С.Анударь: Дугуйн замыг авто замаас зайдуу байгуулах хэрэгтэй

2.5 мянга
1
11 өдрийн өмнө
С.Анударь: Дугуйн замыг авто замаас зайдуу байгуулах хэрэгтэй

 

Стандартад нийцэхгүй дугуйн замууд эхнээсээ борооны усанд угаагдаж, эвдэрч эхэлжээ. Мөн дугуйн замтай холбоотой хөтөлбөрүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас “Дугуйтай гэр бүл хуудсыг үүсгэн байгуулагч С.Анударьтай дугуйн замын стандарт, хэрэгцээний тухай ярилцлаа.

-Дугуй унаад хэдэн жил болж байна вэ?

Миний хувьд 2013 оноос дугуй унаж эхэлсэн. Одоо гэр бүлээрээ дугуйтай аялж, влог хөтөлж, дугуй унахын ач холбогдлыг таниулж яваа. Сүүлийн аяллаараа Сайншандаас Хамрын хийд хүртэл дугуйтай аялж байсан. Энэ жилийн аяллынхаа дараа гадаадын улсаар дугуйтай аялал хийх санаатай байгаа.

-Одоо байгаа дугуйн зам хэрэглээ хангаж чаддаг уу?

Дугуйн замыг машин замаас зайдуу байгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад гэхээр дугуй унаад явж байгаа хүн алхаж яваа хүнээс илүү хүчилтөрөгч хэрэглэх шаардлагатай. Гэтэл дугуйн замтай ойрхон байхаар үргэлж машины хортой утаагаар амьсгалж, дуу чимээний бохирдолд  өртдөг. Нэг талаас эрүүл мэндээ анхаараад дугуй унаж байгаа ч нөгөө талаас машины хортой утаагаар амьсгалаад байгаа хэрэг л дээ. Миний хувьд анхнаасаа дугуйн зам төлөвлөөгүй зай багатай хотын төвөөр нүд хуурсан дугуйн зам хийж мөнгө үрэх хэрэггүй гэж боддог. Ачаалал ихтэй зай багатай газар хүчээр дугуйн зам хийхээр эрүүл мэндэд хортой дээрээс нь байсхийгээд ямар нэг орц гарц, барилга байгууламжаас болоод дугуйн зам тасалдаад байдаг. Гэтэл дугуйтай явж байгаа хүн алхаж яваа хүнээс хамаагүй хурдан явж байгаа учраас байнга зогсоод, хурдаа сааруулаад байх хэцүү. Тиймээс манай нөхцөлд  хүмүүс хотын төвөөр гэхээсээ илүү машин замаас зайдуу дугуй унахыг хичээдэг. Машин багатай зай талбайг нь шийдэж болохоор газраар чанартай зам тавих юм бол хэрэгтэй л дээ. Машин зам тавиад байвал машин нэмэгдэнэ. Дугуйн зам тавиад байвал дугуй л нэмэгдэнэ шүү дээ. Тиймээс замаа сайхан л тавих хэрэгтэй. Хэрвээ зай талбай багатай байгаа бол заавал замын 2 талаар дугуйн зам хийх хэрэггүй. Замынхаа нэг талд л шаардлага хангасан өргөн зам хийхэд болно.

-Стандартаас нарийн замууд ямар сул талтай вэ?

Жишээ нь миний дугуйны үрүүл 60см. Гэтэл дугуйн замыг нүдэн баримжаагаар харахад 90 см орчим байдаг. Тэр зам дээгүүр дугуйтайгаа багтаад явлаа гэхэд хажуугаар явган хүн зорчиход хүндрэлтэй. Өөдөөс ирж байгаа дугуйтай хүнтэй зогсож зөрөх эсвэл хажуугийнхаа шороон зам руу орж зөрөхөөс өөр аргагүй болдог. Хорооллын эцсээс гэмтэл хүртэлх дугуйн зам 90см ч хүрэхгүй өргөнтэй, ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй том бордьюртай, эвдэрчихсэн 10м ч хүрэхгүй яваад тасардаг. Бүр зарим дугуйн замыг модны дундуур тавьчихсан учраас модны мөчир түрж ургаад тонголзож, холбирч явах хэрэгтэй болно . Ер нь энэ зам тавиад байгаа хүмүүс дугуйчдыг их жижигхэн хүмүүс гэж боддог байх аа.

-Дугуйн зам явган хүний замтай ойрхон байхаар явган хүний замаас ялгагдахгүй байх шиг байна?

Явган хүний замын талыг улаан, ногооноор будаж бий болгосон дугуйн замыг хэн ч тоож дугуйн зам гэж хардаггүй. Явган хүний зам шигээ л санадаг. Будаг нь ч борооний усанд угаагдаад арилж байгаа учраас хосууд хөтлөлцөөд алхаж гарна. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцоё гэдэг шиг ээ дугуйн замыг чөлөөлж алхъя гэсэн санаатай уриалга явуулбал зүгээр санагддаг.

