Б.Гансүх: Би ямар ч гэсэн амьд мэнд байгаа шүү

2.9 мянга
1 сарын өмнө
Б.Гансүх: Би ямар ч гэсэн амьд мэнд байгаа шүү

 

2012 онд “Vine” аппликейшн гарч,богино хэмжээний хөгжилтэй бичлэг хүмүүсийн дунд дэлгэрч байсан. Яг л одоогийн ТikTok” шиг. “Vine” хөгжиж байх үед богино хэмжээний бичлэгээрээ олны танил болсон Б.Гансүхтэй ярилцлаа.

-Ойрд юу хийж байна? “Molpedia”-ийн үйл ажиллагаа бүр зогсчихсон уу?

“Molpedia”-ийн үйл ажиллагаа түр зогсчихсон байгаа. Манайхан бүгд хувийн ажлаа хийгээд зав багатай болсон. Би ч гэсэн сарын өмнө шинэ ажилд орсон. Одоо ажилдаа дасах гээд явж л байна. Оффиссын ажил жаахан уйтгартай л юм. Гэхдээ би ямар ч гэсэн амьд мэнд байгаа шүү.

Мolpedia” үүсгэн байгуулсан тухайгаа яриач?

Тухайн үед “Vine application” хүчээ авч зургаан секунд орчим бичлэгүүд сошиал орчныг дүүргэж байсан л даа. Тэгээд  л бусад хүмүүс хийж болж байгаа юм чинь би яагаад болохгүй гэж бодоод хэдэн найзуудтайгаа нийлээд богино хэмжээний бичлэг хийж эхэлсэн дээ. Цаашаа хөгжөөд сэдэв хугацаа нь уртсаад хүмүүс ч мэддэг болсон. Ашиг олохыг бодоогүй цэвэр сонирхлоо хөгжүүлээд хийж байсан ажил л даа.

-“Mesmerism”-ийг гарч ирж байхад яаж хүлээж авсан бэ? Хүмүүс бол бичлэгүүдээрээ өрсөлдөж эхлэх байх гэж бодож байсан?

Хүмүүс бол өрсөлдөнө л гэж харсан. Бид нар бол төстэй хэлбэрийн бичлэг хийдэг хүмүүс гарч ирлээ л гэж бодсон болохоос биш айхтар өрсөлдсөн юм байхгүй ээ. Манайхныг бодвол бичлэг, эвлүүлэг нь хамаагүй чанартай юм байна гэж л санагдаж байсан. Сүүлд бүрэн хэмжээний кино хийгээд амжилттай яваа. “Орк” гэдэг киног нь үзсэн. Дажгүй кино болсон байсан.

Миний хувьд ч гэсэн кино найруулна даа гэж бодож явсан үе бий. Магадгүй нэг өдөр хийх л байх.

-Кино хийвэл ямар кино хийх байсан бэ?

Би драм төрлийн кино хийх байсан. Монголын одоогийн нөхцөлд ямар ч аргаар хамаагүй инээлгэдэг эсвэл хүчээр уйлуулж, өрөвдөх сэтгэл төрүүлдэг кино л үзэгч ихтэй байх шиг санагддаг. Тиймээс уран бүтээлчид ашгаа бодож, үзэгчдийнхээ сэтгэл зүйд тааруулж кино хийгээд байна уу даа л гэж санагддаг. Харин би ашиг олохгүйгээ мэдэж байгаа юм чинь өөрийнхөө хүссэнээр л киногоо хийнэ гэж боддог юм.

-Кинонд тоглож байсан шүү дээ. Ер нь жүжигчин болъё гэж бодож байсан уу?

Жүжигчин болох юмсан гэж бодож байсан л даа. Гэхдээ би МҮИС-д уул уурхайн чиглэлээр суралцаж байсан учраас давхар сурах боломж байгаагүй. Оюутан байхдаа хичээлээ их тасалдаг хэнэггүй байсан. Тиймээс өөрийгөө тэр зангаараа хандаад юм сурахгүй байх бий гэж бодоод больсон юм л даа. Хоёр гүүрний цаана УСК-нд туслах дүр бүтээсэн. Тухайн үед “Кино бүтээнэ гэдэг тийм ч амар биш юм, миний хийх зүйл мөн үү” гээд олон юм бодож билээ. Магадгүй кинонд тоглож байх үедээ шантарсан байх.

