Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

5.5 мянга
1
3 сарын өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

 

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

-“Playtime” хөгжмийн наадмыг үүсгэн байгуулагч Ц.Нацагдоржийн тухай яриагаа эхэлье?

 “Playtime” хөгжмийн наадмыг 2002 онд  Ц.Нацагдорж захирал үндэслэсэн. Хэдийгээр эрүүл мэнд, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн боловч хөгжимд дуртай учраас шинэ залуу хамтлагуудыг үзэгчдэд таниулах зорилготойгоор зохион  байгуулсан. Хамгийн анх таван хамтлаг оролцож байсан гэдэг.Тухайн үед Монголын хамгийн том хөгжмийн наадам болчихно гэж бодоогүй байх. Яваандаа улам чанаржиж гадаадын нэр хүндтэй хамтлагуудыг урьж оролцуулдаг болсон л доо. Дэлхийн нэр хүндтэй хамтлагуудыг наадамдаа урьж оролцуулахаар дагаад жуулчид ч ирдэг болсон. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд тус наадмын чанар чансаа өсөж, ач холбогдол нь ч нэмэгдэж байна.

-"Playtime 2019" зөвхөн амьд хөгжмийн наадам биш болж байх шиг байна. Энэ жилийн онцлог юу вэ?

Playtime амьд хөгжмийн наадам гэж явдаг байсан бол энэ жилээс хөгжмийн наадам болж байгаа. Хип хоп урсгалын уран бүтээлчид оролцохоор болсон. Тэгэхээр амьд хөгжим, хип хоп гэж урсгал чиглэлээр хуваагдахгүй дуу хөгжим гэдэг нэрийн дор цуглах боломжтой болж байгаа юм. Мөн нэг онцлог нь медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ маш онцгой уран бүтээлээр гэнэтийн бэлэг барина.

-Энэ жил гадаадаас ямар онцлогтой, хэдэн улсын хамтлаг ирж оролцох вэ?

Өнгөрсөн жил 11 орны 70 гаруй уран бүтээлчид ирж оролцсон. Энэ жил 14 орны уран бүтээлчид ирж байгаа бөгөөд АНУ-ын алдар “Yo La Tengo” Английн “The Wedding Present” гэх мэт алдартай хамтлагууд уригдсан. Мөн Тайваны Sunset Rollercoaster, Солонгосын DABDA гэх мэтээр гадаад дотоодын 30 хамтлаг бий. Бас нэг ололттой зүйлийг хэлэхэд манайх Англид олон улсын төлөөлөгчийн газартай болсон. Алдартай хамтлагуудыг мэйл бичээд л авчрах боломжгүй учраас шүү дээ. Тиймээс энэ жил төлөөлөгчийн газраараа дамжуулан алдартай хамтлагуудыг авчирч чадсан.

-Тайз тус бүр өөрийн нэртэй, онцлогтой байдаг. Тайз нэмэгдэх үү? Шинэ сонирхолтой үйл ажиллагаа юу байна вэ?

Үндсэн тайзууд дээр Монголын урлагийн зөвлөлтэй хамтарсан бэсрэг тайз, асрын хөтөлбөрийн хамт нэмэгдэж байгаа. “Нааглихац” тайз хуучин өнгө төрх, электроник хөгжим болон медиа урлагийн хосолмол урсгалаа хадгалж Францын Onra, Германы Tolouse, Монголын зэрэг Бодьхүү, Бэлгүүдэй тэргүүтэй 25 ДЖ ажиллана.

“Валдо” асар хөтөлбөр өргөжсөн байгаа. Жишээ нь: Эрүүл ногоон амьдралын хэв маягийг сурталчлах Win & Canvas, Пост модерн театрын тоглолт, йогын хичээл,чимээгүй диско ба бясалгал, загвар зохион бүтээгчдийн шоу болно.

Харин “Ла Ви Эн Роуз” тайзыг Бүтээлч лаб болгон шинэчилж “Playtime +”  хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бүтээлч лаб хэсэгт ногоон ба тогтвортой амьдралын хэв маяг, бүтээлч сэтгэлгээ ба инноваци , Монголын ирээдүйн дүр төрх гэсэн сэдвийн хүрээнд арга хэмжээ явуулах юм. Үүнд UB Comedy Club Comedy Lab болон Тагтаа хэвлэлийн газрын яруу найргийн цаг, Unread, Pecha Kucha8 Ted’X-ийн сонирхолтой хэлэлцүүлэг болох юм. Тэгэхээр Playtime наадам зөвхөн хөгжмөөр биш өөр олон төрлөөр  залуусын хөгжил, чиг хандлагад нөлөөлж эхэлж байна гэсэн үг.

