Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ, Ц.Нямдорж оо

3.9 зуу
3
1 сарын өмнө
Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ, Ц.Нямдорж оо

Монгол Улс хоёр Ерөнхий прокурортой болчихоод байгаа. Нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс санал болгож УИХ-аар ёсчилсон Б.Жаргалсайхан. Харин нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Өөрөөр хэлбэл, манай шударга сайд “Эрдэнэт”-ийн 49 хувь болон С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр санаачилгыг гартаа авч, УИХ-ын чуулганы танхимыг шүүх танхим болгон хувиргаж, өөрөө улсын яллагчийн дүрд тоглох болсоор удлаа. Үг хийгээд үйлдэл бүр нь далд ашиг сонирхол бүхий тэрбээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр улайран улстөржиж байгаа нь цаанаа л сэжигтэй.

Ардчиллын алтан хараацайн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийг хорих ангид эргэж очиж, төрийн сайдын ёс зүйг умартсанаа хэвлэлийнхний өмнө хэнэг ч үгүй ярих нь бүр ч аймшигтай. Гүйцэтгэх ажиллагааны нууц хийгээд гүйцэтгэх ажилтнуудын нэрсийг нийтэд зарлаж хууль зөрчих нь “Орондоо ч, онгоцонд ч хууль засдаг” сайдад юу ч биш аж. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдсон Ц.Нямдорж ийнхүү хуулин дээр Төрийн ордны цайны ширээн дээр гуталтайгаа гишгэдэг шигээ гишгэж, С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр амь тэмцэхийн учир харин юу бол…!?

Түүнийг Төрийн ордон болон УИХ, Засгийн газрын хуралдааны танхимыг шүүх танхим болгож “тоглох” зуур буюу 2019 оны эхний улиралд улсын хэмжээнд хүн амины гэмт хэрэг 20.8 хувиар өсч, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрынхан энэ он гарсаар 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа тухай албан ёсны мэдээллүүд гарсаар байна. “Эрүүгийн ертөнцийнхнийг дарсан баатар” гэж өөрийгөө рекламдуулдаг Ц.Нямдорж сайдад залуус хар тамхинд живж, хүүхдүүд сураггүй алга болж байгаа нь огт падгүй бололтой.

Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар өнгөрсөн оны аравдугаар сарын 04-нд Төрийн ордонд нэгэн ноцтой мэдээллийг хийсэн. Тэрбээр “Ц.Амгаланбаатар захиалагчийн нэрийг хэлчихсэн юм билээ шүү дээ” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн нь сэжиг бүхий сэжүүр биш гэж үү. Монгол Улсын Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сарын 01-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргасан. Угтаа Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад ийм шийдвэр гарсан ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 14926 хуудас материалыг ил болгохоор хоёр дахиа шийдвэрлэсэн нь энэ.

Нэг ёсондоо, хэргийн гүйцэтгэгчдэд холбогдох хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан юм. Харин 74 хуудас материалыг “Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаатай холбоотой” хэмээн нууц хэвээр үлдээсэн. Олон нийтийн зүгээс “Үлдсэн 74 хуудас хавтаст хэрэгт л захиалагчтай холбоотой хэрэг байгаа болов уу” гэх таамаглалыг дэвшүүлсэн хэвээр байгаа. УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2015 онд байгуулагдаж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх гүйцэтгэгчдийг илрүүлэн шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн ч захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж байсан юм.

Яг энэ эгзэгтэй үед Ц.Нямдорж гэмтнүүдийг биш, өөрийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажиллах үед илрүүлээгүй энэ хэрэг дээр улсын яллагчийн дүрд тоглож, улс төрийн гол хэрэгслээ болгон ашиглаж байгаад АН-ынхан төдийгүй МАН-ынхан ч дотроо эгдүүцэж суугаа. УИХ-ын гишүүн О.Содбилэг 2015 онд “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж, бурхан болсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлж чадахгүй учраас С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбон хэлмэгдүүлэх гэж байна” гэж фэйсбүүк хуудастаа бичиж байв. Харин улс төрийн хүрээнийхэн энэ талаар “О.Содбилэгт хов хүргэсэн нөлөө бүхий хүн нь Ц.Нямдорж сайд байх” хэмээн ил, далд ярилцах нь бий.

