С.Эрдэнэболд: ЖДҮ Их хурлыг тараах хангалттай шалтгаан мөн

3.2 мянга
6 сарын өмнө
С.Эрдэнэболд: ЖДҮ Их хурлыг тараах хангалттай шалтгаан мөн

Ардчилсан намын дэргэдэх "Ардчилсан залуучуудын холбоо"-ны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэ­болдтой ярилцлаа.

 


-МАН задарч байгаад учир зүйгээ олж байх шиг байна. Харин сөрөг хүчин болох Ардчилсан намын дотоод зодоон ид өрнөж эхэллээ. Үүнийхээ горыг амсаж УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор задарч зөвлөл байгуулсан. Ардчилсан намын дотоод асуудал цэгцрэх болоогүй юу. Танай намын лидер гэгдэх хүмүүсийн намынхаа гадна талд гарчихлаа?

 

-2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш манай намд шинэчлэлийн асуудал яригдсан. Тухайн үед намын шинэчлэлийг таван тулгуурт багтаан авч үзсэн. Нэгдүгээрт, үзэл баримтлалаа шинэчлэх. Хоёрдугаарт, Үндсэн дүрмээ шинэчлэх. Гуравдугаарт, хүний нөөцийн орц, гарцаа тодорхой болгох. Дөрөвдүгээрт, санхүү ил тод нээлттэй болох. Тавдугаарт, гишүүдийн оролцоог илүү хангуулах хэрэгтэй гэж үзсэн. Эдгээр зарчмын дагуу эхний ээлжинд үзэл баримтлалын ажлын хэсэг гурван ч удаа байгуулагдан ажилласан. Үүний дүнд оны эхэнд үзэл баримтлалаа Улсын дээд шүүхэд шинэчлэн бүртгүүлж чадсан юм. Хэдэн мянган хүний оролцоонд суурилсан ажил болж чадсан. Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр намын бүх шатны дарга, сонгуульд дэвшигчид намын анхан шатнаас тодордог байхаар өөрчилсөн. Салхи оруулахын тулд цонхоо нээхэд ялаа батгана орж ирдэг. Түүн лугаа дотоод өрсөлдөөнд сайн талууд бий ч шүүмжлэлтэй зүйл байхыг үгүйсгэхгүй.

 

Намын лидер гэгддэг байсан хүмүүс намын гадна талд гарчихлаа гэж байна. Гэхдээ намын анхан, дунд шатны дарга нар, намын хорооны гишүүдийн 70 орчим хувь нь шинэ буюу залуу үеэс бүрдсэн. Намын Үндэсний бодлогын хороонд 408 хүн байдаг. Тэднээс 300 орчим 39-өөс доош насныхан болсон.

 

-Шинэчлэл явж байгаа. Гэхдээ мөнгөний нам болчихлоо гэдгийг танай намын залуус хүртэл ярьж байна л даа...?

 

-Тэгвэл намын дотоод сонгуулийн зардлыг хэн гаргах юм. Аль нэг буянтай компани гарч ирээд тэр зардлыг өгөх юм уу. Хэн нэгэн хүн бүтнээр нь гаргах ёстой юу. Хүн идсэн хоолныхоо мөнгийг өөрөө төлдөг. Ардчилсан намын санхүүг ойлгоход амархан болсон. Үндэсний бодлогын хорооны 408 гишүүн жилд гурван сая төгрөгийн татвар төлж, 1.2 тэрбум төгрөгийн орлого олж байна гэсэн үг. Намд ажиллаж буй хүмүүсийн цалин, нийгмийн даатгалд хэдийг төлж байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Хуучин цаг шиг далд эх үүсвэрээр эсвэл намын байраа зараад олсон мөнгөөрөө намын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлдэг байдлыг таслан зогсоосон.

Ардчилсан нам үзэл баримтлалаар тодорхойлогдсон зарчмынхаа хүрээнд цаашид ажиллана. Харин бүлэгтэй байна уу, үгүй юу гэдэг дээр намын удирдлагууд байр сууриа илэрхийлэх байх. Ардчилсан нам сөрөг хүчин тул сөрөг хүчнийхээ ажлыг хийх хэрэгтэй. Тэр нь эрх баригчдыг шүүмжлэхийн тулд сөрөг хүчин байх ёсгүй. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн тулд зарчмын шаардлагууд тавьж, бодлогын өрсөлдөөнд оролцож байх ёстой. Аливаа юмс үзэгдлийг харьцангуй утгаар үнэлэх хэцүү. Машин 50 км цагийн хурдтай явж байлаа гэхэд давааны цаана 70 км цагийн хурдтай явах боломжтой шүү дээ. Тэнд ямар ч эрсдэл хүлээж байж магадгүй. Шинэчлэл гэдэг А цэгээс Б цэг хүрээд дуусчихдаг юм биш. Цаг ямагт үргэлжилж байдаг процесс.

