Т.Ганзул: Тус хууль батлагдсанаар телевизээр гарах солонгос цуврал болон зар сурталчилгаа багасна

3.4 мянга
7
1 сарын өмнө
Т.Ганзул: Тус хууль батлагдсанаар телевизээр гарах солонгос цуврал болон зар сурталчилгаа багасна

 

Манай улс өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулдаг. Гэтэл эдгээр хуулиуд нь техник, технологиос үүдэлтэй хэвлэл мэдээллийн салбарт үүсэж байгаа олон шинэ нөхцөл байдал, харилцааг зохицуулж чадахгүй байгаа юм.  Тиймээс энэ харилцааг нарийн зохицуулах зорилго бүхий Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг батлах хэрэгцээ шаардлагын талаар Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзултай ярилцлаа.

-Өргөн нэвтрүүлгийн тухай хууль олны анхааралд орлоо. Тус хуулийн гол зорилго нь юу вэ? Ямар харилцааг зохицуулах вэ?

Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжөөд 50 гаруй жил болж байна. Харин чөлөөт үүсээд 30 жил ч болоогүй байна. Төрийн мэдэлд байдаг МҮОНРТ бол өөрийн гэсэн бие даасан хуультай харин бусад өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн телевиз, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид (IPTV) гэх мэт тоглогчдод ямар ч дүрэм байхгүй. 2010 оноос хойш Харилцаа холбооны зохицуулах хорооны нөхцөл шаардлагыг мөрдөж ирсэн нь 2015 онд шинэчлэгдсэн байдаг. Гэсэн ч энэ нь хэвлэл мэдээллийн салбарт дахь орчин үеийн техник технологиос үүссэн шинэ харилцааг зохицуулж чадахгүйд хүрсэн. Үүнээс болж энэ салбарын тоглогчид хоорондоо ойлголцохгүй байгаа. Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид нь хүртэл өөрсдийн телевизийн сувагтай болж түүгээрээ реклам зар сурталчилгаанаас давхар мөнгө олж, төлбөртэй сувгийг гаргаж ирсэн байх жишээтэй. Мөн нэг өглөө сэрэхэд л үзэгч өчигдөр үзэж байсан сувгаа олохгүй байх, тодорхойгүй шалтгаанаар үнээ нэмсэн байх гэх мэт олон ойлгомжгүй харилцаанууд гарч ирсэн. Үндсэн хуулиараа оюуны өмчөө үнэлүүлж чадахгүй байсаар ирсэн.

Тиймээс Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар нэгдүгээрт миний яриад байгаа дээрх асуудлууд зохицуулагдана. Телевизийн салбар тоглоомын дүрмээ зөв горимд оруулж, дараагийн түвшинд гаргаж ирнэ гэсэн үг.

Хоёрдугаарт үзэгчид илүү чанартай контент хүлээн авна. 

Телевизүүд бүгд ижилхэн мэдээ гаргадаг, телевизээр үзэх юм алга, солонгос хятад олон ангит кинонуудыг маш ихээр гаргадаг гэсэн тэр бүх шүүмжлэл алга болно. 

- Одоогийн байдлаар Өргөн нэвтрүүлгийн телевиз болон олон сувгийн үйлчилгээ эрхлэгч хоорондын харилцааг хэрхэн зохицуулж байна вэ?

Эхлээд Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизүүд тусгай зөвшөөрлөө авдаг. Дараа нь дамжуулагч байгууллагууд буюу “Univition”, “Skymedia” гэх мэт олон сувгийн үйлчилгээ эрхлэгчидтэй  гэрээ хийж холболт хийлгэснээр үзэгчид хүлээж авч үзэх боломжтой болдог. Ингэхдээ эхний ээлжид бүх телевиз холболтын хураамж 30 сая төгрөгийг олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд төлдөг. Дараагийн удаад нь өргөн нэвтрүүлгийн телевизүүд бэлэн мөнгө биш 45 минутын сурталчилгааны эрхээр гэрээ хийдэг. Энэ нь мөнгөн дүнгээр бол 4-8 сая төгрөг. Ингээд зогсохгүй хоёр тал хоорондын гэрээг олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид боловсруулдаг. Тус гэрээнд нь нэмэлт өөрчлөлт оруулах ямар ч боломж байхгүй. Үндсэндээ манайхтай гэрээ хийвэл хий, хийхгүй бол боль л гэдэг. Харин сувгууд сар бүр 1-3 сая төгрөг төлдөг. Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид мөн үйлчилгээний төлбөр авдаг. Ийм байдлаар хэвлэл мэдээллийн салбарын нэг тоглогч буюу олон сувгийн үйлчилгээ эрхлэгч байгууллага нь телевизүүд болон үзэгчид гэсэн хоёр талаас мөнгө авдаг жишиг тогтоод удаж байна.