-Дууныхаа тухай ярих уу?

Ихэнх хайрын дууны ард нуугдаж байдаг санааг шууд хэлчихсэн дуу л даа. Тухайн үед дургүйцэж байсан хүмүүс багагүй бий. Ойлгож хүлээж авсан ч хүмүүс ч байсан. Гэхдээ дургүйцэж байсан хүмүүс одоо мартчихсан байх. Сайн зүйл хийсэн ч муу зүйл хийсэн ч амархан мартчихдаг шүү дээ.

-Бичлэгээ яаж хийдэг, санаагаа яаж олдог байсан бэ?

Ихэвчлэн өөртөө, найзууддаа тохиолдсон зүйлээс санаа авна. Тухайн үед ямар үйл явдал олны анхааралд байна вэ, гэдгийг судална. Тэгээд л санаагаа олоод ярилцаад, хийдэг байсан. Ихэнхдээ бүтэхгүй, болохгүй байгаа зүйлийг шүүмжлэх, хошин аргаар үзүүлэхийг хичээж байсан л даа. Бичлэгээ анх гар утсаараа хийж байгаад сүүлдээ мэргэжлийн камертай болсон. Тийм гоё биш ч гэсэн эвлүүлэхдээ өөрсдөө оролдож байгаад чадах чинээгээрээ хийдэг байсан.Бид нар бүгдээрээ мэргэжлийн биш сонирхогч байсан юм.

-Бичлэгээ үргэлжлүүлээд хийх боломж байгаагүй юм уу?

Хүний сонирхол гэдэг байнга л өөрчлөгдөж байдаг юм байна. Тухайн үед бичлэг хийх нь сонирхолтой байсан ч сүүлдээ миний хийх зүйл биш юм шиг санагдаад эхэлсэн. Одоо бол надад сурталчилгаа сонирхолтой байгаа. Хүн ер нь өөрийгөө яг юу хиймээр байгааг олж мэдэх нь хамгийн хэцүү юм байна.  Өөрийгөө олох хүртлээ сонирхол нь өөрчлөгдөөд л байдаг юм шиг ээ. Бичлэг хийхээ больсон. Өнгөрсөн оны 9 сараас саяхныг хүртэл ажил хийлгүй, өлсөхдөө өлсөөд явж үзсэн. Одоо оффисын ажил хийгээл өрөө дараад явж байна. Гэхдээ одоо хүртэл өөрийгөө олсон гэж санагдахгүй л байна.

- Дахиад бичлэг хийж эхлэх бодол байна уу?

 Ажлын зургаан өдөртэй учраас амжихгүй юм. Гэхдээ нэг л өдөр эргээд бичлэгээ хийнэ дээ гэж бодож явдаг. Яагаад гэвэл хүмүүсийн хийж байгаа бичлэг, влог бүгд л нэгэн хэвийн санагддаг. Тэгэхээр тэднээс ялгарах зүйл хийнэ ээ. Биднийг үнэнчээр дэмжсээр ирсэн хэсэг бүлэг хүмүүс бичлэгээ эргэж хийхийг маань хүлээж байгаа гэдэгт итгэдэг. Тиймээс нэг л өдөр бичлэгээ хийж хүргэнэ. Хамгийн гол нь хэзээ вэ, гэдэг л байна.

-Ярилцсанд баярлалаа

 

Санал болгох

С.Батбаатар: Хятадууд Халх гол орчмоос хадлан нэрээр эмийн ургамал түүж, хилээр гаргаж байна

Улс төрийн намуудыг татан буулгах тэргүүтэй хуулийн төслүүдийн талаар Иргэний зориг ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатартай ярилцлаа.

7 өдрийн өмнө
10 мянган хүн нэгдэж Туул голын эргийг цэвэрлэнэ

Тавдугаар сарын 18-ны өдөр Туул голын цэвэрлэгээг зохион байгуулна

21 өдрийн өмнө
Ц.Элбэгдорж: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол яагаад ч юм төрөөд байсан

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар ярилцлаа.

1 сарын өмнө
Д.Энхтүвшин: Надад улс төрд орох боломж байсан. Гэхдээ би бизнесийг сонгосон

Бизнес өрөг нэвтрүүлэг шинэ цувралынхаа эхний зочноор MCS группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшинг онцолж ярилцлаа.

1 сарын өмнө