-Playtime хөгжмийн наадмыг дагаад үзэгчдийн дунд олон улсын  хэмжээний наадамд оролцох соёл төлөвшиж байх шиг байна?

Тийм шүү. Дөрөв таван жилийн өмнө наадмын талбай алагласан их хогтой үлддэг байлаа. Сүүлийн жилүүдэд залуус ухамсартай, эерэг хандлагатай болж наадамд боловсон оролцож сурч байна. Ялангуяа өнгөрсөн жилийн наадмаар ил задгай хаясан хог бараг байгаагүй. Бүр Зохион байгуулагчид, сайн дурын ажилтнууд маань өөрсдөө гайхширч бас бахархсан. Тэгэхээр нэг талаас монголчууд дэлхийн хэмжээний хөгжмийн наадам зохион байгуулж сурч байна. Нөгөө талаас дэлхийн хэмжээний наадамд оролцож сурч байна. Мөн тус наадмын үеэр зөвхөн хөгжмөөр биш хувцас загвараар өөрийгөө илэрхийлэх боломж бүрддэг шүү дээ. Энэ мэтээр давхар олон ач холбогдолтой үйл ажиллагаа юм л даа. Бас энэ жил залуусынхаа эерэг хандлага, хотын соёлыг улам эрчимжүүлэх зорилготой“Хоггүй Playtime” уриатай болсон.

-Жил бүрийн постер өөрийн өнгө төрхтэй, утгатай байдаг.Энэ жилийн постерийн тухай?

Манай наадмын постер, өнгө төрхийг дизайнер Бумаа гаргадаг. Тухайн жилийн онцлог, ирж оролцох хамтлаг дуучдаасаа хамаараад постероо хийдэг. Энэ жилийн постер илүү тогтуун өнгө аястай болсон.

-Энэ жил хэдэн үзэгч хүлээж авахаар тооцоолсон бэ?

2018 онд өдөрт 8100 гаруй үзэгтэй байсан. Харин энэ онд 3 өдрийн турш нийт 30.000 үзэгч хүлээж авахаар төлөвлөсөн. 2016 оноос эхлэн “Playtime” наадам гурван өдрийн хөтөлбөртэй болж газар зүй, урлагийн төрөл,  хамрах хүрээний хувьд шинэ түвшинд зохион байгуулагдаж байгаа. Тиймээс жил ирэх тусам үзэгчдийн тоо нэмэгдэж байна.

-Тасалбар худалдаанд гарчихсан байсан. Хэдэн хувийн борлуулалттай байна вэ?

Эртэч шувуухай буюу 50 хувийн хөнгөлөлттэй тасалбар маань зарагдаад дууссан. Таван сарын нэгнээс дахин тасалбар зарагдаж эхэлнэ. Нэг, хоёр, гурван өдрийн болон VIP гэсэн төрөлтэй байгаа. /Тасалбар захиалах http://bit.ly/2ZEaglI/

-Анх удаа "Playtime 2019"  наадмыг зорих гэж байгаа хүмүүс юу зөвлөх вэ?

Цаг агаартаа тохируулж хувцаслахаас авахуулаад хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Мөн цаг тутамд үнэгүй автобус үйлчилж байгаа учраас аль болох машингүй очвол сайн. Тайзны байршил, тоглолтын хуваариа сайн шалгаад үзэхэд илүүдэхгүй. Бүр нарийн зөвлөгөөг манай сайтаас авч болно.

Ярилцсанд баярлалаа

"Playtime 2019" наадмын фэйсбүүк хуудас https://www.facebook.com/PlaytimeFestival/

 

 

 

 

Санал болгох

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

1 сарын өмнө
“World Ballet Grand Prix” олон улсын балетын тэмцээнээс М.Тэлмэн алтан медаль хүртлээ

“World Ballet Grand Prix” олон улсын балетын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон М.Тэлмэн алтан медаль хүртлээ.

1 сарын өмнө