Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гурвын тусгай хамгаалалт

1
2020 оны 1 сарын 142020-01-14
Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гурвын тусгай хамгаалалт

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсыг зорихдоо өөрийг нь шалгаж буй АТГ, ЦЕГ-т мэдэгдээгүй нь түүнийг эрэн сурвалжлах шалтгаан болсон. Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан тул тэрээр төрийн тусгай хамгаалалтад байдаг. Ийм учраас тагнуулын байгууллагын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч түүнийг биечлэн хамгаалж байгаа бөгөөд сураггүй болно гэсэн ойлголт байхгүй.

Засгийн газрын тухай хуульд зааснаар Ч.Сайханбилэг бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн дөрвөн жилийн хугацаанд суудлын машин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх ёстой албан тушаалтан. Тэрээр 2016 оны долдугаар сарын 8-нд Ж.Эрдэнэбатыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдаар томилоход тамгаа шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн тусгай хамгаалалт нь энэ оны долдугаар сарын 8-нд дуусна гэсэн үг.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн гуравдугаар зэрэглэлийн хамгаалалт эдэлнэ. Гуравдугаар зэрэглэлийн хамгаалалтад байгаа иргэний орон байранд нэгжлэг хийх, шүүхэд дуудан ирүүлэх, байцаалт авах талаараа Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад мэдэгдэх ёстой байдаг.

Манай улсад гуравдугаар зэрэглэлийн хамгаалалттай хүнд ажиллагаа явуулсан, тэр нь олны анхааралд байсан нэг тохиолдол байдаг нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм. Түүнийг АТГ-аас 10 удаа зарлан дуудах хуудсаар дуудахад ирээгүй тул 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих шийдвэр гарч, АТГ-ынхан гэрт нь нэвтэрсэн. Тухайн үед ТТХГ-аас томилогдсон шадар хамгаалагч нь Н.Энхбаярыг хамгаалан буу гаргасан бөгөөд үүнийг нь шүүхийн зөвшөөрөлтэй ажиллагаанд саад учрууллаа хэмээн Ерөнхий сайд Сү.Батболдод АТГ-ынхан матаж байв.

Шадар хамгаалагч нь Н.Энхбаярыг цагдан хоригдох хугацаанд ч, эмнэлэгт хэвтэх хугацаанд ч хамгаалж байв. Өрөөнд нь байрлуулсан камераар хянадаг, гаднаас оруулах хүнсийг шалгадаг, өөрөө хоол бэлдэж өгдөг байсан тухай албан ёсны мэдээллүүд байдаг. Энэ бүхэн гуравдугаар зэрэглэлийн хамгаалалтын онцлогоос гадна төрийн тусгай албан хаагчийн онцлогийг харуулсан жишээ болж үлдсэн.

Тэр үеийн парламент Н.Энхбаярын жишээ дээр суурилан 2015 онд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг цагдан хорих, хорих ял эдлүүлэх хугацаанд төрийн тусгай хамгаалалт нь түдгэлздэг байх өөрчлөлт хийсэн юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, болон дээрх албан тушаалыг хашиж байсан хүнд төрийн тусгай хамгаалалт томилдог нь тухайн хүний аюулгүй байдлыг хангахаас гадна төрийн нууц алдагдахаас хамгаалж буй хэрэг байдаг.

28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өмнөх Засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуягийг ажиллаж байхад ч төрийн тусгай хамгаалалттай холбоотой үл ойлголцол төрийн байгууллага хооронд болж байв. Н.Алтанхуяг нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад байхдаа өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Төв аймгийн хорих ангид эргэж байв. Тэр үед зөвлөхийг нь Нүүрс хөтөлбөрийн хэрэгт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаас сэргийлж цагдан хорих арга хэмжээ аваад байлаа. Засгийн газрын тогтоолгүй боловч Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж байгаа хэмээн хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрт Н.Алтанхуягийг өөрийг нь ч татан шалгаж магадгүй байсан. Гэрч Н.Алтанхуяг, сэжигтэн Л.Гансүхтэй уулзсан тул АТГ-ын албан хаагчид дүрс бичлэг хийж Төв аймагт очсон байдаг юм. Харин Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчид АТГ-ын мөрдөх, гүйцэтгэх ажилтнуудыг хууль зөрчлөө хэмээн эсэргүүцэж, тэднийг шалгуулсан байдаг юм.

Санал болгох

Цаана нь Ц.Нямдорж байжээ

УИХ-ын тухай хуульд Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг ердийн олонхийн ирцээр хүчинтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, Ч.Улаан, Д.Лүндээжанцан хоёргүйгээр ирцээ бүрдүүлээд ажлаа хийх боломж Ц.Нямдоржид байжээ.

11 цагийн өмнө
Ч.Улаан: Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан надаас болж хойшлогдоогүй

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өөрөөс нь болж хойшлогдоогүй, саналаа нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлсэн гэдгээ хэллээ.

13 цагийн өмнө
ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаан 10 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

15 цагийн өмнө