Ж.Батзандан МАН-ынхнаас “шагнал”-аа нэхэж, төрсөн ахыгаа ИНЕГ-ын даргад зүтгүүлж эхлэв үү

2.8 мянга
6
4 сарын өмнө
Ж.Батзандан МАН-ынхнаас “шагнал”-аа нэхэж, төрсөн ахыгаа ИНЕГ-ын даргад зүтгүүлж эхлэв үү

Улс төрд эрх ашгийн бүлэглэлүүдээс гадна нам дамжсан гэр бүлүүд гэж бас бий. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ж.Батзандангийнхан юм. Төрийн ордонд “МАНАН мафийн эсрэг тэмцэнэ” гэж улстөрждөг эрхэм гишүүн өөрөө мөнөөх үзэн яддаг МАНАН бүлэглэлийнхээ нэгэн тод төлөөлөл гэхэд болно. Учир нь Ж.Батзандан гишүүн АН-ын гишүүн байсан бол төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь МАН-ын угшилтай. Тиймээс тэднийг улс төрийн хүрээнийхэн “МАНАН-жсан ах дүүс” гэж тодотгодог. Ийнхүү Монголын төрд ээлжлэн эрх барьдаг намуудад өөрсдийгөө “байршуулсан”-ыхаа шанг тэд чамлалтгүй хүртэж яваа. Ж.Батзандангийн хувьд, нэгэн үе гудамжны жагсагч байхдаа Төрийн ордон руу улаан лооль шидэлцэж явсан бол өдгөө тэрхүү шаргал ордондоо УИХ-ын гишүүн болон заларсан. Харин төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь МАН, АН-ын үед албан тушаал, эрх мэдлийн бялууг адилхан хүртэж явдаг нэгэн. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН олонхи болоход тэрбээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэмээх хүссэн болгон хүрч чаддаггүй томоохон албан тушаалд томилогдсон. Гэвч яаманд нь хүн амины хэрэг гарсны улмаас ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан нь саяхан. Гэсэн хэдий ч төрсөн дүү Ж.Батзандан нь М.Энхболдынхны эсрэг улс төрд МАН-ын зарим фракцитай хүч хавсарч ялалт байгуулсныхаа шанд Ж.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх болгосон гэхэд болно. Ах дүүсийн хүсэл шунал үүгээр ханасангүй. Ж.Бат-Эрдэнэ МИАТ ХК-ийн захирал болохоор санаархсан ч эрх баригчид өдгөөгийн удирдлагынх нь гэрээг сунгах шийдвэр гаргасан байна. Харин Ж.Батзандан Төрийн ордонд хоолойгоо сөөтөл улстөржиж буйнхаа шагналыг МАН-ынхнаас “нэхэж” төрсөн ахыгаа ИНЕГ-ын даргад зүтгүүлж байгаа гэх мэдээлэл улстөрчдийн ярианы сэдэв болжээ. Өөрөөр хэлбэл, ИНЕГ-ын одоогийн удирдлагыг өөрчлүүлж, Ж.Бат-Эрдэнийг энэ том суудалд суулгахаар санаархаж байгаа гэх. Харин салбарын мэргэжилтнүүд “ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг өөрчлөхдөө тулбал Ж.Батзандан гишүүний ахыг биш, тус газрын хүний нөөцөд бүртгэлтэй хүмүүсээс сонгон шалгаруулалт хийх учиртай” гэж үзэж байгаа юм байна. Ийнхүү “Миний итгэл У.Хүрэлсүхийн Засгийн газраар төгсгөл болж байна” гэж хэвлэлийнхэнд ярьж байсан Ж.Батзандан гишүүний шунал хаа хүрч эцэс болохыг таашгүй.  

