Хамт хөөрсөн таван орны хиймэл дагуулаас “Мазаалай” хиймэл дагуул ганцаараа ажиллаж байгаа

7.0 мянга
1 жилийн өмнө
Хамт хөөрсөн таван орны хиймэл дагуулаас “Мазаалай” хиймэл дагуул ганцаараа ажиллаж байгаа

 

“BIRDS” олон улсын төслийн III хурал өнөөдөр МУИС-ийн Номын санд эхэллээ.Тус хурал хөгжиж буй орнуудын сансрын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэглээний шинэ арга замуудыг судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Хуралд  Монгол, Япон, Бельги, Малайз, Филиппин  зэрэг нийт 18 орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид хиймэл дагуулын ашиглалт, газрын станц, сансрын инженерчлэлийн боловсон хүчин зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

“BIRDS” анхдугаар төсөлд Монгол, Япон, Гана, Нигер, Тайланд, Тайвань зэрэг улс хамрагдаж, өнгөрөгч оны 7 дугаар сард манай улсын анхны хиймэл дагуул “Мазаалай” сансарт хөөрсөн билээ. Одоогоор “Мазаалай” хиймэл дагуулын ашиглалтын тооцоот хугацаа дууссан ч  400 км-ийн өндөр дэх агаарын нягтыг тодорхойлох, хиймэл дагуулын байршлыг GPS ашиглахгүйгээр тогтоох, нарнаас ирж буй сансрын цацрагийн тархцыг судлах зэрэг үндсэн даалгавраа амжилттай биелүүлж байна. Мөн“Мазаалай” хиймэл дагуул хамт хөөрсөн таван орны хиймэл дагуулаас ганцаараа ажиллаж байгаа аж.

“Мазаалай” хиймэл дагуулын инженерийн багт Монголоос МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн төгсөгч Д.Эрдэнэбаатар, Т.Бэгзсүрэн, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар ажиллажээ. Тэд Японд сансрын инженерчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалан түрүүчээс эх орондоо ирж, “Мазаалай-2” том хэмжээний шинжлэх ухаан, хэрэглээний хиймэл дагуулын төслөө эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  
Японы Кёшүгийн их сургуулийн сансрын инженерчлэлийн доктор, “Мазаалай” төслийн багийн инженер Д.Эрдэнэбаатар “Манай анхны хиймэл дагуул мазаалай сансрын орчин дахь мэдээллийг амжилттай дамжуулж байгаа ч ажиллах хугацаа нь дуусч байна. Тиймээс бид хоёр дахь хиймэл дагуул хийх ажилдаа орсон. “Мазаалай-2” төсөл бэлэн болсон бөгөөд санхүүгийн асуудал шийдэгдсэний дараа бүтээн байгуулалт эхэлнэ. Анхны "Мазаалай" хиймэл дагуулыг Японд угсарсан бол жижиг оврын шинжлэх ухааны зориулалттай хиймэл дагуулыг Монголдоо бүрэн хөгжүүлэн угсрах зорилготой байна. Өөрөөр хэлбэл сурсан технологио ашиглан нарийн хийц бүхий төхөөрөмжийг эх орондоо бүтээх юм. Ингэснээр дараа дараагийн инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.

“BIRDS” олон улсын төслийн III хурал энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, газарзүй мэдээллийн систем, байгаль орчны зайнаас тандан судлалын чиглэлийн эрдэмтэн судлаачид, багш оюутнууд, сонирхогчдод нээлттэй юм.

Санал болгох

Монголын талд хиймэл дагуулын систем суурилуулж зуд, ган гачигийг даван туулна

Хиймэл дагуулын мэдээг ашиглан байгалийн гамшгийг даван туулах, малчдын чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хиймэл дагуулын мэдээнд суурилсан малын индексжүүлсэн даатгал” /SIBELIUs/  төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ.

2 сарын өмнө
Хүссэн бүх контентоо SkyGO-өөс үзээрэй!

Та www.skygo.mn сайтад хандан гар утас эсвэл и-мэйл хаягаа бүртгүүлэн SkyGO үйлчилгээг ашиглаарай. Харин гар утас, таблетаас ашиглах бол AppStore болон PlayStore-оос SkyGO аппликэйшнийг татаж, бүртгүүлэн ашиглах боломжтой.

2 сарын өмнө