Э.Түвшинтөр: "Toy art" чиглэлээр үзэсгэлэн гаргахад сувинер юм уу, тоглоом юм уу гэж хүлээж авдаг

6.1 мянга
3
18 өдрийн өмнө
Э.Түвшинтөр: "Toy art" чиглэлээр үзэсгэлэн гаргахад сувинер юм уу, тоглоом юм уу гэж хүлээж авдаг

 

Энэ долоо хоногийн сүүлээр "Mad nomad" гэх шинэлэг үзэсгэлэн гарах гэж байгаа билээ. Тус үзэсгэлэн Монголд гарч байгаа анхны  "Toy art"  чиглэлийн үзэсгэлэн бөгөөд иллюстрэшн, анимейшн, комикс, 3D  уран бүтээлч зэрэг орчин үеийн олон урлагийн төлөөлөл болсон уран бүтээлчид нэгдэн гаргаж байгаагаараа онцлог юм. Ингээд үзэсгэлэнг санаачлагч, иллюстрэшн уран бүтээлч Э.Түвшинтөртэй ярилцлаа.

-“Toy art” бол монголчуудын хувьд шинэ зүйл шүү дээ. Яагаад “Toy art” чиглэлийн үзэсгэлэн гаргахаар болсон бэ?

Миний хувьд иллюстрэшн чиглэлээр уран бүтээлээ хийж байгаад 2016 онд өөрийн үзэсгэлэнгээ гаргасан. Тэр үзэсгэлэнгээ гаргасны дараа юу бодогдсон бэ, гэхээр зурсан зурагнуудыг маань хүн гар дээрээ тавиад 360 градус тойруулаад хардаг бол ямар байх бол гэж бодсон  юм. Энэ санаанаасаа үүдээд өнгөрсөн жил 12 жилийн амьдыг зураг, баримал хослуулан бүтээж үзэсгэлэнгээ гаргасан.  Хүмүүс  сайхнаар хүлээж авсан учраас цаашид зөвхөн 2D хэмжээс дээр зураг зурах биш биет дүр хийвэл зүгээр юм байна гэсэн бодолтой болсон юм. Тэгээд л найзууддаа санал тавиад “Mad Nomad” үзэсгэлэнгээ гаргахаар болсон.

-“Toy art”Монголд ямар хэмжээнд хөгжсөн, хүмүүс яаж хүлээж авдаг вэ?

Манай улсад “Toy art” төдийлөн хөгжиж амжаагүй. Олон улсад “Toy art” өөрийн байр суурьтай болчихсон бөгөөд уран бүтээлчдийнхээ онцлогийг дагаад хурдтай хөгжиж байгаа. Биет дүрээр үзэсгэлэн гаргахаар манайхан дунд энэ тоглоом юм уу, сувинер юм уу гэх мэтээр бэлэн дурсгалын модон хүүхэлдэй шиг хүлээж авдаг тал бий. Энэ нь ч тэр хүмүүсийн буруу биш. Учир нь манайд хангалттай хөгжөөгүй байна шүү дээ. Тиймээс манай “Mad nomad”  Монголд гарч байгаа анхны “Toy art” чиглэлийн үзэсгэлэн төдийгүй энэ чиглэлээр бага ч гэсэн ойлголт өгнө гэж болно.

-Иллюстрэшн, анимейшн, комикс гэх мэт төрлөөр уран бүтээлээ туурвидаг сонирхолтой баг бүрдсэн байх шиг байна. Хамтран үзэсгэлэн гаргаж байгаа уран бүтээлчдийнхээ тухай ярих уу?

Үзэсгэлэнгийн гол онцлог иллюстрэшн, анимейшн, комикс , 3уран бүтээлч, монгол зураач  гэх мэтээр орчин үеийн олон урлагийн төлөөлөл болсон залуус нэгдэж  маш сонирхолтой баг бүрдүүлсэнд байгаа юм. Бүх найзууд маань уран бүтээлээ туурвих өөр өөрийн гэсэн арга барилтай.  3D уран бүтээлч Доржрагчаа маань мүнни биет дүрийг дээлтэй болгох ажлыг хийсэн. Оргил маань аниматик продюсер бөгөөд Монгол HD телевизийн Ток ток анимейшныг гардаж хийдэг. Чингис маань монгол зургаар төгссөн. Сүүлийн үед шивээсээр мэргэшиж байгаа. Харин Цолмонбаяр комикс зурдаг. Жишээ нь:  Жангар, Ил тэнгэр гэх мэт олон комик гаргасан. Цогбилэг дүү маань хэвнээс гарч ирсэн биет дүрийг зүлгэж, өө сэвийг нь засдаг даа.

