа гэж ярьж байгаа боловч бүгдийг хэрэгсэхгүй болгосны дараа оруулж ирж байна. Тэгэхээр энэ санааг анх гаргаж батлуулсан Ш.Раднаасэд, хуулийн төслийг ахалж батлуулсан Х.Нямбаатар, мэдсээр байж үүнийг хийсэн Ц.Нямдорж нарын нөхдөд ард түмэн хариуцлага тооцоах ёстой. Өдөрт өчнөөн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж байна. Х.Нямбаатар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээнэ гэж байна. Хуулийн практикт эрх зүйн ийм онол байхгүй. Шүүгч хэрэгтэнд хамгийн боломжтой, сайн хувилбарыг өгөх үүрэгтэй. Өчнөөн хэрэгтнийг ялаас мулталчихаад хэзээ хойно ингэж болохгүйг хэлэх нь зүйтэй. Хоёр том намаас гарсан хэрэгтнүүдэд тохирсон ялыг нь үүрүүлэх ёстой.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Дөрвөн сая доллар дээрэмдсэн Д.Дорлигжавын хэрэг хэрэгсэхгүй болсон

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл тоолохоор оруулна. Мөн мөрдөн шалгах хугацаа гэж шинэ хугацаа оруулж ирж байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хугацааш мөрдөн шалгах хугацааны дээд хугацаа болгож тооцно. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацааг хөндөөгүй. Тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Ш.Раднаасэд хөөн хэлэлцэх хугацааг хөндсөн. Хууль зүйн техникийн дагуу тавдугаар сард ярьсан. Б.Пүрэвдорж гишүүн улстөрийн өнгө аястай зүйл ярилаа, зөв. АН-ын үеийн бонд, үнэ тогтворгүйжүүлэх хөтөлбөртэй холбоотой бүх хэрэг хэрэгсэхгүй болсон. Бусдаас дөрвөн сая ам.доллар дээрэмдэж авсан Улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжавын хэрэг, Б.Гарамгайбаатарын олон хэрэг хэрэгсэхгүй болсон. Яг намын харьяаллаар ярьвал МАН-ын Ц.Сандуй, Б.Баярсайхан, Д.Гантулга нар ялаа эдлээд явж байгаа. Энэ хуулийг баталсны дараагаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж гаргана. Хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохтой холбогдуулж одоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, хугацааг нь шинээр тоолно. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг шинээр тоолох аргачлалыг холбогдох хуулийн байгууллагуудад даалгасан шинжтэй хууль гаргана гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ардчилсан намын авлига авсан нөхдийг шоронд явуулах хэрэгтэй

-Ардчилсан намын авлига авсан нөхдийг шоронд явуулах хэрэгтэй. Та хэрэгсэхгүй болсон 629 хэргийн гурвыг нь хэлээд байна. 626-г нь гэмт хэргээс чөлөөлсөн. Дээд шүүхийн нөхдөөс асууя. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн хугацааг шинээр тоолох явдлыг шүүхийн шатанд яаж хэрэглэх вэ.

Г.Занданшатар: Чинбат прокурор. Шүүхээс хүн байхгүй байна. За Ц.Нямдорж сайд асуултад хариулна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Би Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд оролцохгүй гэж анхнаасаа хэлсэндээ байгаа

-Би бүтэн жил тэвчиж, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой улстөржсөн маргаан сонслоо. Одоо бодит юмыг хэлье. Миний 2002, 2003 онд батлуулсан 10-аад хууль байсан. Тэр 10-аад хуулийг Ц.Нямдоржийн хар хууль гэж байгаад Х.Тэмүүжингийн үед эвдсэн. Тэр 2015 онд баталсан шинэ Эрүүгийн хууль гэдэг бол шүүхгүй улсад хэрэглэдэг НҮБ-ын загвар хууль санаатай юм л даа. Энэ дотор хэд хэдэн том алдаа хийсэн. Тэрний дотор гэмт хэргийн ангилал гэж байсныг байхгүй болгосон. Ангиллаасаа шалтгаалаад 25 жил хүртэл хөөн хэлэлцэх хугацаатай байсныг 20 жил болгож багасгаад дагуулаад ялыг нь багасгасан. Угсруулаад хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг АН-ын үед хийсэн. Тэгээд тэр хуулийг үр дагавар нь ингэж гарч байна. Б.Пүрэвдорж сүүлийн үед хүн гүтгэхдээ мэргэшиж байна. Намайг юм мэдэхгүй хүүхдүүдэд үлдээчихээд өөрөө заль гаргаад Эрүүгийн хууль батлахаас зугтчихлаа гэж худлаа хэлсэн. Би энэ хуулийг хэлэлцэхэд оролцохгүй гээд 2015 оноос хойш эсэргүүцэж ирсэн. Хөөн хэлэлцэх хугацаа бүх улсын хуульд бий. Аахар шаахар хэргээр бүх насаар нь шалгаж болдоггүй гээд ингэж хуульчилсан. Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг багасгах биш уртасгаад хаячихсан. Яллагдагчаар татах хүртэл гэж өмнө нь байсныг шүүхэд шилжих хүртэл болгож улам уртасгасан. Харин үүний далимаар манай шүүх, прокурорынхон будилаан хутгасан. Би дарга нарт нь хэлсэн. Яллагдагчаар татах бол шүүхэд шилжихээс дор хаяж хоёр сарын өмнө шүү гэж.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Хар тамхи залуучууд, хүүхдүүдийн дунд эрс дэлгэрч байна

