Улаанбаатар төмөр замын төв буудлын галт тэрэгнээс өнөөдөр Монгол Улсын 17 иргэнийг эмч нар тусгаарлан Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэлээ. Тэд коронавирусийн халдвартай байж болзошгүй БНХАУ-ын найман иргэнтэй хамт нэг галт тэргэнд сууж явсан юм байна. Халдвартай байж болзошгүй БНХАУ-ын иргэнийг Эрээн хотод тус улсын эмч нар тусгаарлан авч үлдэж, эмчилгээ хийж байгаа юм.
ЭМЯ-наас мэдээлснээр нэгдүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ, Хонконгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан, онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусын халдварыг үгүйсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, уг вирусээр өвчилсөн нь тогтоогдсон хүн албан ёсоор Монгол Улсад байхгүй юм.
Харин БНХАУ-ын Үхань, Манжуур, Эрээн хотод тус өвчний вирусээр халдварласан хүмүүс байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Үхань хот нийтийн тээврийн болон зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож, хөл хорио тогтоогоод байна.