С.Батбаатар: Хятадууд Халх гол орчмоос хадлан нэрээр эмийн ургамал түүж, хилээр гаргаж байна

1
7 сарын өмнө
С.Батбаатар: Хятадууд Халх гол орчмоос хадлан нэрээр эмийн ургамал түүж, хилээр гаргаж байна


Улс төрийн намуудыг татан буулгах тэргүүтэй хуулийн төслүүдийн талаар Иргэний зориг ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатартай ярилцлаа.

-ИЗНН-ын үйл ажиллагааны талаар танилцуулаач ?

ИЗНН одоогоор дүрэмдээ өөрчлөлт хийж  байна. Ер нь бодлогын нам ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харуулах болно. Хамгийн эхэнд Ногоон бодлогын хорооныхоо үйл ажиллагааг шинэчилж байгаа. Ногоон бодлогын хороонд маань 24 ТББ, 6 эрдэмтэн хамтран цөлжилттэй тэмцэх арга зам, гол мөрнөө хамгаалах талаар урт хугацааны бодлого боловсруулж байна. 

-Эрх барьж байгаа намуудыг татан буулгах хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн?

Одоогоор манай нам гурван хуулийн төсөл боловсруулж байгаа. Улс төрийн намууд намын шинжээ алдаж бизнесийн бүлэглэлийн хэмжээнд очсон.  1990 онд олон намын системд шилжихдээ хуучин коммунист намын систем тэр чигтээ үлдчихсэн. Нөгөө хэсэг нь коммунист намаа ялахын тулд үзэл баримтлалаараа биш механик нэгдлийг бий болгосон. Тийм учраас одоогийн намууд дотроо зөрчилдөж байгаа юм. Эрх барьж байгаа улс төрийн намуудыг татан буулгахаас өөрөөр шинэчлэл хийх боломжгүй. Тиймээс ИЗНН-аас Улс төрийн намуудыг татан буулгах тухай  хуулийн төслийг санаачилсан. Б.Батбаатар буюу ИЗНН-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг тус боловсруулж байгаа. Мөн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан тэргүүтэй таван гишүүн манай хуулийн төслийг дэмжиж байгаа юм.

-Эрх барьж байгаа намуудыг татан буулгалаа гэхэд дараа нь юу хийх юм?

Улс төрийн намуудыг татан буулгаад, ижил гараанаас үзэл баримтлалаараа нэгдсэн шинэ улс төрийн хүчнүүдийг бий болгоно. Ингэхдээ анхан шатанд буюу сум дүүрэгт нэгжгүй байх юм. Дараа нь 330 сум 154 хорооноос депутат сонгож "Ардын түр их хурал" байгуулаад Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. 

-Танайх сая төрийн өмчит аж ахуй нэгжийг шалгах, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагыг ЗГХЭГ-т өгсөн байсан?

Тийм. 2016 оны 6 сараас шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн боловч нэг ч төрийн өмчит ААН энэ хуулийн дагуу мэдээллээ нээлттэй тавиагүй байна. ИЗНН-аас 2016 онд судалгаа хийхэд 97 төрийн өмчит аж ахуй нэгж байсан ба тэдгээр төрийн өмчит ААН 10,8 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Үүний шалтгаан нь шахааны бизнес. Төр өөрөө өөрийгөө хянаж байгаа нь төрийн өмчит АНН-д шахааны бизнес цэцэглэх үндэс болж байгаа юм. Хүмүүс УИХ, ИТХ-д асар их хэмжээний зардал гаргаж өрсөлдөөд байгаа нь шалтгаантай. Учир нь төрийн өмчит АНН, орон нутгийн өмчит АНН-д бүтээгдэхүүн үйлчилгээ шахаж, төсөл тендер нэрийн дор мөнгө угааж гаргасан зардлаа олох боломж байдаг. Тиймээс бид энэ дутагдлыг засахаар Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж мөн  "Иргэний хяналтын тухай хууль"- ийн төсөл боловсруулж байгаа. 

-Иргэний хяналтын тухай хууль ямар зарчмаар явах вэ?

Жишээ нь: Хуулийн фирм аль нэг төрийн өмчит АНН-ийн зарласан тендер болоод тендерт ялсан компанийн гүйцэтгэсэн ажлыг шалгаад хууль зөрчсөн зүйл байвал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Ингээд  үнэхээр тухайн компани чанарын шаардлага хангаагүй, гэрээний нөхцөлөө биелүүлээгүй бол 500 сая төгрөгөөр торгож хариуцлага тооцох юм. Үүнээс 250 сая төгрөгийг нь тус асуудлыг гаргаж ирсэн хуулийн фирмд урамшуулал маягаар олгоно.