Гэтэл үе үеийн судалгаагаар хэрэглэгчид монгол контентоо үздэг гэсэн хариу гарсан, гарсаар ч байгаа. Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид дэд бүтэц бий болгох гэж их мөнгө зарцуулсан л даа. Гэхдээ төрийн дэд бүтцийг ашиглаж байгаа ч газар байна. Үүнийг нь ойлгоод телевизүүд 10 жил чимээгүй явж ирсэн. Гэхдээ одоо бид оюуны өмчөө, уран бүтээлчдийн хийж байгаа тэр монгол контентыг үнэлэх цаг болсон гэж үзэж байгаа. Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид НBO, OРТ гэх мэт гадаад суваг оруулж ирдэг л дээ. Гэтэл зөвхөн нэг гадаад сувгийг дамжуулах гэж жилд 4 тэрбум төгрөг буюу 1,5 сая доллар төлдөг.

Харин нэг ч монгол сувагт нэг ч төгрөг төлдөггүй. Энэ зарчим яагаад ч шударга биш. ­­­­­­

-IPTV буюу олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид  энэ хуулийг дэмжихгүй байгаа. Тиймээс үйлчилгээний үнээ нэмэх тухай асуудал гаргаж ирсэн нь үзэгчдийг бухимдуулж байх шиг байна?

Энэ хууль анх яригдаж эхлэх үед л маш хүнд саадтай тулгарч эхэлсэн л дээ. Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид дэд бүтцэд оруулсан хөрөнгөө нөхөж, одоо хэдэн зуун тэрбумын ашигтай ажиллаж байна. Тиймээс түүнийгээ үнэгүй контент нийлүүлж байгаа телевизүүдтэйгээ хуваалцаач ээ л гэсэн санааг бид хэлсэн. Ердөө л энэ.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль яригдаад ирэхээр олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид үнээ нэмэх тухай ярьж эхэлсэн. Цаад учрыг нь мэдэхгүй үзэгчид үүнд дургүйцэх нь мэдээж шүү дээ. Тэр хүмүүсийн дэмжлэгийг авч энэ хуулийг батлуулахгүй байх нь тэдний олсон ганц гаргалгаа.

 Үнээ нэмэхээс өөр гарц байхгүй мэт нийгэмд ойлгуулж, сайтуудад төлбөртэй мэдээ цацаж, жиргээчдийн хөлсөлж зориудаар шуугиан дэгдээж байна. Та ч гэсэн харсан байх, “Хэрэглэгчид байрны мөнгөн дээрээ 20,000 төгрөг төлөх гэнэ”, “Түүнийг нь хэдхэн телевиз хувааж авах гэнэ” гэсэн утга бүхий мэдээллийг тарааж байгаа. Энэ хуулинд үйлчилгээний үнийг нэмэх тухай зүйл заалт байхгүй. Мөн төрийн сан үүсгээд тэндээ мөнгө цуглуулж байна гэсэн мэдээлэл түглээ. Төрийн сангийн тухай асуудлыг телевизүүд эсэргүүцэж байгаа. Бид санхүүгийн хараат бус байж, шударга үнэн мэдээ мэдээлэл түгээж чанартай сайн контент хийх арга зам хайж байгаа хэрнэ төрийн сан гээчийг дэмжээд өөрсдөө улс төрөөс хараат болох гэж үү. Тиймээс бид хуулийн ажлын хэсэг дээр өөрсдийнхөө эсэргүүцлийг танилцуулаад өөр гарц шийдэл олно. Мөн миний дээр хэлсэн гадаад сувагт төлдөг мөнгөө багасгах замаар ч шийдэж болно. Гол нь олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид энэ хуулийг дэмжихгүй байгаад л хамаг учир байгаа юм.

-Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар телевизүүдийн өрсөлдөөн нэмэгдэж, чанартай контент үйлдвэрлэх боломжтой болно гэж үзэж болох уу?

Өргөн нэвтрүүлгийн бүх телевизүүд монгол хүүхдийг хүмүүжүүлэх хүүхдийн бүтээл хийх боломжтой болно. Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөртэй болж чадна, солонгос сериалтай өрсөлдөх монгол цувралууд гарч ирнэ, хөдөө орон нутгийн мэдээ мэдээллийг бид цаг алдахгүй гаргадаг болно. Мөн үндэсний хэмжээний том шоунууд бий болно, уламжлал ёс заншил монгол түлхүү, түүхийн бүтээлүүд төрж гарна. Энэ бүхнийг үзэх үзэгчид сэтгэл хангалуун байна биз дээ. Телевизүүд улс төрийн мэдээ, сенсааци хөөснөөрөө биш жинхэнэ уран бүтээлээрээ өрсөлдөнө. Мөн энэ салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн цалин нэмэгдэнэ. Тэр хэрээр нийгмийн асуудал шийдэгдэх юм. Чадалтай уран бүтээлчид өөр салбарыг сонгохоос аргагүй болдог тэр байдал үгүй болно. Үүнийг дагаад чөлөөт уран бүтээлчдийн бүтээлийг хүртэл телевизүүд үнэлж бэлэн мөнгөөр худалдаж авах боломжтой. Тиймээс өнөөгийн цаг үед энэ хууль тун хэрэгтэй байна.

Одоо бол бид зөвхөн рекламын мөнгөөр санхүүжиж байна. 156 телевизийн дунд рекламын  12 сая доллар л эргэлддэг гэсэн судалгаа байгаа. Энэ мөнгө телевизийн салбарын нийт 3000 гаруй ажилчдын цалинд ч хүрэхгүй мөнгө. Бидэнд өөр санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй тэр нь өрсөлдөөн. Улс төр, бизнесийн бүлэглэлээс хараат бус санхүүгийн эх үүсвэртэй болсноор телевизийн салбар хөгжлийнхөө дараагийн түвшин гарч ирнэ гэсэн үг.

-Тус хууль Монголын сэтгүүл зүй улс төрөөс хараат бус байдлаар хөгжих боломж олгож байх шиг байна?

Одоо байгаа хуулийн төслөөс харахаар улсаас мөнгө аваад, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдээс ч мөнгө аваад тэгсэн хэрнээ улсад гэх нэрээр эрх баригчдад үйлчлэх юм шиг харагдаж байгаа нь үнэн. Яг энэ төслөөр нь явуулахыг өргөн нэвтрүүлгийн телевизүүд эсэргүүцэж байгаа. Тиймээс ч дэд ажлын хэсэгтээ оруулж өгөөч гэж хүсэлт гаргасан байгаа. Бид энэ хуулиас хараат бус сэтгүүл зүй, зөв тогтолцоо, хөгжих боломж, монгол контентоор боловсрол авах залуу үе, эцэст нь олон сайхан сонголтод дунд байх үзэгчийг харж байгаа.

Харин Монголын телевизүүд нийлж үзэгчдээс 20,000 төгрөг нийлж авах гэнэ, одоо төлдөг мөнгө нь 20 хувиар нэмэгдэх гэнэ гэсэн тийм зүйлийг хүсээгүй. Бид эрүүл зөв харилцааг л хүсэж байгаа гэдгийг нийт өргөн нэвтрүүлгийн телевизүүдийнхээ өмнөөс хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

 

Санал болгох

Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй.

14 цагийн өмнө
Танилц: Өнөөдрийн цахилгаан таслах хуваарь

Долоодугаар сарын 19-ний баасан гарагт цахилгаан түр хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна. 

16 цагийн өмнө
Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгана

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт, шалгалт хийж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

1 өдрийн өмнө
 “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт болно

Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

1 өдрийн өмнө