            Ж.Батзандан гишүүний ах Ж.Бат-Эрдэнэтэй холбоотой нэгэн хэргийг эргэн сануулахад, Сү.Батболдын тэргүүлж байсан хамтарсан Засгийн газрын үед буюу 2011-2012 онд тэрбээр Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газар (МТШХХГ)-ын даргаар ажиллаж байсан. Харин АН УИХ-ын 2012 оны сонгуульд ялахад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Аль ч намд нүүртэй, нэг албан тушаалаас нөгөө албан тушаал руу сэлгэж нүүдэг Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй зарим албан тушаалтанд АТГ-ынхан 2015 оны наймдугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Тодруулбал, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газраас 2012 онд шалгаруулсан нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий Багуудад хүргэх шуудангийн үйлчилгээг сайжруулах тендерийн Үнэлгээний хорооны дарга, гишүүд нь “Монгол дизель” ХХК-д давуу байдал олгон нийлүүлэгдэх автомашины техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулан тус компаниас нийлүүлсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 34 ширхэг автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр авсан гэх асуудлаар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Угтаа тендерийн Үнэлгээний хороо нь нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр удаа явуулсан бөгөөд 2012 оны тавдугаар сарын 23-нд зарласан тендерт “Монгол дизель” ХК-аас 985.051.816 төгрөгийн үнийн саналтай, “Монгол Хьюндай автомотив” ХХК-аас 995.600.000 төгрөгийн үнийн саналтай, “Хурд авто” ХХК-аас 672.000.000 төгрөгийн үнийн санал бүхий тендерийн материалыг ирүүлснээс Үнэлгээний хороо нь “Монгол дизель” ХК-ийг шалгаруулж, тендерийг Сангийн яамаар хянуулан гэрээ байгуулах зөвшөөрөл олгожээ. Ингээд МТШХХ-аас “Монгол дизель” ХК-тай 2012 оны долдугаар сарын 30-нд 985.051.816 төгрөгөөр Багуудад хүргэх шуудангийн үйлчилгээг сайжруулах гэрээг байгуулсан байна. Мөн “Монгол дизель” ХК-аас 2012 оны аравдугаар сарын 04-нд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Чинган” маркийн 32 автомашин, “Хово” маркийн хоёр автомашиныг МТШХХГ болон “Монгол шуудан” ТӨХК-ийн холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн аж. Гэвч хүлээлгэж өгсөн автомашинуудын техникийн үзүүлэлт гэрээнд хавсралт болгосон нийлүүлэгдэх автомашины техникийн тодорхойлолтоос зарим үзүүлэлтээрээ зөрүүтэй нь тогтоогдсон байна. Түүгээр ч зогсохгүй 34 автомашинтай холбоотой хэргийг АТГ-ынхан шалгахад үнийн дүнгийн зөрүү нь 693.051.816 төгрөг байжээ.

            АТГ-аас дээрх хэргийг шалгах үед Үнэлгээний хорооны нэгэн гишүүн “Эхний тендер хүчингүй болсноос хойш хэд хоногийн дараа буюу дахин зарлахын өмнө Үнэлгээний хорооны дарга намайг өрөөндөө дуудсан. Ороход “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Г.Чинзориг ирчихсэн сууж байсан. Г.Чинзориг нь “Дараагийн зарлах тендерийн техникийн тодорхойлолтыг ингэж өөрчлөхөөр боллоо” гээд н.Буян захирлынхаа гарын үсэгтэй албан бичгийг үзүүлсэн... Гэтэл тендерийн материалд хоёр дахь удаагаа зарласан тендерийн техникийн тодорхойлолтод оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор “Монгол шуудан” ТӨХК-ийн албан бичиг байхгүй байгааг гайхаж байсан... Ерөнхийдөө Г.Чинзориг нь зальтай хүн бөгөөд анхнаасаа өөрийгөө асуудалд оруулахгүйн тулд тендертэй холбоотой баримт бичгүүд дээр гарын үсгээ зураагүй. ... Г.Чинзориг захирал анхнаасаа шалгарсан компанитай холбоотой байсан юм байна... “ гэх зэргээр хуулийнханд мэдүүлэг өгч байсан байна. Харин “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Г.Чинзориг нь “Монгол дизель” ХК-ийн үүсгэн байгуулагчдын хамт “Монзүүмлион” ХХК-ийг байгуулж, хувьцаа эзэмшдэг байснаа тендер зарлахын өмнөх өдөр бусдад шилжүүлсэн аж. Тэр ч атугай “МТШХХГ-ын дарга асан Ж.Бат-Эрдэнэ, Үнэлгээний хорооны дарга Ө.Одгэрэл, ерөнхий нягтлан бодогч Ц.Баярцэнгэл, “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Г.Чинзориг нар Сүхбаатар аймгийн гаралтай хүмүүс гэдгээрээ ойр дотно харилцаатай” гэдгийг хэргийн бусад оролцогчид тухайн үед мэдүүлж байжээ.

Г.Онон

Эх сурвалж: Analiz.mn

Санал болгох