Хуульч Б.Энхбаяр: Тэтгэврийн реформ хийх нь зээл тэглэхээс өгөөжтэй

3
2020 оны 1 сарын 32020-01-03
Хуульч Б.Энхбаяр: Тэтгэврийн реформ хийх нь зээл тэглэхээс өгөөжтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын он солигдох мөчид ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэл хийж нийгмийг хоёр талцуулаад байна. Эл шийдвэрийг эдийн засагчид эрсдэлтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн бол Монголбанкны ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг зогсоох үүргийг банкуудад өгөөд байгаа юм. Энэ асуудлаар хуульч Б.Энхбаяраас тодрууллаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан талаараа мэдээллээ. ҮАБЗ ийм шийдвэр гаргах эрхтэй юу?

-2020 оныг бид "Гэнэтийн мэдээ"-гээр угтаж байна. 20 жилийн өмнө буюу 1999-2000 онд арванхоёрдугаар сарын 31-нд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр 11 их наяд, 250 сая төгрөгийг хаасан баярт мэдээг ард түмэндээ дуулгаж байсан. Харин энэ жил мөн л "гэнэтийн мэдээ"-тэй жил боллоо. Гэхдээ ҮАБЗ бол хуульзүйн хувьд хүчин төгөлдөр, дагаж мөрдөгдөх шинжтэй шийдвэр гаргадаг субъект биш гэдэг нь ойлгомжтой. Тэр утгаараа ҮАБЗ-ийн гишүүдийн санал нэгдсэн байр суурь хуульзүйн хүчин чадалтай шийдвэр биш. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хууль тогтоогч УИХ эцэслэн шийднэ. Санаачлага Ерөнхийлөгч юм уу Засгийн газраас гарч таарах байх. Миний бодлоор Засгийн газар бодитой тооцоо судалгаа, үндэслэл бүхий саналаа боловсруулж, УИХ-д өргөн барих болов уу. Хэрвээ шийдэгдвэл цагаан сарын наана хууль тогтоогч байгууллага шийдэх байх. 

-Тэгэхээр ҮАБЗ-ийн шийдвэрээр энэ асуудал шийдэгдэхгүй юм байна. Ард иргэд ҮАБЗ шийдвэрээ гаргачихлаа. Одоо зээл тэглэгдэнэ гэсэн ойлголттой байгаа?

-Зөвлөмжөөр шийдэгдэхгүй нь тодорхой. Үүнтэй маргах асуудал байхгүй. Гол нь хариулт нэхсэн асуултууд одоо ч хэвээрээ байна.

Нэгдүгээрт, Үндсэн зээлийг төлөх гээд байгаа юм уу, эсвэл зээлийн хүүг төлөх гээд байгаа юм уу.

Хоёрдугаарт, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар зээл авсан ахмадуудад хамааралтай юм уу, эсвэл үүнээс хойш зээл авсан хүмүүст ч хамаарах юм уу гээд тодорхойгүй асуудлууд их байна. Өнөөдөр нийт ахмадуудын 60-65 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Судалгаагаар энэ тоо Цагаан сар дөхөөд ирэхээр 80-90 хувьд хүрдэг. Өөрөөр хэлбэл, 230 мянган ахмад дээр 70-100 мянган ахмад нэмэгдэж, тэтгэврийн зээл авдаг. Тэгэхээр энэ авах гэж байгаа ахмадуудад хамаарах юм уу гэхээр хариулт алга. Ерөөсөө л оньсого таалгаад орхичихлоо. Оньсого таалгасан учраас маш олон ойлгомжгүй зүйл хэвээр байна. 

Төр яаралтай тодорхой байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Мэдээж улсын төсвөө дөнгөж сая баталсан учраас бэлэн мөнгө байхгүй. Төсөвт байхгүй асуудал гэнэт ороод ирэхээр Монголбанкнаас бэлэн мөнгө хэвлэж тараах юм байна гэж ойлговол ханш алдагдана.

-Салхитын мөнгөний ордыг эх үүсвэрээ болгож, зээл тэглэнэ гээд байгаа. Гэтэл Салхитын мөнгөний ордын асуудал шүүхэд шийдэгдээгүй л байна?

-МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр томилогдсон цагаасаа “Байгалийн баялгийг цөөхөн гэр бүл хувааж идэж байна. Ард иргэдэд хүртэхгүй байна. Тиймээс энэ баялгийг ард түмэнд хүртээнэ” гэсэн бодлогыг дэвшүүлсэн. Энэ бол шударга ёсны хүсэмжлэл мөн. Энэ хүрээнд Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, төрийн мэдэлд авсан. Гэхдээ Салхитын мөнгөний орд нь яг ямар үнэлгээтэй юм бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Хэвлэл мэдээллээс харах нь ээ, 500 орчим сая долларын үнэлгээтэй гэж ойлгосон. Одоо л гэхэд хашаанд нь бараг 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө бэлэн байна. Тиймээс маш сайн орд гэж ойлгосон. Ерөнхийлөгч энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зээл хаана гэж ярьсан. Энд хэд, хэдэн асуудлыг ярьж болно. 

УИХ-ын дарга оны өмнөхөн Монголбанкинд энэ мөнгөний дээжийг гардуулж өгсөн. Ингэснээр Монголбанкны нөөц нэмэгдэх боломжтой тухай мэдээллийг өгсөн. Ерөнхийлөгч зээл тэглэх асуудлыг шууд нэг өдөр ярьчихаагүй. Ерөнхий сайд, УИХ-ын дарга ч гэсэн тэтгэврийн зээл тэглэнэ гэсэн агуулгаар биш байгалийн баялгийг нийт ард түмэнд шудрагаар хүртээх тухай асуудлыг сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Үүний нэг бодит ажил нь Салхитын мөнгө орд. Тэгээд тэтгэврийн зээлийг тэглэх санаачлагыг гаргалаа гэж харж байна. Үүнийг зөв, буруу гэж хэлэх боломжгүй. Харин нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийг тайлах, нийт баялгийг ард түмэнд тэгш хүртээмжтэй байлгах талаасаа гаргаж байгаа улстөрийн санаачлагыг зөв гэж бодож байна.

Ван, Ян гэдэг хоёр хятадын маргаанаас болж, энэ асуудал гарч ирсэн. Энэ маргаан нь эрүү, иргэн, захиргааны журмаар шүүхэд явж байгаа. Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудал гурван шүүхэд явж байна. Энэ маргаан эцэслэгдээгүй байхад тодорхой хөдөлгөөн хийхийг зогсоочихсон байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр хуульзүйн маргаантай байгаа асуудалд хууль, шүүхийн шийдвэрийг давж санаачлага гаргаж байгааг нь улстөрийн санаачлага юм болов уу гэж харж байна. Хуульзүйн хувьд хэрхэн яаж шийдэгдэхийг хэлж мэдэхгүй байна.

Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудалд Улсын дээд шүүхийн шүүгч, хууль хүчний байгууллагын хурандаа цолтой албан хаагч, Ерөнхийлөгч өөрөө энэ хэрэгт генерал цолтой хүн хамааралтай гэж хэлсэн. Тэгэхээр хууль хүчний байгууллагын өндөр албан хаагчид оролцсон, онц их хэмжээний авлигын асуудалд Төрийн гурван өндөрлөгийн буюу ҮАБЗ-ийн гишүүдийн санаачлагыг дэмжмээр байгаа юм. Ийм муухай бугшсан авлигын асуудлыг Салхитын орд дээр дэлбэллээ. Монголын төр, хуулийг худалдаж байсан хүмүүсийг авч хаяад, баялгаа нийт ард түмэндээ хүртээх гэж байгаа санаачилгыг бол дэмжинэ. Харин яаж хэрэгжүүлэх, алдаа мадаггүйгээр нь шийдэх нь дараагийн буюу УИХ-ын шийдэх асуудал.