 

-Тэгээд яана гэсэн үг үү?

 

-Ардчилсан намын нэрээр төрийн өндөр алба тушаал хашсан, хашиж байгаа хүмүүст залуучуудын байгууллагын зүгээс “Жудагтайхан шиг үлгэр дуурайлал болж яваачээ” гэдэг сануулга өгч байгаа юм. Ах нар Монголд ардчиллыг авч ирэхийн тулд эрхээ хязгаарлуулахаас эхлээд зовлон бэрхшээл туулсан. Тэр бүхнийг нь хүндэтгэдэг. Гэхдээ үүндээ эрдэж залуу үедээ зодооноо өвлүүлэх, хойч үедээ зовлонгоо үүрүүлэх гээд байх шалтгаан байхгүй. Хэрэв тэгвэл бид зоригтой зогсоно. Ардчиллыг Монголын ард түмэн хамтдаа тэмцэж босгосон тул Ардчилсан нам дангаараа өмчлөх боломжгүй. Харин тэр үзэл санааны хамгаалагч байх ёстой. Үүнийхээ төлөө манай нам илүү идэвх, зүтгэлтэй, хариуцлагатай байх шаардлагатай юм.

 

-Ардчилсан нам хүссэн хүсээгүй ах нарынхаа зодооны дунд орчихлоо. Та нар үүнээс нь хэрхэн ангид байх ёстой юм?

 

-Ах нар зодолдоод юу шалихав дээ. Зодолдвол зодолдож л байг, бид харин зарчмаа бариад урагшаа явах ёстой.

 

-Залуучуудаа хөлдөө чирээд байгаа юм биш үү?

 

-Иймэрхүү зүйл ажиглагддаг. Гэхдээ нийтлэг үзэгдэл биш. Ийм нөхцөл байдалд хүргэсэн өөрсдийнх нь буруу. Амин найзуудын байлдаан Ардчилсан намын зодоон болж бие биенээ шорон гяндангаар далайлгаж, зарим нь үзэл санааныхаа эсрэг хулгай хийж луйварчин болсон түүх үнэн байхгүй юу. Үүнийг залгамжлахгүй байх эр зориг нь, ухаан нь залуу үед байгаа гэдэгт итгэдэг. Тиймээс Ардчилсан нам дотор бугшсан идээ бээрийг хагалах ёстой. Бүр хурц хутгаар хагалах ёстой юм.

 

-Намын лидер байсан хүмүүс чинь “Би л шударга ёсны төлөө тэмцэж байна” гэх юм. Хэнд нь итгэх ёстой юм бэ?

 

-Ард түмэн загасны ойтой биш гэдгийг үргэлж санах ёстой. Сүүлийн 20 жил хэн хэн ямар үйлдэл хийсэн. Хэн ямар байр сууринаас хэн болж өөрчлөгдсөн бэ гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

 

-Танай нам бужигнаж байна. Тавдугаар сарын нэгэнд сонгууль боллоо гэж бодоход танай нам сонгуульд оролцоход бэлэн үү?

 

-Бид улс төрийн үйл явцыг явж буй хэлбэр талаас нь хараад юу ч гэж тайлбарлаж болно. Сонгууль болтол хугацаа байна. Энэ хооронд юу ч болохыг үгүйсгэхгүй. Асуудал гээндээ ч бий, гоондоо ч бий. Намын өнцгөөс нэгийг нь шүүмжлээд нөгөөг нь хамгаална гэдэг бол богино бодолтой хүмүүсийн хийдэг ажил. Монголынхоо эрх ашгийг харах ёстой, бид. Асуудал олон өнгөтэй гэдгийг мэдсээр байж хар, цагаан гэдэг хоёр өнгөөр харна гэдэг харалган бодлого. ЖДҮ ярьж байгаа хүнийг 60 тэрбумынх, 60 тэрбум ярьж байгаа хүнийг ЖДҮ-чин гэдэг хоёр сагс руу хуваах гээд байна. Ухаандаа аль аль нь гэмт хэрэг. Хувь хүмүүсээс биш хуулийн хүрээнд явдаг төр засагтай, системээ зөв ажиллуулах юм бол энэ хүний зовлон биш нийгмий бодлого болж хувирах ёстой юм. Нийгмийн бодлогыг шийдвэрлэх олон гарц бий. Харин хүний зовлонг хэзээ ч анагааж чаддаггүй. Хүн амьдралынхаа туршид хувь хүний харилцаанаас үүдэлтэй ямар нэгэн шарх сорвийг сэтгэлдээ тээсээр явдаг. Тэр асуудлыг нь төр бүхэлд нь шийдэх ямар ч боломжгүй.

 

-Ардчилсан нам Улс төрийн бодлогын зөвлөлийнхөө шийдвэрийг дагаагүй гишүүдээ намаасаа түдгэлзүүлсээр байх уу?

