Цаана нь Ц.Нямдорж байжээ

26
2020 оны 1 сарын 212020-01-21
Цаана нь Ц.Нямдорж байжээ

 

УИХ-ын болон гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хариуцдаг. Энэ хороонд УИХ-д хамгийн олон сонгогдсон таван гишүүн ажиллах хуультай. Одоо даргаар нь Ц.Нямдорж, гишүүнээр Н.Энхболд, Ч.Улаан, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин ажиллаж байна.

Тэд ЖДҮХС-тай холбоотой бүх гишүүдийг хамгаалсан. Аргаа барахдаа Улсын ерөнхий прокурор “ЖДҮ өгсөн төрийн албан хаагчид шоронд суугаад шалгуулж байхад та бүхэн энд сууж байгаа нь шударга ёс уу” гэж чуулганы хурал дээр тэсвэр алдахад түүнийг зайлуулсан. Шударга ёсны яамыг толгойлдог Ц.Нямдоржийн үед Халдашгүй байдлын дэд хороо шударга ёсыг өөртөө халдаадаггүй дэд хороо болж хувирлаа.

Хамгийн сүүлд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа УИХ-д хүргүүлэв. Халдашгүй байдлын дэд хороо бол УИХ-ын бүтцийн байгууллага. Ерөнхий прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх шийдвэр 48 цагтаа багтаж гарах ёстой.

Гэтэл Ц.Нямдорж, “Ирц бүрдэхээр хурлаа хийнэ. Ч.Улаан, Д.Лүндээжанцан хоёр томилолттой. Бусад нь ажилдаа ирсэнгүй” гээд эхний 24 цагийг барав. Өнөөдөр мөн л, “Ч.Улаан сайд томилолттой байгаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж шийдвэрлэнэ” гээд 48 цагийг дуусгав.

Уг нь УИХ-ын тухай хуульд Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг ердийн олонхийн ирцээр хүчинтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, Ч.Улаан, Д.Лүндээжанцан хоёргүйгээр ирцээ бүрдүүлээд ажлаа хийх боломж Ц.Нямдоржид байжээ.

Харамсалтай нь, “Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх 48 цагийн хугацаа ирц бүрдэхгүй байсаар өнгөрчихлөө” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Нямдорж, “Халдашгүй байдлын дэд хорооны хурал эхэлсэн гэж ойлгож болно. Дэд хороо, байнгын хорооны саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэх хуультай” гэж мушгиж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, хугацааг нь дуусгачихаад дуусаагүй гэж зүтгэж байгаа нь энэ.

Хамгийн ноцтой нь, Ч.Улаан сайд, “Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхийг мэдэж байсан учраас явахаасаа өмнө хуралдахыг дэд хорооны дарга гишүүдээс хүссэн ч хуралдаагүй. Халдашгүй байдлын дэд хороо хуралдахдаа ирцэнд авахыг хүсч өөрийн саналаа нууцын зэрэглэлтэйгээр 2020 оны 1-р сарын 16-нд албан бичгээр хүргүүлсэн. Тиймээс миний ажлын айлчлал Халдашгүй байдлын дэд хорооны  хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье” гэж мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл, асуудлын гол шалтгаан Ц.Нямдорждоо байж. Бүр тодруулбал, энэ дэд хороог хуралдуулахгүй байх асуудлын цаана Ц.Нямдорж өөрөө байжээ.

 

Санал болгох

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байцаагч нарт үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй  цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

1 цагийн өмнө
П.Галиндэв: Авлигын хэрэгт холбогдсон С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Тэд АН-ын удирдлагад байршиж, ээлжит сонгуулиар дахин эрх мэдэл авахаар бэлтгэлээ базаагаад байна. Тэд мөнгөтэй, эрх мэдэлтэй, хугацаагаар засаглах хүсэлтэй гэв.

1 цагийн өмнө
“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав

Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар уулзав.

4 цагийн өмнө