Мөн шударга ёсны зарчмыг хангаж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, одоо зээл аваагүй байгаа, эсвэл зээл авчихаад саяхан төлөөд дууссан ахмадууд гомдолтой үлдэнэ. Хамгийн гол нь одоо тэтгэврийн зээлтэй 230 мянган ахмадууд бүгд харилцан адилгүй мөнгөн дүнтэй зээл авчихсан. Ахмадууд 500 мянгаас 5, 10 сая төгрөгийн зээл авсан байгаа. Тэгэхээр 500 мянган төгрөгийн зээл авсан хүмүүсийн гомдол дуусахгүй биз. Цаашдаа цалингийн зээл тэглүүлье гэдэг асуудал гарвал яана. Шинэ жил бүрээр зээл тэглээд яваад байх юм уу. Ер нь бол тэтгэврийн реформоо шийдэхгүй юм уу. Бусад улс оронд тэтгэврийн зээл гэж байдаггүй. Тэтгэвэр гэдэг чинь хуримтлал байхгүй юу. Гэтэл татвар шиг тэтгэврээ барьцаалж байна. Үүнийг хийвэл зөв хийх хэрэгтэй. Ер нь тэтгэврийн зээл тэглэх бол дээд хязгаарыг нь тогтоож өгөх ёстой.

-Баялгийн тэгш хуваарилалт дээр Салхитын мөнгөний ордноос гадна өөр ашиг сонирхлын зөрчил байгаа гэж ойлгож болох уу?

-Өөр ашиг сонирхол хэнд ашигтай вэ. Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг бол зээлтэй 230 мянган ахмадад маш таатай, ашигтай мэдээ. Мөн тэтгэврийн зээл олгодог банкуудад ашигтай. Мэдээж зээл олгож байгаа Хаан, Төрийн банк хоёрт туйлын ашигтай. Улстөрийн талаас нь бодвол энэ амлалтыг өгч байгаа нам болон хүнд ашигтай байж болох юм. Би болох юм гэж хэлж байгаа шүү. Учир нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрх барьж байсан намууд, Ерөнхийлөгч нар бүгд л амлаж байсан. Нийт 3.1 их наяд буюу сая амласнаас хэд дахин илүү мөнгийг сүүлийн 10 жилд тарааж байсан. 2016 онд эрх барьж байсан АН 1072 хувьцааны ногдол ашиг гээд 300 мянган төгрөг бэлнээр тарааж байсан. Хашаа хөтөлбөрт 300 тэрбум. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын амлаж байгаатай дүйцэхүйц мөнгийг 2016 оны сонгуулиар АН тарааж байсан ч ялагдсан. 900 тэрбум төгрөг тараагаад 11-хэн суудал аваад ялагдсан. Монголын ард түмэн ухаантай болсон. Өнгө, мөнгөнд хууртагдахгүй. АТГ-аас мэдэгдэл хийж, авлигын гэмт хэргээс болж 11 их наяд төгрөгийн хохирол учирсан гээд байгаа. Одоо 12 их наяд хүрсэн. Энэ 12 их наяд гэдэг бол тэтгэврийн зээл тэглэх гэж байгаа мөнгөний хажууд 11, 12 дахин их гэсэн үг. Монгол Улсын иргэн бүр 3,4 сая төгрөг хүртэж болохуйц тэр их мөнгийг авлигачид хармаалаад, дэрэн доороо хийчихсэн байна. Тэгчихээд ард түмэндээ 10 хувийг л өгөх гэж байна. Ард түмэндээ 10 хувийг өгсөн нэрийдлээр өөрсдөө идэх гэж байгаа бол уучлаарай. Тэгэхээр бид асуудлыг цогцоор нь харах учиртай.

Эх сурвалж: ТВ25

Санал болгох

10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо

Өчигдөр буюу 2020 оны  01 дүгээр сарын 19-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.

2 өдрийн өмнө
2020 оныг Экспортыг нэмэгдүүлэх жил болгож зарлалаа

Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм.  

7 өдрийн өмнө
Петрочайна Дачин Тамсагийн удирдлагуудыг Төрийн ордонд дууджээ

Улмаар энэ сарын 10-ны өдөр Чойбалсан хотод талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Үүний дараа Б.Түвшинжаргал, Б.Цэгмид, Г.Адилбиш нараар удирдуулсан жагсагчид газрын тосны 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хаагаад байна.

8 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц өсч, түүхэн дээд түвшиндээ хүрчээ

2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирлээ.

13 өдрийн өмнө