 

-Тухайн нөхцөл байдалд бид тухайн хүний шийдвэрийг харгалзан үзэх ёстой. Л.Болд гишүүнийг би ойлгож байгаа. Түүнийг яаж буланд шахаж сайдаас нь огцруулахын тулд ямар хуйвалдаан явж, банкийг нь булааж авахын тулд ямар хор явуулж, ойр дотны хүмүүсийг нь цагдаагаар айлгаж, өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэх гэж байсныг мэдэхийн хувьд МАНАН дэглэмийг унагаах тэр үйлдлийг нь хэзээ ч буруутгаж чадахгүй. 30 жил улс төрд явсан хүний байр суурийг өмнөөс нь тайлбарлах утгагүй. Гэхдээ аль болох бид ойлгох ёстой. Ардчилсан намын Үндсэн дүрэмд байгаа асуудлыг Үндсэн дүрмийн хороо нь хэлэлцээд шийдвэр албажаад явсан. Тэр хурал дээр нь би ч гэсэн байсан. Үгээ ч хэлсэн. Түүнээс биш МАН цэгцрээд АН дампуураад байгаа юм байхгүй. Намыг удирдаж байгаа хүмүүстэй холбоотой асуудлыг нам руу наах гэсэн оролдлогууд явж байгааг үгүйсгэхгүй. МАН, АН хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл биш. Гэхдээ институцийн хувьд МАН хүнд байдалд орчихлоо. АН-ынхан дарга нараа чөлөөтэй шүүмжилж чадаж байгаа биз. Институцийнхээ хувьд эрх чөлөө нь байгаа гэсэн үг.

 

Манай намынхан тогоо руугаа нулимж, гэнэт гэгээнтний дүрээр бууж ирэхийг хараад жигшиж байна. Тэд мундаг л явж ирсэн юм бол эрх мэдэлтэй байхдаа хийж, дарга байхдаа зохицуулж байх нь яасан юм. Өчнөөн жил энэ төрийг удирдаж ирсэн хүмүүс залуу үе рүүгээ нулимж, хагаралдуулах гэж гэгээнтэн болж бууж ирж байгаа нь жигтэй үзэгдэл байхгүй юу. Н.Алтанхуяг даргыг ойлгож байна. Охиныг нь, зөвлөхийг нь гэмт хэргээр барьцаалсан байх жишээтэй. Арай ч ингэж болохгүй дээ гэж бодож байсан, тухайн үед. Намын зодооны зарчим алдагдаад улс төрийн зодоон болчихсон. Нэг үгээр хэлбэл институцийн хямрал руу орчихсон хэрэг. Ийм нөхцөл байдалд хүргэсэн дарга нарын буруу. Энхболдоо, гэхдээ юм өөрчлөгдөнө шүү.

 

Нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж гуайн “Болохгүй юм гэж орчлонд байхгүй

Борхон туулай арсланг ч дийлнэ

Болзоот нөхөр нь зовлонд учрахад

Босож, суувч хамтдаа гэж тангараглана

Бодлогын амраг нь өөрийг сонгоно

 

Болно, болно бүгд болно, болохгүй юм гэж орчлонд байхгүй” гэж шүлэглэсэн байдаг. У.Черчиль “Мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байхгүй. Мөнхийн эрх ашиг л байна” гэж хэлсэн. Өмнө нь Ц.Нямдорж, өнөөгийн Ерөнхийлөгч хоёр яаж бие биенээ үзэн яддаг байлаа. Одоо яаж байна. Зүгээр л бодоод үзээрэй. Өнөөдөр тэврэлдсэн нөхөр маргааш зодолддог, нөгөөдөр тэврэлддэг ийм л зүй тогтол бий болсон. Хувь хүний харилцаа гэдэг ийм аюултай. Үүн дээр нь төрийн шийдвэрүүд гараад явбал ард түмэнд илүү хохиролтой байдаг л даа. Тиймээс хэн нэгнээс хамаардаггүй систем зөв явдаг байх хэрэгтэй.

 

-Хүн ер нь өөрт ашигтай тэр цаг хугацааг хүлээдэг юм биш үү?

 

-Өөрт ашигтай үед дуугараад бусад үед нь эс үйлдлээрээ дэмжээд байна гэж байхгүй. Тухайлбал, “Бургас” ажиллагаан дээр бүгдээрээ нэгдээд явах ёстой. Экологийн асуудал дээр ямар ч нам өөр бодлого гэж байдаггүй. Бүгдээрээ байгалиа аврах, нөхөн сэргээх, буруутай этгээдэд хариуцлага тооцох нь зүй ёсных. Гэтэл үүнийг улс төржлөө гэдэг. Уучлаарай, улс төржсөн ч хамаагүй үр дүн гарах ёстой юм.

