Ц.Жаргалан: Бүх насныхан балетаар хичээллэж нурууны бөгтөрөө засах боломжтой

9.0 зуу
15 өдрийн өмнө
Ц.Жаргалан: Бүх насныхан балетаар хичээллэж нурууны бөгтөрөө засах боломжтой

 

-Хүүхдүүд хэдэн настайгаасаа эхлээд балетаар хичээллэж болох вэ?

Сонирхогчийн балет, мэргэжлийн балет гэж 2 ойлголт бий. Сонирхогчийн балетад хүүхдүүд 3 настайгаасаа эхлэн явдаг. Хуучин сургалтаар мэргэжлийн балетын ангиуд 10, 11 наснаас нь хүүхдүүдийг бэлддэг байсан. Харин одоо хүүхдүүд бүжиглэх сонирхолтой,эцэг эхчүүд ч хүүхдээ багаас нь хөгжүүлэх хандлагатай болсон байна. Практик дээр ч гэсэн 10 настай балетаар хичээллэж эхлээд 19 настай төгслөө гэхэд эрч хүчтэй, амжилттай бүжиглэх хугацаа 10 жил байдаг. Энэ хугацааг уртасгахын тулд 7 настай хүүхдүүдийг мэргэжлийн балетын ангид авдаг болсон.

-Балетаар бага насны хүүхэд хичээллэхэд

Хүмүүс балет гэхээр бүжиглэх л гэж ойлгодог. Гэхдээ балетаар хичээллэж эхлээд хүмүүжил, төлөвшилттэй болно. Эхлээд орж ирсэн хүүхдүүд хоорондоо чанга ярих гэх мэт үйлдэл гаргадаг л даа. Яваандаа зөвхөн бүжиглэх биш үс гэзгээ хүртэл боож сурна. Алхаа гишгээ нь ч цэгцрээд, суухдаа хүртэл биеэ мэдэрч цэх сууж эхэлнэ шүү дээ. Балетчин эмэгтэй сайхан харагддаг. Тиймээс хүүхдүүд гоо сайхан буюу гадна үзэмжид татагдаж ирдэг юм. Хичээллэж эхлээд тэр гоо сайхныг ямар их хөдөлмөр, тэвчээр, дасгал сургуулилтаар бий болгодгийг ойлгож эхэлнэ. Эцэг эх нь хэчнээн хэлээд ойлгуулаагүй хичээхгүйгээр юунд ч хүрдэггүй гэдэг зарчмыг хүртэл ойлгуулна гэсэн үг.

 

-Эрэгтэй хүүхэд балетаар хичээллэх нь ямар ач холбогдолтой вэ?

Хүмүүс эрэгтэй хүүхдээ балетаар хичээллүүлэх юм бол хэтэрхий уян налархай, эмэгтэйлэг болчихно гэж боддог. Балетын урлагаар хичээллэх юм бол хөл бөмбөг, жүдо, бусад бие хамгаалах урлагаар хичээллэснээс огт дутахааргүй биеийн хөгжилтэй болдог. Бүр биеийн бүх булчин тэнцвэртэй хөгжихийн зэрэгцээ хурдтай,  уян налархай, тэсвэр тэвчээртэй болдог давуу талтай. Дээрээс нь манай улсад эрэгтэй балетчин их эрэлттэй, өндөр цалинтай мэргэжил. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ хуульч, инженер л болгох зорилготой байдаг даа.

-Балетаар хичээллэхэд хэзээ ч оройтдоггүй юм шиг байна. Насанд хүрэгчдийн ангийн тухайд?

Манай насанд хүрэгчдийн ангид 63 настай эмэгтэй 3 жил хичээллэж байна. Хэрвээ би мэргэжлийн балетчин биш байсан бол энэ хүн шиг ингээд явж чадах байсан болов уу, гэж бодоод их бахархдаг. Насанд хүрэгчдийн анги бол хүнд элементүүдийг хийхгүй. Биеэ эрүүлжүүлэх, таашаал авах зорилгоор хичээллэдэг. Насанд хүрэгчид балетаар хичээллэх нь их ач холбогдолтой. Яагаад гэхээр гэр бүлийнхэндээ нөлөөлдөг. Учир эцэг эхчүүд хүүхдээ балетын сургууль өгөөд багшид нь найдаад орхичихдог. Гэтэл гэр бүлийн хэвшил гэж нэг юм бий. Хүүхэд балетын сургууль дээр ирээд биеэ зөв авч явах, зөв хооллох тухай заалгаад харина. Харин эцэг эх нь буруу хэвшилтэй хоолоо оройтуулаад эсвэл өглөө цай уулгахгүй гаргаад байвал үр дүн гарах нь муудна. Харин насанд хүрэгчдийн ангид сураад балетын боловсрол эзэмшиж байгаа эцэг эх зөв хандлагатай болдог.