-Явган хүний замын талыг дугуйн зам болгож будсан байдаг шүү дээ. Тэр зам ер нь дугуйтай явахад тохиромжтой юу?

Бороо, цас орсны дараа тийм зам дээгүүр халтираа үүсдэг.  Бороо, цас ороогүй байлаа гэхэд замын хээ рүү дугуй ороод осолдож ч болно. Тэгэхээр явган хүний замыг будах нь аюултай. Бага тойргийн дугуйн зам арзгар гадаргуутай, цас орсон ч гэсэн халтираа үүсдэггүй. Цаашдаа тийм стандартаар хийвэл тохиромжтой санагддаг. Хотын төвийн дугуйн замууд шаардлагад нийцэхгүй байгаа учраас хүмүүс нэгдүгээр эгнээгээр дугуйтайгаа хөдөлгөөнд оролцсон хэвээрээ л байна.

-Тэгвэл дугуйн зогсоол хэр хүртээлтэй байдаг вэ?

Заавал стандарт дугуйн зогсоол байх шаардлагагүй л дээ. Дугуйгаа хашаа хайснаас түгжээд орхиж болно. Гэхдээ алга болохгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй, ямар ч найдваргүй гэсэн үг. Саяхан манай охины дугуйг орцноос хулгайлчихсан. Эзэн нь олдоогүй байсаар хэрэг хаагдсан юм. Тиймээс дугуйн зогсоолоос илүү дугуй бүртгэлжүүлэх ажил хийвэл илүү оновчтой байх. Дугуйгаа алдах эрсдэлгүй болчихвол хаанаас ч гэсэн түгжээд орхиж болно.

-Ер нь дугуйтай явахад тохиромжтой зам бий юу?

Хотын захаар зуслангийн замууд их аятайхан. Гэхдээ тэр сайхан замтай залгатлаа нөгөө л замтай замгүй газраараа явж хүрдэг. Манайх зуун айлд байдаг юм. Зуун айлаас Бэлхийн зам дугуйн зам хүртэл 10 км шахуу хэцүүхэн замаар явж хүрдэг. Эрээвэр хураавар газраар явахад шилний хагархай, чулуу дугуй хагалчих гээд асуудал их.

-Дугуйтай явж байгаад осол гэмтэлд өртөх эрсдэл хэр их вэ?

Монголд дугуйчдад зориулсан даатгал байхгүй. Өнгөрсөн жил “U Bike” гэнэтийн ослын даатгалын хэлбэрийг жаахан өөрчлөөд даатгал гаргуулсан байдаг. Түүнээс биш Монголд дугуйчдад зориулсан даатгал байхгүй л дээ. Замын хөдөлгөөн саарчихсан үед явган хүний гэрлэн дохиогоор дугуйгаа түрж биш унаж гараад мөргүүллээ гэж бодоход дугуй унаж явсан хүний буруу болдог гэх мэтээр засаж сайжруулах хэрэгтэй зүйл их бий. Дугуйн зам шаардлага хангахгүй байгаа учраас нэгдүгээр эгнээгээр зорчих хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл би хэчнээн сайн дугуйчин байлаа гээд хэдэн муу жолооч тэр зам дээр яваа билээ. Уг нь би дугуйндаа хонхтой  байх ёстой. Гэхдээ хонхтой байгаад ямар ч нэмэргүй. Олон машины чимээн дунд хэн ч миний хонхыг сонсохгүй. Тэгэхээр буцаад л нэгдүгээр эгнээгээр биш замаараа зорчих хэрэгцээ үүснэ.

-Цаашид дугуйн замыг яаж хаана, яаж хийвэл тохиромжтой вэ?

Стандартад нийцүүлээд хийх хэрэгтэй. Тийм дугуйн зам хэрэгтэй учраас л стандарт гэж байгаа. Одоохондоо Монголд хотоос гарсан дугуйн зам байхгүй. Уг нь хотоос гарсан дугуйн замыг хөгжүүлэх юм бол дугуйн аяллыг хөгжүүлэх боломжтой гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа

 

Санал болгох

Дондогдулам хатны дурсгалаас шавар цутгамал хүний толгой, шавар бурхны хэлтэрхий олджээ 

Соёл, урлагийн газрын  мэргэжитнүүд Улсын эх дагина Дондогдуламын дурсгалт газрын малтлага судалгааны ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

16 цагийн өмнө
АТГ: Кёкүшюзан Д.Батбаяр бусдыг залилсан гэх гомдлын мөрөөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн

АТГ-аас сар бүр хийдэг хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа.

17 цагийн өмнө
“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ

 Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ.

17 цагийн өмнө
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 7 албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай

АТГ-ын хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ

17 цагийн өмнө