Уншдаг хувьцаа

15.8 мянга
1
4 сарын өмнө
Уншдаг хувьцаа


Харагддаггүй, баригддаггүй, ашиггүй, арилжиж ч болдоггүй, зөвхөн уншиж л болдог нэг тийм хувьцаа бий. Хувьцаагаа бодохоор байгаа хэрнээ байхгүй ч юм шиг, ашигтай хэрнээ ашиггүй ч юм шиг.

“1072 хувьцаатай эсэхээ ЭНДээс шалгаарай” гэдэг үг их танил уншигдаж байгаа биз. Би л хувьдаа Үнэт цаасны газрын вэб сайт руу орж хааяа нэг 1072 хувьцаагаа шалгаж “уншдаг”.


Миний, таны хувьцаа эзэмшдэг гэх ЭТТ компани 2018 онд 800 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэнэ лээ. Гэхдээ хэн ч юм, хаанаас ч юм, хэзээ ч юм явуулсан санал асуулгаар хувьцаа эзэмшигч иргэдийн олонхи нь “Ногдол ашиг хэрэггүй, Бүтээн байгуулалтандаа зарцуул” гэснээр ногдол ашиг тараахаа больсон.

Үгүй ээ яахав ногдол ашигтай, ашиггүй амьдрал дажгүй байгаа ч хувьцаа гэж нэрлээд ард иргэдэд өгнө гээд шийдвэрлэчихсэн болохоор л энд бичиж байгааг ойлгоорой. Ногдол ашиг авахгүй, хувьцаагаа зарж болохгүй, зөвхөн уншиж л болох юм бол хувьцаа нэртэй хэрэггүй зүйлээр ч яах юм. Хаячихъя гэхээр хаях цаас ч байхгүй шүү дээ.

Уг нь хувьцаа гэдэг зүйлийн тодорхойлолт болбоос "Хувьцаа гэж ямар нэгэн компанид хѳрѳнгѳ оруулж, орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах аль эсвэл хѳрѳнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломжыг гэрчилсэн үнэт цаас юм" гэжээ.

Гэхдээ ард иргэдэд сонгуулийн амлалт болгон өгсөн 1072 хувьцаа гээч нь иргэдийн хийсэн хөрөнгө оруулалт биш бөгөөд ногдол ашиг авдаггүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхгүй, арилжаа хийх боломжгүй, үнэт цаас ч биш. Ингээд бодохоор ерөнхийдөө ХУВЬЦАА БИШ болж таарч байгаа биз?

Харин 1072 хувьцаа гээчийг “шилний цаадах чихэр”, “бухын доодох” эсхүл бүр “Харахаас хазахын заяа байх биш” гээд нэрлэчихвэл илүү зохилтой. 
 

Санал болгох