Монголд казино байгуулбал жилд 74 тэрбум төгрөгийн орлого олно

1
2020 оны 1 сарын 202020-01-20
Монголд казино байгуулбал жилд 74 тэрбум төгрөгийн орлого олно

 

Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ахалж байгаа ажлын хэсгийн ажил урагшлахгүй, дэд ажлын хэсгийн гишүүд нь БНСУ-д казино тоглосон үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөөр байна. Тухайлбал, дэд ажлын хэсгийн гишүүн , ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ албан ажлаар явах хугацаандаа казиногоор үйлчлүүлсэн үйлдэлдээ хариуцлага хүлээгээд байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар казиногоор үйлчлүүлсэн нь ил болоод байна.


Замын-Үүд, Алтанбулаг дахь чөлөөт бүсэд тус бүр нэг казино байгуулах нь оновчтой талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам байр сууриа илэрхийлж байсан. Харин Сангийн яамныхан Монголд баригдаагүй байгаа казиногоос хэр хэмжээний хөрөнгийг төвлөрүүлэх боломжтойгоо судалж үзжээ. Олон нийтэд хараахан ил болоогүй дээр судалгаанд дурдсан тоог танилцуулъя.

Мэдээж казиногийн үйл ажиллагаанаас улсын олон орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ нь казиногийн байршил, хүчин чадал, ажилчдын тоо зэрэг үзүүлэлтээс шууд хамаарах байх. Урьдчилсан байдлаар Сангийн яамныхны тооцож буйгаар эхний жилд казиногоос 138 орчим тэрбум төгрөг, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбус төгрөгийн орлого татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт орох боломжтой гэж үзжээ. Энэ нь нэг казиногоос олох орлого бөгөөд хэрэв хоёр казино байгуулна гэж үзвэл орлогын хэмжээ 74 тэрбумаас 148 тэрбум төгрөг болж өснө гэсэн үг.

Казиногоос олох орлогын задаргаа

Казиногийн тухай хуулийн төсөлд казиногийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хураамж 35 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгох бөгөөд хоёр казиногоос нийтдээ 70 тэрбум төгрөг тусгай зөвшөөрлийн хураамж хэлбэрээр авахаар байна.

Нэг казино үйл ажиллагаа явуулахын тулд 100 сая ам.долларын бараа материал импортолно гэж Сангийн яам үзжээ. Ингээд ам.долларын ханшийг 1950 төгрөгөөр тооцоод импортын нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвараар төсөвт 29.2 тэрбумыг казиногоос цуглуулна гэж тооцсон байна. Хоёр казиногийн эдгээр татвар 58.4 тэрбум төгрөг болж байна.

Нэг казино 80 ширээтэй, 1500 автомат тоглоомын машинтай байх бөгөөд казино жилд дунджаар 124 сая ам.долларын орлого олно гэж тооцвол Монгол Улс 45.1 тэрбум төгрөгийн онцгой албан татвар хураахаар байна. Хоёр казиногоос жилд 90.2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ.

Манай Сангийн яам казино тус бүрийг жилд дунджаар 10 сая ам.долларын ашигтай ажиллана гэж тооцсон. Ингээд нэгээс бүрээс нь жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 4.4 тэрбум төгрөг авна гэжээ. Хоёр казиногоос авах ААНОАТ-ын нийлбэр 8.8 тэрбум болж байна.

Казиног дагаад дотоодын худалдаа үйлчилгээ гурван хувиар нэмэгдэнэ гэж тооцжээ. Гурван хувиар л тооцоход төсөвт үзүүлэх нэмэгдсэн өртгийн албан татвар 16.2 тэрбум төгрөг нэг жилд цугларна. Нийтдээ хоёр казиногоос 32.4 тэрбум.

Дунджаар 800 хүний ажлын байр казиног дагаж бий болно гэсэн тооцоолол бий. Ингэснээр улсад нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамж нийлээд 3.8 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой. Чөлөөт бүсэд байгуулна гэж зорьсон дээрх хоёр казиногоос жилд 7.6 тэрбум төгрөг цуглахаар байна.

Казиногийнхон мундаг цалинтай байх нь ээ. Сангийн яамныхан казиногийн ажилтны сарын дундаж цалинг хоёр сая төгрөгөөр тооцсон байна. Ингэж тооцоод хувь хүний орлогын албан татвараар 1.7 тэрбумыг нэг казиногоос, нийтдээ 3.4 тэрбумыг хоёулангаас нь цуглуулна гэж тооцоолжээ.

Ингээд бусад татварыг казино тус бүрт  гурван тэрбумаар тавьж үзэхэд зургаан тэрбум төгрөгийг бусад татвар хэлбэрээр олно гэж урьдчилан тооцжээ.

Манай Сангийн яамныхан цаасан дээр байгаа казиногоос нэгээс нь л гэхэд эхний жилд 138.4 тэрбумыг, дараагийн жилүүдэд нь тогтмол 74.2 тэрбумыг олно гэсэн урьдчилсан тооцоололтой сууж байна. Гэснээс Монгол Улс дээрх хуулийн төсөл дээр Казиногийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл гэдэг 40 хүний бүрэлдэхүүнтэй төрийн байгууллага байгуулна гэж байна. 40 хүний цалин, янз бүрийн хураамж, шимтгэл нийлээд нэг тэрбумаас төдий л давахгүй. Казино байгуулна гэж Монголын аж ахуйн нэгжүүд биш гаднынхан л тендер, сонгон шалгаруулалтад өрсөлдөх болов уу.

Харин байршил хэр оновчтой бол. Бизнесийн алтан дүрэм нь байршил, байршил, бас дахин байршил.

Санал болгох

Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 286 иргэнээс наймыг нь сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарлажээ

Манай улс энэ сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авсан билээ. 

16 цагийн өмнө
Монгол Улсын уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон АНУ-ын Элчин сайд Майкл Клеческийг өнөөдөр хүлээн авч уулзлаа

4 өдрийн өмнө
"Цэргийн төв эмнэлэгт дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна"

Манай улсын хувьд тусгаарлах ажиглалтад 196 хүн шинээр орсон, 25 хүн гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор тусгаарлах байранд 2742 хүн байна.

5 өдрийн өмнө
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн зургаан бүлэгтэй байна

Үйл ажиллагааны хөтөлбөр КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Хүний хөгжил, Эдийн засгийн, Засаглалын, Ногоон хөгжлийн, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн үндсэн зургаан бүлэг, дэд зорилтуудаас бүрдэх юм.

6 өдрийн өмнө