-Жингээ хасах боломжтой юу?

Заавал жингээ хаяна гэсэн зорилготой балетаар хичээллээд хэрэггүй. Эхлээд өөрийнхөө биеийг эрүүлжүүлэх, цусны эргэлтээ сайжруулах, булчин шөрмөснүүдээ уян налархай болох хэрэгтэй. Гэхдээ балетаар удаан хичээллэснээр жингээ чанартай хасах боломжтой. Яагаад чанартай гэж байна вэ, гэхээр бүжиглэхэд бүх булчин ажиллаж, хөөж өөхны орон зайг эзэлдэг. Яваандаа яргай мах болоод суучихсан булчин амархан алга болохгүй учраас эргээд жин нэмэх асуудал бараг байхгүй. Нэг асуудал нь насанд хүрэгчид маань их хөшүүн, хатуу биетэй болчихсон байдаг учраас эхний сард шантардаг л юм. Балетаар хичээллэх гээд ирсэн хүмүүсийг их хүндэлмээр шүү. Харин хөдөлгөөний дутагдлаас болж жин нэмчхээд хөдлөхгүйгээр жин хаях гэж оролддог хүмүүсийг ойлгодоггүй юм. Кофе, цай уугаад турна гэсэн бэлэнчлэх сэтгэлгээгээр өөрийгөө хуурч эрүүл мэндээ хохироох хэрэггүй.

-Бөгтөр, хөлийн булчин гадагш эргэх гэх мэт биеийн буруу хөгжлийн балетаар хичээллэж засах боломжтой юу?

Сүүлийн үед компьютер, гар утсыг урагшаа тонгойж харсаар байгаад мөрөө хавчиж, хүзүүгээ урагш нь түрсэн маягтай бөгтөр хүмүүс их ажиглагдаж байна. Яст мэлхий хүзүүгээ урагш нь түрдэг шүү дээ яг л тийм. Үүнийгээ анзаарахгүй бол тэр хэвээрээ хүзүү нуруу сээр шохойждог. Гэтэл гоо зүйн хувьд бөгтөр байна гэдэг сайхан зүйл биш. Балет бүжиглэхэд толгой, хүзүү, нуруу салж хөдөлдөг учраас зөв хөгжил бий болгодог. Тиймээс хөдлөхгүйгээр бөгтөр, хүзүүний буруу хэвшлийг засна гэж байхгүй. Манайхан амархан аргаар бөгтөр засах бүс зүүж асуудлыг шийдэх гээд байдаг. Хөдлөх ёстой булчин шөрмөсийг бүс зүүж хүчээр тэгш хэмд барихаас илүү спортоор хичээллэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Б.Гансүх: Би ямар ч гэсэн амьд мэнд байгаа шүү

2012 онд “Vine” аппликейшн гарч,богино хэмжээний хөгжилтэй бичлэг хүмүүсийн дунд дэлгэрч байсан. Яг л одоогийн “ТikTok” шиг. “Vine” хөгжиж байх үед богино хэмжээний бичлэгээрээ олны танил болсон Б.Гансүхтэй ярилцлаа.

10 өдрийн өмнө
SYNDICATE TALK: Хариуцлагатай аялцгаая!

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлберг, БНСУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Кил Кан Мүг, фэйсбүүк дэх “Дэлхийгээр аялагчид” группыг үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар энэ удаагийн дугаарын зочноор оролцлоо.

11 өдрийн өмнө
Х.Юүлэхорол: Яг одоо бүжигт ид шунан дурлаж байна

ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, ахлагч Х.ЮҮЛЭХОРОЛтой ярилцлаа

14 өдрийн өмнө