 

-Танай намын зарим залуус намын даргаа огцруулна гэх юм. Үндсэн дүрмээрээ огцруулах боломжгүй болгосон биз дээ?

 

-Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллын үнэ цэнэ. Тэр утгаараа ямар ч үед яаж ч илэрхийлж болно. Тэр хүмүүсийн өмнөөс би тайлбар тавих эрхгүй. Таамаглаж ярих шаардлагагүй.

 

-Танай намын зүгээс УИХ-ыг тарах ёстой гээд байгаа. Таны байр суурь ямар байдаг юм бол. Энэ Их хурал үнэхээр эрх зүйн чадамжгүй болчихсон юм уу?

 

-Засаг огцруулах муу. Муу засгийг огцруулахгүй бол бүр муу гэдэг үг бий. ЖДҮ-тэй холбоотой гээд 49 гишүүний нэр гарсан. Харин баталгаатай 20 гаруй гишүүн байна. 60 тэрбумыг манай улсын Ерөнхий сайд хүлээн зөвшөөрсөн. Тэр ч утгаараа М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулсан. Үүнээс үзэхэд 60 тэрбумаар бүрдсэн УИХ гэдэг нь батлагдаж байгаа биз. Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумаас бүрдсэн УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэж хэлсэн. Энэ зарчмын асуудал. ЖДҮ Их хурлыг тараах хангалттай шалтгаан мөн. Ардчилсан намын гишүүд “Бид ийм хууль бус зүйл дээр нэгдэхгүй” гээд ЖДҮ-г цөлмөсөн байдлыг эсэргүүцээд бүрэн эрхээсээ түдгэлзчих хэрэгтэй байгаа юм.

 

-АН-ын бүлэг зөвлөл болсны сөрөг үр дагавар байна уу?

 

-Завсарлага авдаг, авдаггүй л гэдгээс биш бүлэг, зөвлөлд чанарын ялгаа алга. Эрх баригчид асуудлыг хүчиндээд явчихаж байна. Ардын намын гишүүдийн дийлэнх нь барьцаанд орчихсон. ЖДҮ-тэй холбогдсон болохоор бүгд айдастай. Зарим нь Үндсэн хуулийг гажуудуулсан тэс хөндлөн зүйл яриад сууж байгаа. Энэ Их хурал үнэхээр өрөвдөлтэй байдалд орсон.  Их хурал тарж болно. Их хурлын гишүүдийн нэр хүнд муу байж болно. Гэхдээ парламентат ёс гэдэг тогтолцоог бид хамгаалах ёстой.

 

-Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг дээр түр хороо байгууллаа, Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудлыг 40 ам.доллар төлж хаалаа гэдэг зүйл яригдаж байна. Эдгээрийг аль өнцгөөс нь харж байна вэ?

 

-Эрдэнэтийн 49, 51 хувийг аль алийг нь шалгах шаардлагатай. “Стандарт” банкны өрийг төлсөн асуудал нь хуулийн хүрээнд болсон уу, цаашид яах юм гэдгийг ч шалгах нь зөв. Хувь хүн өртэй болчиход яаж дарамталдаг нийгэм билээ. Гэтэл тэрбум тэрбумаар нь хулгай хийсэн хүний өрийг төр дарж байгааг ойлгохгүй байгаа. С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудлыг би сайн мэдэхгүй. С.Зоригийн хэргийг илрүүлэх гэж байгаа нэрийн доор хүнийг эрүүдэн шүүх асуудлыг зөвтгөж болохгүй. Байж болшгүй асуудал. Үүнийг мэдсээр байж яагаад өнөөдрийг хүртэл дарчихсан юм бэ. Л.Гансүхийн нүүрсний хэрэг, гэрч Б.Булганыг гэрэлтэй өрөөнд байнга байлгасан асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл очиж суулт хүртэл хийж байхад яагаад тоогоогүй юм бэ. Ийм улс төрийн хандлагатай байж болохгүй. Эрүүдэн шүүхийг аль ч нам дэмжихгүй. Гэсэн ч бичлэг гэсэн яриа гаргаж байгаад маргааш нь Үндсэн хууль зөрчин ҮАБЗ-ийн гурван хүнд эрх шилжүүлж болохгүй. Бие өвдөхөөр үзүүлтэл “Бөөр нь өвдөж байна” гэчихээд уушгийг нь тайраад авчихаж болохгүй биз дээ. Эрүүдэн шүүснээрээ хэргийн үйл явцад нөлөөлсөн үү, үгүй юу. Эрүүдэн шүүсэн гэдгээр нь хүмүүсийг шалгаж байгаа юм билээ. Энэ нь хуулийнхаа дагуу шийдэгдээд явах байх.

 

Эх сурвалж:  "ӨГЛӨӨНИЙ СОНИН" 

Санал болгох