Ерөнхий сайд аа, Ц.Нямдорж сайд Янгийнхаа ачийг хариулж байгаа нь энэ үү

3.0 мянга
10
3 сарын өмнө
Ерөнхий сайд аа, Ц.Нямдорж сайд  Янгийнхаа ачийг хариулж байгаа нь энэ үү

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нараас асуух зүйл байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий тагнуулын байгууллагын ажилтнуудыг хоморголон баривчилж эхэллээ. Энэ баривчилгаа өнгөрсөн баасан гарагт үргэлжлэв. “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн шууд удирдлаган дор явуулж байгаа” гэх энэхүү дайчлан баривчилгаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурц ч өртлөө. Энэ юу болоод байна вэ!  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлснээр “Тагнуулын байгууллагад ажиллах босго өндөр, харин гарах хаалга хаалттай байдаг” атал “Хятадын тусгай албадтай холбогдож, нөлөөллийн агент нь болж байсан” гэх хэргийн “сэжигтэн” Ц.Нямдорж Монгол Улсын нүд, чих болсон энэ байгууллагыг улс төрийн тоглоомынхоо хэрэгсэл болгож, монгол тагнуулчдаар өс хонзонгоо тайлж байгааг юу гэж ойлгох вэ. ТЕГ-ын дарга асан генерал Ж.Баатар 2017 оны гуравдугаар сарын 31-нд бичсэн захидалдаа “Ц.Нямдорж 1990 оны тавдугаар сард Хятадын тагнуулын хүмүүстэй холбоо тогтоосон тухай мэдээллийг тэр үеийн аюулгүй байдлыг хангах байгууллагын ажилтнууд тус тусынхаа шугамаар авч байсан юм билээ... Ц.Нямдорж тэр үеийн Хууль зүйн тэргүүн дэд сайдынхаа хувьд Засгийн газраар дамжин Улсын Бага хуралд өргөн барих хуулийн төслийг боловсруулахад шууд оролцдог байсан нь Хятадын тагнуулын байгууллагын анхаарлыг гойд ихээр татсан байдаг” гэж дурдсан удаатай. Түүгээр ч зогсохгүй Тао гэх хятад хүн “Ян нэг удаа Ц.Нямдоржид 17-ны өдөр “Бэлэг ав” гэж 800 юань өгсөн. “Энэ хүрэх үү” гэсэн. Ц.Нямдорж "Хүрнэ ээ" гэсэн. Замдаа Ц.Нямдорж “Янгийн буянаар Бээжин үзлээ, сайхан байлаа, их л хөрөнгө гарлаа. Үүний ачийг яаж хариулна даа” гэх мэт зүйл ярьж байсан” гэж мэдүүлж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа одоо ч бий. Тао гэх хятад хууль хяналтын байгууллагынханд ийн өчсөнөөс харвал, Ц.Нямдорж сайд Монголын тагнуулын байгууллагынханд санасан эртний өсөө эдүгээ цагийн тагнуулчдаас авч, мөнөөх Янгийнхаа ачийг хариулж байгаа нь энэ юм болов уу. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, таны харъяанд байдаг тагнуулын байгууллагад ийм ноцтой байдал нүүрлэлээ. Янгийнхаа ачийг яаж хариулахаа мэдэхгүй мэгдэн сандарч явсан Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргээр шалтаглан Монголын тагнуулын байгууллагын хүчийг сульдаах ажиллагаагаа хийж эхлэв үү. ТЕГ-ын дарга Д.Гэрэл ээ, удирдлагад тань ажилладаг залуусыг Ц.Нямдорж сайд, Ж.Батзандан, Лу.Болд мэтийн шударга дүр эсгэсэн популистууд улс төрийн золиос болгож эхэллээ. Яг Ж.Баатар генерал шиг... Энэ бүхнийг та зүгээр л хараад суух уу. Аль эсвэл Ц.Нямдорж сайдад Хотгор шанагын явдлаар барьцаалагдчихав уу. “Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаас удахгүй чөлөөлнө” гэх жижигхэн мессэжийг хэвлэл рүү шидмэгц та ажилгүй болохоос айсан уу.   

            Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид Монголын тагнуулын байгууллагынханд өсөрхөх шалтгаан бий. Энэ тухай яривал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн гарт 2003 оны дөрөвдүгээр сард дуулиант 45 хуудас материал орсон, энэ сэдэв өндрөө авч, улс төрд тектоник хөдөлгөөн үүссэн, тухайн үеийн ТЕГ-ын дарга нь УИХ-ын гишүүн Л.Гүндалайд “Гүйцэтгэх ажиллагааны материал” гэдгийг хэлсэн, төд удалгүй ТЕГ-ын дарга асан генерал Ж.Баатарыг баривчилж, Төв аймгийн мөрдөнд хорьсон, түүнд хорих ял оноосон гээд урт түүх бий. Ж.Баатар генерал 2004 оны нэгдүгээр сарын 8-нд болсон шүүх хурлын талаар “Ц.Нямдорж 2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын тусгай хүч хэрэгсэл, бие бүрэлдэхүүнийг хуугаар нь дайчлан Ганцхудагийн шоронг хэдэн давхар бүслүүлж, гарах, орох хөдөлгөөнийг 24 цагаар тас хорьж байгаад шорон дотор шүүх хуралдааныг хаалттай хийлгэж, “Ц.Нямдорж тагнуулын байгууллагатай холбогдсон” гэх асуудлыг үнэн зөв мэдүүлэхээр очсон гэрчийг баривчлахаар айлган сүрдүүлж, шүүх хурлын өрөөнөөс хөөн гаргаж, хуралдааныг өөрөө удирдан чиглүүлж, албан тушаал, эрх мэдлийнхээ хүчээр Хятадын тагнуулд элссэн хэргээсээ мултарч байсан юм” гэж хоёр жилийн өмнө бичсэн захидалдаа өгүүлжээ.

            Түүх давтагдав. Тухайн үед Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг хууль хяналтынхан 18 жилийн дараа илрүүлэв. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж гэдэг шударга дүр эсгэсэн улстөрчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрвөн удаа ажиллах үед илрээгүй, тоосонд дарагдаж хоцорсон эл хэрэг илэрсэн нь тэр. Ц.Нямдорж дахиад “ажил”-даа оров. Дахиад гэдгийн учир нь түүнийг 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоны дараахан Дамирангийн Энхбатыг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсан. Н.Энхбаяр гэдэг даргатай, УИХ-д 72 суудалтай эрх баригч хүчний лидер Ц.Нямдорж тэр үед АН-ынхныг “Даргагүй нам 2004 оны сонгуульд яаж оролцохыг нь харна аа” гэж заналхийлж байв. Дамирангийн Энхбат-“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, тухайн үеийн АН-ын дарга М.Энхсайхан... С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ийм холбоосоор илрүүлсэн мэт болгох сценари зохиосноо Ц.Нямдорж ийнхүү өөрөө илчилж орхисон түүхтэй. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд албан бичгээр хариу өгөхдөө “Иргэн Д.Энхбатыг 2003 онд Франц улсаас хүч хэрэглэн баривчилж, дөрвөн улс дамжуулан Монголд авчрах ажиллагааг ТЕГ-ын ажилтан Б.Хурц тэргүүтэй хүмүүс гүйцэтгэн уг асуудлыг тухайн үеийн ТЕГ нууцын журмаар шалгасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ЦЕГ уг ажиллагаанд огт оролцоогүй. Хуулиар ТЕГ нь Ерөнхий сайдад шууд харъяалагддаг бөгөөд тэнд явагдаж буй аливаа нууц ажиллагааг ХЗДХЯ болон сайд мэдэх, удирдах, чиглэл өгөх, ажиллагааных нь явцад хяналт тавих хууль зүйн бололцоо байхгүй. Эрүүгийн хэрэгт хяналт тавих ажлыг прокурорын байгууллага гүйцэтгэдэг” гэж бичсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байгаа биз. Товчхондоо, Ц.Нямдорж сайд тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, өдгөө МАХН-ын дарга Н.Энхбаярт хамаг бурууг тохжээ. Дамирангийн Энхбатыг улс дамжуулан Монголд авчрах даалгаврыг Б.Хурц тэргүүтэй тагнуулын ажилтнуудад хэн өгсөн, М.Энхсайханаар туг тахих улс төрийн зорилготой зохиолыг хэн бичсэн, хожим нь тагнуулч Б.Хурцыг хэн илчилсэн, түүнтэй хамт явсан тусгай албаныхныг илчлэх шахаж, эрсдэлд оруулсан хүн хэн бэ, Б.Хурцыг 2010 онд Лондон хотыг зорих гэж байгааг цааш нь дамжуулсан этгээд хэн болох гэхмэтчилэн эл хэрэгтэй холбоотой тайлагдаагүй нууц олон. Энэ нууцыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг бол мэдээж Ц.Нямдорж сайд.

            Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим дахь Ежовоор тодорч, МАН-ынхнаа “Хар дэвтэр”-ээр барьцаалсан Ц.Нямдорж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь жүжиг, хэлмэгдүүлэлт юм” гэх сценарийг зохиож, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх гүйцэтгэгчдийг өмгөөлөх ажлыг сүүлийн гурван жил хийлээ. Ял эдэлж буй этгээдүүдийг хорих ангид эргэж очиж, хууль зөрчлөө. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахиа томилогдмогцоо энэ хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг мөн л тав дахиа тараав. Түүгээр ч зогсохгүй “Хятадын тагнуул” гэх хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагчийг ажилгүй болгож дөнгөв. Ингээд тэрбээр улсын нууцаас гарахад бэлэн болчихоод байсан “Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбоотой юу” гэх хэргийг нууцын зэрэглэлээс гаргуулалгүйгээр хав дарж чадав. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хэргээр олон нийтийн тархийг угааж, ар хударгаар нь “Хятадын тагнуул” гэх хэргээ улсын нууцаас гаргуулалгүйгээр үлдээсэн нь энэ. Айхтар сценари боловсруулсан байгаа биз. Энэ ажилдаа албан тушаал, эрх мэдэлд дуртай, олны өмнө индэрт гарах “өвчтэй” Лу.Болд, Ж.Батзандан нарын гишүүдийг ч овжин ашиглаж чадлаа.