-Үзэсгэлэнгийн бүтээлүүд мүнни биет дүр дээр суурилж байгаа гэсэн. Ер нь мүнни биет дүр гэж юу юм бэ?

Бид ямар ч дүрсээр “Toy art” үзэсгэлэн гаргаж болох байсан. Гэхдээ бүгдээрээ ярилцаад яг нэг биет дүрийг өөрсдийнхөөрөө хувиргая гэж тохирсон. Тиймээс  мүнни гэх биет дүрийг сонгож авсан юм л даа. Мүнни бол Америкийн “Kidrobot” компаниас уран бүтээлчдэд зориулж гаргасан биет дүр.  Зураачдын хувьд бол зургийн дэвтэр нь л гэсэн үг. Анх “Kidrobot” компаниас уран бүтээлчдэд та бүхэн зөвхөн хавтгай дээр зурах биш 360 градус эргүүлж тойруулж болдог  биет дүр дээр хүссэнээ зурж, өөрийнхөөрөө хөгжүүлж болно гэсэн санаагаар мүнниг гаргаж ирсэн юм. Ингээд олон улсын уран бүтээлчид мүннийг өөрсдийн онцлог хэв маягтаа тохируулан бүтээж урлаг болтол нь хөгжүүлж байгаа. Харин бид мүнниг өөр өөрсдийнхөө онцлогоор урлахаар шийдэж, дээлтэй болгон монгол уур амьсгал оруулсан. Мөн Монголчуудад “Toy art” чиглэлийг анхлан танилцуулахад хамгийн тохиромжтой нь мүнни биет дүр.

-Мүнни биет дүрийг өөрийнхөөрөө бүтээхэд хэр ажиллагаа шаарддаг вэ?

Механик үйл явцын хувьп хэвлэгчээс биет дүрээ зүлгэж цэвэрлээд хэв авж цутгана. Цутгасан хэвээ бас зүлгэж өнгөлөөд суурь өнгөөр шүршинэ. Харин дизайныг бол ийм хэрэглэлтэй, ийм өнгөтэй гээд байна гээд бүхний түрүүнд гаргачихна. Ер нь нарийн ажиллагаа их шаарддаг. Бид нарын ерөнхий төсөөлөл бол 13 зууны баатруудын хэв маягийг агуулсан гэхдээ орчин үеийн шинж чанарыг багтаасан байна гэж үзсэн. Яагаад 13 зууны хувцастай хэрнэ буу барьсан байж болохгүй гэж гэх мэтээр хийсвэр сэтгэлгээнд тулгуурласан. Ер нь ирээд үзэх юм бол илүү олон зүйлийг ойлгох байх.

-“Kidrobot”  компани яаж хүлээж авсан бэ?

Мүнниг өөрсдийнхөө онцлогоор бүтээж Монголдоо үзэсгэлэн гаргахаар болсон тухайгаа “Kidrobot” компанид хэлсэн. Тус компанийн зүгээс талархалтай хүлээн авч, үзэсгэлэнгийн үеэр мэндчилгээ дэвшүүлэхээр болсон. 

-Ярилцсанд баярлалаа

MADNOMAD хамтын Toy Art үзэсгэлэн СЭНГЭРАГИ арт галерейд 2019 оны 5 сарын 31-ний 17:00 цагаас

Санал болгох

Архивын 19 төрлийн лавлагааг гэрээсээ онлайнаар захиалах боломжтой боллоо

“Төрийн үйлчилгээний Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Архивын газрын Лавлагаа, үйлчилгээний хэлтсийн Лавлагаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Дөлгөөнтэй ярилцлаа.

12 өдрийн өмнө
О.Нинжбадгар: Хэрхэн үүрэг гүйцэтгэх нь олны анхааралд байсан

БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн батальонд мотобуудлагын эмэгтэй тасгийг анх удаа явуулсан билээ.

17 өдрийн өмнө
Э.Түвшинтөр: "Toy art" чиглэлээр үзэсгэлэн гаргахад сувинер юм уу, тоглоом юм уу гэж хүлээж авдаг

Энэ долоо хоногийн сүүлээр "Mad nomad" гэх шинэлэг үзэсгэлэн гарах гэж байгаа билээ. Тус үзэсгэлэн Монголд гарч байгаа анхны  "Toy art"  чиглэлийн үзэсгэлэн бөгөөд иллюстрэшн, анимейшн, комикс, 3D  уран бүтээлч зэрэг орчин үеийн олон урлагийн төлөөлөл болсон уран бүтээлчид нэгдэн гаргаж байгаагаараа онцлог юм. Ингээд үзэсгэлэнг санаачлагч, иллюстрэшн уран бүтээлч Э.Түвшинтөртэй ярилцлаа.

18 өдрийн өмнө