Шударга дүрт Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахиа томилогдсоны дараа С.Зоригийг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг мөн адил тав дахиа тараажээ. Хувь улс төрчийнх нь улайрсан дайралт, О.Содбилэгийн бичсэн пост, “С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг илрүүлсэн нь хэлмэгдүүлэлт” гэх хэвлэл мэдээлэл, сошиалаар хөврөх өндөр төлбөрт сөрөг ПР, захиалагчийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлогууд, гүйцэтгэх ажиллагааны нууцыг удаа дараа задруулсан явдал, С.Зоригийг хөнөөсөн хэргийг улс төрийн өшөө авалтын хэрэгсэл болгохыг завдаж буй үйлдлүүд гэхмэтчилэн Ц.Нямдорж сайд ба энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөх үйл явдлуудыг ажиглавал “Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуумаар санагдана.

Үнэхээр захиалагч нь хэн бэ, Ц.Нямдорж сайд аа. Захиалагчийн хэргийг замхруулах захиалгыг танд хэн өгсөн бэ. “Ц.Амгаланбаатар захиалагчийн нэрийг хэлээд л байсан юм билээ” гэдэг энэ үгийг та телевизийн камерын өмнө хэлсэн. Энэ бол хөдөлшгүй бөгөөд үгүйсгэшгүй баримт. Тэгэхээр “Гүйцэтгэгчдэд холбогдох шүүхийн тогтоолыг би харсан” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнчлэн Ц.Амгаланбаатар хэнийг захиалагчаараа нэрлэснийг Ц.Нямдорж сайд та мэдсэн л байж таарна. “Түр хороо байгуулна, би ахална” гэж улайраад байгаагийн тань цаана С.Зоригийг хөнөөсөн хэргийг бүр замхруулах санаархал байгаа юм биш биз. Энэ санаархал тань тодорхой болбол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ч дэнжигнүүлж, МАН-ынхныг яруу алдарт 100 жилийн ойгоор нь гудамжинд гаргахын л дохио.

Ц.Нямдорж сайд “Намайг энэ хэрэгт анхаарал тавиад эхэлмэгц над дээр эрүүгийн таван хэрэг үүсгэсэн” гэж ярих болсон. Өрөвдүүлэх тактик ч байж мэднэ. Өөрийг нь Хятадын тусгай албадтай холбоотой байсан эсэх тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа шүүхийн тогтоол уншиж, гүйцэтгэх ажилтны нэрийг зарласнаараа улсын нууц задруулсан хэргээр прокурор, тагнуулын байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь 2018 он. Тэр ч атугай эхнэр, хүүхдүүд, бэрийнхээ нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгөтэй нь хэвлэлүүдээр илж болж, АТГ-ынхан ч энэ хэргийн мөрөөр орж шалгаж байсан удаа бий. Гэвч өөртэйгөө холбоотой эл хэрэгт шударга сайд нөлөөлж хав даруулсан гэх мэдээлэл байдаг.

“Сэтгүүлчдийг тагнаж чагнасан” гэх дуулиант хэрэг нь ч мартагдаагүй байна. Өнгөн дээрээ шударга царайлж, үнэн хэрэгтээ сэжигтэй үйлдлүүдийг ийнхүү байнга гаргах Ц.Нямдорж гэдэг хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгасан явдлыг хувь улс төрчийн хувиар “мөрдөн шалгаж”, улс төр дэх дайснуудаасаа өс хонзонгоо авах зорилго бүхий Түр хороо нэртэй орчин цагийн Онцгой бүрэн эрхт комиссыг ахална гэж улайраад байна даа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага багтдаг. Ийм атал илт ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа биш үү. Ингэхэд Ц.Нямдорж “Эрдэнэт” дээр бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд саад болох гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд болдог юм биш биз. Болдог ч биш цаад эзэн нь түүнд ийм “тушаал” өгч таван удаа сайд болгосон уу. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд саад болох ямар нууц ашиг сонирхол танд байна вэ, Ц.Нямдорж сайд аа?

Эх сурвалж: News.mn

Санал болгох

Хэрэв тэр ялсан бол

Хэрвээ дэлхийн 2-р дайнд Гитлер тэргүүтэй нацистууд ялсан бол өдгөө дэлхийн дэг журам, газрын зураг, хүчний тэнцвэр, шинжлэх ухаан  одоогийнхоос хэр өөр байх байсан бол? 

15 өдрийн өмнө
“Тэнэг төр” тэмдгэнд дуртай

Төр одон медалиар шагнахаа болилоо гээд юугаар хохирох гээд байна. Одоо дэлхийд социалист ЗХУ-ын үеийн шагналын системийг хэвээр хэрэглэж байгаа улс орон гэвэл Хойд Солонгос, Монгол хоёр л үлдэх шив дээ.

22 өдрийн өмнө