-Х.Нямбаатар гишүүнээс асууя. Хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшсан хүмүүсийн хэргийг дахиад сэргээх боломж байдаг уу. Хоёрт гэвэл, хар тамхи залуучууд, хүүхдүүдийн дунд эрс дэлгэрч байна. Ялыг нь өөрчилсөн үү?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Хар тамхитай холбоотой зарим хэрэгт бүх насаар нь хорино

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, худалдах, тээвэрлэх явдалд ялыг нь хүндрүүлж байгаа. Бүх насаар нь хорино гэсэн заалт бас оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зөрчлийн хууль сануул, сануулга, торго гэсэн зарчмаар явах ёстой

-Зөрчлийн тухай хуульд байгаа бэлгийн дарамт учруулах гэсэн заалтаас бусдыг огт дэмжихгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжиж байна л гэж хэлдэг байх даа. Зөрчлийн хууль торго, торго, торго гэдэг зарчмаар явсан. Би олон удаа эсэргүүцэж байгаагаа хэлсэн. Ажлын хэсгийн гишүүд над руу дайрсан. Гэтэл өнөөдөр 116 зүйлээр Зөрчлийн хуулийг нэмнэ гэж байна. 1990 оноос өмнө хажуу айлд дуу чимээ гарвал сэргийлэгч ирээд сануулдаг байсан. Олон нийтийн газар жагсвал цагдаа ирээд сануулдаг байсан. Гэтэл өнөөдөр шууд торгоод байна. Сануул, сануул, торго гэдэг зарчмаар явах ёстой. Ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг төлж чадахгүй удаавал торгоно гэж байна. Ийм амьдралгүй юм байж болохгүй. Мөнгө орж ирвэл төлнө шүү дээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Эхлээд сануулдаг, дараа нь торгодог зарчмаар Зөрчлийн хуулийг явуулна

-Өмнө нь 250 гаруй тусдаа хуулиар иргэнийг торгодог байсныг Зөрчлийн хуульд нэгтгэж, нэг хууль, нэг стандартаар харилцдаг болсон. Ж.Ганбаатар гишүүний саналтай би санал нэг байна. Бид Нээлттэй нийгэм форумтай хамтарч Зөрчлийн тухай хуулийг шинээр бичихээр ажиллаж байгаа. Энэ дээр шууд торгохын оронд эхлээд сануулдаг, дараа нь дахиад зөрчвөл торгодог байя гэсэн зарчим явж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зөрчлийн хуулийг дэмжихгүй

-Тэгээд Зөрчлийн хуулийг шинээр өөрчлөх гэж байгаа юм бол одоо өөрчилж яах гээд байгаа юм бэ. Шинийгээ оруулж ирээд хэлэлц л дээ. Бусад хуулийг нь хэлэлцээд явъя. Зөрчлийн хуулийг дэмжихгүй.

 

Санал болгох

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн зургаан бүлэгтэй байна

Үйл ажиллагааны хөтөлбөр КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Хүний хөгжил, Эдийн засгийн, Засаглалын, Ногоон хөгжлийн, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн үндсэн зургаан бүлэг, дэд зорилтуудаас бүрдэх юм.

14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

2 өдрийн өмнө
Я.Санжмятав Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх боллоо

Ерөнхийлөгч Л.Болд, С.Ламбаа, Я.Санжмятав гэсэн орон тооны гурван шинэ зөвлөхтэй болов.

2 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга П.Бүрэнтөгсөд баяр хүргэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.  Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

2 өдрийн өмнө