            Ц.Нямдорж нарын дэглэсэн “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь зохиомол” гэх сценарийн өрнөл хэсэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд үзүүлж, нийгмийг айдас хүйдэст автуулсан явдал юм. Тэд санасандаа хүрч, “Тагнуулынхан ийм муухай яргалал үйлдлээ” хэмээн баргар царай гаргасан дүр эсгэж, “Түр хороогоо яаралтай байгуулъя” гэж УИХ-ын гишүүдээр дэмжүүлсэн билээ. “Би энэ хороонд заавал орно” гэж улайрсан Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нарын улстөржилтийн дараагийн сэдэв нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой нотлох баримтууд байна гэдэгт эргэлзэх хэрэггүй л болов уу. Төрийн ордонд шоронгийн бичлэг үзүүлж, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааныг шүүх хуралдаан болгон хувиргаж, гишүүдийг айлгаж, сэтгүүлчдэд эрүүдэн шүүсэн тухай бичлэгийг үзүүлж сэтгэл хөдлөл ихтэй заримыг нь уйлуулсан Ц.Нямдорж сайдтан өөрийнх нь хэлдгээр ердийн хүн амины хэргийг улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, хүүгээ Австралид Элчин сайдаар томилуулах “виз” авч чаджээ. Лу.Болд гишүүн Засгийн газраас “Богд” банкиндаа хэдэн тэрбумаар нь санхүүжилт авч, Ж.Батзандан гишүүн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан яаманд нь хүн амины хэрэг гарсны улмаас огцорсон ах Ж.Бат-Эрдэнээ албан тушаал дэвшүүлэхээр МАН-ынхантай наймаалцаж яваа тухай мэдээлэл бий. Өнгөн дээрээ шударга дүр эсгэж, үнэн хэрэгтээ албан тушаал, эрх мэдлийн хожоо хайж яваа тэд С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ийнхүү зоолж, захиалагчийн хэргийг замхруулах “Захиалгат ажил”-аа хийж эхлэв бололтой. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зоригийг хөнөөсөн хэрэг удахгүй задарна” гэж Төрийн ордонд мэдэгдсэн нь “Та нар муусайнууд дахиад олон жил үнэнийг мэдэж чадахгүй болно. С.Зоригийг хөнөөсөн хэргийг бид ингээд саринуулж байгаа юм” гэснээс өөрцгүй байлаа. У.Хүрэлсүх сайд аа, “Монгол төрийг Ц.Нямдорж, Лу.Болд, Ж.Батзандан нараас хамгаалъя” гэх уриалга сошиалаар хүчтэй явж байна. Та энэ акцид нэгдэнэ биз дээ. Таны тэргүүлдэг Засгийн газрын Ежов болох Ц.Нямдорж тэргүүтэн Монгол тагнуулчдыг намнаж, Монгол төрийг сульдааж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг замхруулсны хариуд Монголын ард түмэн 2020 онд МАН-ын эсрэг сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. УИХ-д 64 суудалтай эрх баригч хүчнийхэн 2021 онд намынхаа 100 жилийн ойг Ц.Нямдорж гэдэг шударга улстөрчийнхөө гайгаар гудамжинд тэмдэглэхэд ойрхон байна. Ямартай ч Ерөнхий сайд та тагнуулын байгууллага болон Монголын тагнуулчдад юу тохиолдоод байгааг сайтар эргэцүүлээрэй. “Танхимаас чинь гарна” гэж таныг айлгадаг Ц.Нямдорж сайд тэднээр өс хонзонгоо тайлж байна. С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлдгийн даваан дээр юуны учир улайран дайрч, улсын яллагчийн дүрд тоглон Б.Хурц тэргүүтэй тагнуулчдыг хэвлэлээр яллаад буйнх нь учрыг Ц.Нямдорж сайдаас заавал асуугаарай. ТЕГ-ын дарга Д.Гэрэл энэ бүхнийг харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт царайлж, эрх мэдлийнхээ “хөнжил”-д шургалан байх зуур “Хятадын тусгай албадтай холбогдсон” гэх Ц.Нямдорж сайд Монголын тагнуулчдын зүрх зоригийг мохоох ажлаа хэдийнэ хийгээд эхэлчихлээ. Сталинд матаас хүргэгч Ежовын удирдсан их хядлагын дараа дэлхийн хоёрдугаар дайн болж, цэргүүдийг дайнд удирдаж оролцох маршал, цэргийн жанжид үгүй шахам болсон байсан гэдэг. Үүнтэй адил Ц.Нямдорж гэдэг шударга дүр эсгэсэн улаан коммунистын балгаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй тагнуулын байгууллагад ажиллах зориг зүрхтэй залуус үгүй болж, олон жилийн түүх нь сэвтэхвий. Мэдээж хэрэг, “Энэ бараан түүх Ц.Нямдорж сайдын үед болсон явдал” гэж биш, “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн үед тагнуулын байгууллагын сүр хүчийг мохоох оролдлогуудыг “”Хятадын нөлөөллийн агент” гэх нөхөр хийсэн” хэмээн түүхэнд үлдэх нь гарцаагүй. Үндэсний аюулгүй байдлын нүд, чих болсон тагнуулчдаа Ц.Нямдорж гэдэг дүр эсгэгчээс хамгаалаарай, Ерөнхий сайд аа. Үгүй бол танаас тагнуулын байгууллагаа аврах иргэдийн эсэргүүцэл өрнөж мэднэ шүү. Ард түмэн тэнэг биш...

Н.Энхбаяр  

Эх сурвалж: “Ардчилал таймс”           

 

Санал болгох

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж байна

Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

2 өдрийн өмнө
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

2 өдрийн өмнө
Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажилласан байна. 

2 өдрийн өмнө