-Хуулийн фирм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж гүйцэтгэгч компанид ажил удсан бол яах вэ?

Тухайн компани бүх нөхцөлийнхөө дагуу ажлаа бүрэн гүйцэтгэсэн байхад хуулийн фирм үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан фирм өөрөө хариуцлага хүлээнэ. Ийм байдлаар улсын ажлыг иргэд өөрсдөө шалгаж, иргэний хяналтын тогтолцоог сайжруулах юм. 

-Яг ийм байдлаар хэрэгжүүлж байсан туршлага байгаа юу?

Би Иргэдийн шударга шүүх гэдэг хуулийн фирмд байхдаа энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байсан. 2016 онд Баянгол дүүргийн засаг даргын хийсэн ажил дээр иргэний хяналт явуулж үзсэн юм л даа. Тухайн үед  Баянгол дүүргийн засаг дарга 661 сая төгрөгөөр хэсэг газрыг камержуулсан.  Нэг камер нь 3 сая 700 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл тус камер орцоор орж гарч байгаа хүнийг эрэгтэй эмэгтэй гэж танина уу гэхээс царайг нь таньдаггүй, өнгөний ялгарал, нягтрал маш муу. Харин энгийн нэг хүнсний дэлгүүрийн эзэд хуваариа тавьсан 250 мянгаар төгрөгийн камер 50м зайд байгаа автомашины дугаарыг хардаг. Ингээд асуудал үүсгээд тэр гүйцэтгэсэн компанид хариуцлага тооцож,камеруудыг солиулсан.Өөр олон жишээ бий л дээ.

-Генетикийн нөөцийн тухай хуулийн тухайд?

Монголын эрс тэс уур амьсгалд  ургаж байгаа эмийн ургамал үнэ хүрэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар гаднынхан манай эмийн ургамлыг ямар ч хараа хяналтгүй шахуу авч гарч байна. Жишээ нь:Хятадууд Халх гол орчмоос хадлан хэлбэрээр их хэмжээний эмийн ургамал хилээр гаргаж байна.Генетикийн нөөцийн тухай хууль Монгол Улсын ургамал амьтны генетикийн нөөцийг хамгаалах зорилготой. Энэ хуулийг баталснаар бүх амьтны болон эмийн гаралтай генетикийн нөөцөө хамгаалалтад авч нутгийн иргэдэд захиран зарцуулах эрхийг тодорхой хэмжээнд өгнө. Цаашлаад дотооддоо эмийн үйлдвэр бариад эдгээр эмийн ургамлаа боловсруулж ашиг олох хэрэгтэй. Энэ мэтээр зөвхөн уул уурхайгаас бус өөр нөөцөөс  улсын төсвөө бүрдүүлж сурах хэрэгтэй байна.

-Дуртай хүн болгон эмийн ургамал түүдэг асуудал бий болохгүй юу?

Тухайн газар нутгийн эмийн ургамлын нөөцийг судлаад бүртгэж, хамгаалалтад авах юм. Харин тухайн эмийн ургамал ургаж гүйцээд түүх боломжтой хэсэг хугацаанд иргэдээс улс худалдаж авна гэсэн үг. Замбараагүй түүвэрлэгчид бий болгохгүйн тулд тохирсон зохицуулалт бий болгоно.

ИЗНН газар доор байгаа баялаг бол баялаг биш нөөц харин баялаг бол нөөцийг үнэ хүрэх бүтээгдэхүүн болгодог хүн юм гэж үздэг.

- Ярилцсанд баярлалаа.

 

 

Санал болгох

Г.Бямбасүрэн: Дэлхийгээс сар руу гурван удаа явсантай тэнцэх замыг туулсан “саятан” жолооч

ОБЕГ-ын даргын жолооч Г.Бямбасүрэнтэй хөөрөлдлөө.

7 цагийн өмнө
SYNDICATE TALK: Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ

“Үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгчдийн институт” Монголд анх удаагаа “Project Forum”-ийг санаачлан зохион байгууллаа. Энэ форумтай цуг Синдикат ярилцлагын 46 дахь дугаар та бүхэнд хүрч байна.

15 өдрийн өмнө
МУАЖ Г.Мягмарнаран: "Фауст" жүжгийг маш сонирхолтой, огт уйдаахгүй дэглэлт, тайзны шийдлээр үзэгчдэд хүргэнэ

Уншсан хүн тухайлан ойлгоход бэрх, уншдаг хүмүүс ухаж ойлгоход төвөгтэй дэлхийн сонгодгийн ноён оргил “Фауст” жүжгийг Иоханн Вольфганг Фон Гёте амьдралынхаа 60 жилийн турш бичсэн гэдэг.

1 сарын өмнө