Ойн зурвас бүхий 624 га газрыг хүлээлгэж өглөө

2.5 мянга
24 өдрийн өмнө
 Ойн зурвас бүхий 624 га газрыг хүлээлгэж өглөө

Монгол-Солонгос хоёр улсын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, Өмнөговь аймагт 100 га ойн зурвас, заган ойн нөхөн сэргээсэн 500 га, мод үржүүлгийн 24 га газар бүхий нийт 624 га газар, сургалтын төвийг орон нутгийн ойн ангид хүлээлгэн өглөө. Дээрх талбайг улсын ойн санд бүртгэж, Өмнөговь аймгийн Сум дундын ойн анги хариуцан хамгаалах юм.

Эдгээр ойжуулсан талбай, сургалтын төв, мод үржүүлгийн газрыг  усалгааны иж бүрэн систем, дэд бүтэц, тоног төхөөрөмж дагалдаж байгаа бөгөөд ойролцоогоор 4.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий юм. Мөн төслөөс 624 га талбайн арчилгаанд зориулан зөвхөн эхний жилийн зардал болох  250 сая төгрөгний  санхүүжилтийг олгох бөгөөд цаашдаа Монголын Засгийн газар улсын төсөв болон орон нутгийн санхүүжилтээр шийднэ.

“Ногоон хэрэм” төслийн II шатыг 2022 он хүртэл хүн ам нягт суурьшсан Улаанбаатар хотод,  хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл амралтын ногоон байгууламж байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх юм.

Санал болгох