Хөвсгөлд эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 38 сая ам.долларын зээл олгохоор боллоо

17.1 мянга
2 сарын өмнө
Хөвсгөлд эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 38 сая ам.долларын зээл олгохоор боллоо

Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн хүртээмжтэй хөгжил, байгаль хамгааллын загвар болгох зорилгоор 38 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр баталлаа.

Дархан цаазтай газрын удирдлага, аялал жуулчлалын чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны санхүүжилт болох уг зээлийн төслийн үр шимийг орон нутгийн 11,000 иргэн хүртэх бөгөөд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох болон нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг төслийн хүрээнд илүү сайжруулах юм. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт орших Хөвсгөл нуур нь Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур юм. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Монголын түүхэн удирдагч болох Чингис хааны төрсөн нутаг билээ.

“Аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хурдацтай хөгжиж буй томоохон салбар юм. Монгол Улс гайхам сайхан байгаль, өвөрмөц өв соёлоороо дамжуулан энэхүү салбараас орлого олох бүрэн боломжтой. Энэ ч утгаараа, АХБ-ны дэмжлэг нь Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжлөөс нутгийн иргэд хүртэх, эмзэг онгон байгалиа урт хугацааны туршид хамгаалахад тус дөхөм болох болно” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Бизайн тэмдэглэлээ. 

2017 онд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор нэн тэргүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарч буй. 2028 он гэхэд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 2.1 тэрбум ам.долларын орлого оруулан, 149,000 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.0 хувийг бүрдүүлнэ хэмээн таамаглаж байна. Мөн гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж 1 саяд хүрэх хүлээлттэй байгаа юм.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү төслөөр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах болно. Түүнчлэн, Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг аялал жуулчлалын төвүүдийг байгуулан, дэд бүтцийг шинэчилж, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө болон хог хаягдлын байгууламжуудыг суурилуулж, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулна. Цаашлаад төслийн хүрээнд Монголын анхны аялал жуулчлалын концессийн гарын авлага болон эко итгэмжлэлийн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх юм.

АХБ-ны энэхүү санхүүжилт  нь Монгол Улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх 2016–2030 оны үндэсний хөтөлбөртэй нийцэж буй бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн засгийн газрын стратеги, үйл ажиллагаанд дэмжлэг болох юм. Монгол Улсын Засгийн газраас эко аялал жуулчлалыг хөгжүүлэх өөр олон бүс нутгуудыг товлоод байгаа бөгөөд эдгээр газрууд нь энэхүү АХБ-ны дэмжлэгтэй төслийн хүрээнд олж авах сургамжаас үр өгөөж хүртэх боломжтой.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Санал болгох

Монгол улсын богино хугацааны зээлжих зэрэглэлийг  “В” хэвээр үлдээжээ

Фитч агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна.

2 өдрийн өмнө
Экспорт 10 хувиар өсчээ

Манай улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.доллар болжээ.

2 өдрийн өмнө
Налайх дүүрэгт ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Сүүлийн жилүүдэд Монголын автотээврийн салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж, энэхүү хэрэгцээг ханган ажиллах нь тус салбарын гол үүрэг юм. Гэвч үүний зэрэгцээ автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагавар ихээр бий болж байгаа нь улс орон бүрийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

4 өдрийн өмнө
Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болжээ

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан билээ.

11 өдрийн өмнө