Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого улс даяар нэгэн зэрэг эхэллээ

2020 оны 1 сарын 92020-01-09
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого улс даяар нэгэн зэрэг эхэллээ


Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого улс даяар нэгэн зэрэг эхэллээ.

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон эхний өрх бол Сүхбаатар дүүргийн оршин суугч, өндөр настан Ц.Багаажав гуайнх. Тэрээр өдгөө 104 насыг зооглож буй бөгөөд Монгол Улсад түүнтэй ижил нэртэй 4, ижил настай 8 иргэн байна.

ХАОСТ-2020 нь 1 дүгээр сарын 9-ний 08:00 цагаас эхлэн 15-ны 22:00 цаг хүртэл долоо хоногийн турш явагдана.

ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал “Тооллогын тов буюу 00:00 цаг гэдэг нь энгийн үгээр хэлбэл зураг авч буй агшин юм. Бид энэ удаа түүхэндээ анх удаа хосолмол тооллогын товыг албан ёсоор угтлаа. Ингээд товтой зэрэгцүүлэн Хүн ам, өрхийн мэдээллийн санг түр зогсоож, Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын нэгдсэн сан бий болгоно.

Статистикч, анхан шатад ажиллаж буй тоологч, шалгагч нэг бүрийн итгэл, сэтгэл тооллогын үр дүнд шууд нөлөөлдөг. Тиймээс Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогод оролцож буй хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжиж ажиллах нь нэн чухал. Үүнээс гадна олон жилийн дүнгээс харахад тоологчийн аюулгүй байдалд байнга анхаарах ёстой байдаг юм. Та бүхнийхээ тооллогын ажилд амжилт хүсье” гэлээ.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын нэг хэсэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар тоолох 10 хувийг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-15-ны өдрийн 22.00 цаг хүртэл хугацаанд тоолно.

Санал болгох