The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

2.7 мянга
1
3 сарын өмнө
The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

 

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

-Анхны цомгийнхоо тухай танилцуулах уу? Хэдэн дуутай вэ?

Манай хамтлагийн анхны цомог “Girls Genwration” нэртэй. Нийт зургаан дуутай бөгөөд нэг шинэ дуутай бусад тав нь олны хүртээл болчихсон. Цомгийн нээлт маань 5 сарын 4-нд хагас сайн өдөр White rock center-д болно. Одоогоор цомгийнхоо нээлтэнд зориулаад хамтлагийнхан маань завгүй ажиллаж байна даа.

-Шинэ дуу ямар төрлийнх вэ?

Бид нар охидын хамтлаг учраас өнгөлөг, гэгээлэг, байдлыг бүрдүүлдэг. Тиймээс энэ удаагийн маань хүсэл мөрөөдлийн тухай үеийнхэндээ болон дүү нартаа зориулсан дуу.

-Монголын хамгийн отгон охидын хамтлаг шүү дээ. Тиймээс сонсогчид сайн муу янз бүрийн хандлагаар хүлээн авдаг байх?

Манай хамтлаг шоунаас төрөн гарсан хамгийн залуу хамтлаг. Шоу 2018 оны 1 сарын 28-ны өдөр дууссан. Хамтлагийн маань нэг жилийн ой өнгөрсөн 1 сарын 21-нд болж өнгөрсөн. Ер нь Азид төдийгүй дэлхийд К-POP хамтлагууд хүчтэй нөлөөтэй шүү дээ. Тэдгээр хамтлагууд тусгай энтертайментад таваас зургаан жил бэлтгэгдээд гарч ирдэг. Бидний хувьд шоунаас төрөн гарсан хамтлаг бөгөөд хоёр сарын хугацаанд л хамт амьдарсан. Тэрнээс өмнө гишүүд маань хувьдаа өөрсдийгөө хөгжүүлээд явж байсан. Тиймээс туршлага, ур чадварын хувьд дутуу зүйл их бий. Мөн анхны дуу Girls Generation маань маш өнгөлөг клиптэй байсан. Өнгөлөг, сэргэлэн цовоо өнгө аясыг гаргасан дээрээс нь охидын хамтлаг учраас хүмүүс яг л K-POP хамтлагийг хуулбарлачихсан байна гэх мэтээр шүүмжилж байсан л даа. Гэхдээ бид нар адилхан ази хүмүүс. Царай төрх, биеийн галбир бүгд л төстэй. Тиймээс нүүрээ будаад, өнгөлөг хувцаслахад  төстэй байхаас аргагүй. Гэхдээ  бид дутуу зүйлээ нөхөж хурдан хугацаанд илүү чанартай уран бүтээл гаргахаар шаргуу бэлтгэж, ажиллаж байгаа.  

-Нэг хамтлаг болсноос хойш гишүүдийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

Шоу дуусаад нэг хамтлаг болсноос хойш бид яг л нэг гэр бүл шиг харилцаатай болсон. Мэдээж охид учраас хааяа маргалдах юм байна. Гэхдээ бие биенийгээ ойлгоод халуун дулаан харилцаатай. Хамтлагийн гишүүд  16-19 настай. Дөрөв нь их сургуульд сурдаг учраас хичээлийнхээ хажуугаар хамтлагийн ажлаа орхигдуулахгүй гэж их шахуу хуваарьтай. Ер нь их завгүй л болсон доо.

Д.Энхгэрэл: Өмнө нь хичээлээ тараад л гэртээ харина. Ээждээ туслаад дүүгээ харна гэм мэтээр гэр сургуулийнхаа хооронд л өнгөрөөдөг байсан. Хамтлагт орсноос хойш шинэ дуу, бэлтгэл хийх, зураг авалт гээд маш завгүй болчихсон. Сүүлийн нэг сар цомгоо гаргах гээд бүр ч их ажилтай байлаа.

Image may contain: 5 people, people standing

-Оддын академи шоунд оролцохоор шийдэж байсан  тухайгаа ярьцгаая?

Д.Энхгэрэл: Би “Оддын академи” шоу болох гэж байгааг ч мэдээгүй,  оролцоно гэж бодоогүй явж байсан. Бүртгэл дуусахаас тав хоногийн өмнө Монголд ирээд гудамжаар явж байхдаа зарлалын самбараас шоуны талаар харсан. Өмнө нь “Авьяаслаг Монголчууд”, “Universe best songs” гээд хоёр ч тэмцээнд орчихсон учраас хүмүүс намайг бараг л шоу хэсдэг гээд байсан. Тиймээс муу хэлэх болов уу, гээд  зза би ч одоо дахиад шоунд орохгүй дээ л гэж бодсон. Гэтэл “Боловсрол” телевизээс Оддын академи шоунд оролцох уу? гээд залгасан. Тэгээд хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд орсон доо. Буяндулам эгчийг тэмцээнд орохоосоо өмнө мэддэг сайн бүжиглэдэг, мундаг эгч гэж боддог байлаа. Тэгсэн харин нөгөө мундаг эгчтэйгээ нэг тэмцээнд орчихсоноо мэдээд яанаа л гэж бодсон. Буяндулам эгчээс авахуулаад бүгд л мундаг охид байсан учраас дотроо айсан л даа. Гэхдээ гаднаа айгаагүй сандраагүй дүр үзүүлээд л. Сүүлд охид хоорондоо анхны сэтгэгдлээ хуваалцахад намайг их зантай, хэтэрхий өөртөө итгэлтэй охин гэж бодсон гэдгээ хэлсэн. Үнэндээ бусдаасаа эмээгээд л тэрийгээ нуух гэж тийм дүр үзүүлсэн хэрэг.

Э.Анужин: Нэг өдөр ээж ийм тэмцээн болох гэж байгаа юм байна чи орох уу гэсэн. Би ч зөвшөөрсөн. Тэгээд л ээж би бичлэгийг чинь хийгээд өгье, алив хурдан бүртгүүл гээд л эхэлсэн юм. Ер нь ээж маань намайг их дэмждэг. Шоунд оролцох хугацаандаа болон хамтлагт орсон цагаасаа өнөөг хүртэл хамтлагийн гишүүдээсээ олон зүйл сурч байгаа.

Э.Буяндулам: Хамтлагийн ах маань намайг "Оддын академи”  шоуд орооч гэж анх хэлж байсан. Тухайн үед би бүжиглэдэг болохоос дуулж  үзээгүй байсан учраас эргэлзээд шийдэж чадахгүй байсан л даа. Гэтэл найз залуу маань дараа нь ордог байж гэж харамсалгүй алдах юм байхгүй юм чинь зүгээр л оролцоод үз гэж хэлсэн. Тэгээд л оролцохоор шийдээд бэлдэж эхэлсэн. Гэхдээ бүжгийн хамтлагаасаа гараагүй. Шоунд оролцож байх үед хамтлагийнхан маань ард бүжиглэж, үргэлж намайг дэмжиж байсан даа.

-Ер нь танай хамтлагийн сонсогчдийн хүрээ хэдээс хэдэн насныхан байдаг вэ?

2000 оноос хойших үеийг “Generation Z” гэж нэрлэдэг шүү дээ. Манай хамтлагийн гол сонсогчид бол  “Generation Z” үеийнхэн.

-Үлгэр дуурайлал авдаг, сонсох дуртай хамтлаг бий юу?

Бид нар “Little mix”  хамтлагийг сонсох дуртай. Бүх гишүүд нь сайн дуулдаг, бүжиглэдэг бүх шинж чанарыг яг тааруулаад хольчихсон юм шиг. Өөрийн өнгө төрхөө бүрдүүлсэн гоё хамтлаг.

-Цаашдын зорилго юу байна вэ?

Мөрөөдөл гэж ярих юм бол Азид алдартай охидын хамтлаг болох гээд л олон зүйл бий. Ойрын зорилго бол ирэх есөн сард бие даасан тоглолтоо хийхээр урьдчилсан тов гаргасан. Харин хамтлагийн гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсыг сурталчлах. Тиймээс л “Шарк танк” нэвтрүүлэгт орж хөрөнгө оруулалт хүсэж байсан. Нэвтрүүлэгт орохдоо маш удаан бэлдэж, ярилцаж ач холбогдол өгч оролцсон. Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан даа. Нэг хэсэг нь анх удаа урлагийн салбараас хөрөнгө оруулалт хүсэж оролцлоо. Тэр дундаа охид мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхам хийлээ гэж харсан. Нөгөө талд бизнесийн шинэ санаа уралдуулах ёстой нэвтрүүлэгт юун дуучид ороод байгаа юм бэ, гэсэн хүмүүс байлаа. Урлагт хамгийн чухал юм хөрөнгө оруулалт байдаг. Тэр чинээгээрээ чанартай уран бүтээл гаргах боломж бүрддэг. Солонгос улсад бол урлаг, хамтлаг дуучдыг улсаас нь дэмжих бодлого барьдаг. Хамтлаг дуучид нь улсынхаа нэрийн хуудас болчихсон. Урлагаар улсаа сурталчилж чадаж байна шүү дээ. Тиймээс л манай хамтлаг тус нэвтрүүлэгт оролцсон.

-Ярилцсанд баярлалаа

 

 

Санал болгох

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

1 сарын өмнө
“World Ballet Grand Prix” олон улсын балетын тэмцээнээс М.Тэлмэн алтан медаль хүртлээ

“World Ballet Grand Prix” олон улсын балетын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон М.Тэлмэн алтан медаль хүртлээ.

1 сарын өмнө