УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс бусад нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1.8 мянга
3
4 сарын өмнө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс бусад нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улмаар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй" гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 61 гишүүн үзлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй нэг гишүүн нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байлаа. Тэрбээр "Үндсэн хууль өөрчлөх асуудал бол хүн бүрийн анхаарал татсан асуудал. Ард түмний яриад байгаа хэд гурван юмыг өөрчлөлтөд оруулаад дундуур нь юмаа шургуулаад байх юм. Гуя дагаж хүзүү гэдэг шиг. Үндсэндээ Үндсэн хуульд нам сонгодог өөрчлөлтийг л оруулах гээд байна.

Нам сонгодог болвол намын нэр шидээд л ард нь насаараа суудаг хэдэн хүн байх нь.Сая нэг хонгил яриад байсан. Одоо хэзээ ч нурдаггүй ган төмөр хонгил бий болгох гээд байгаа юм шиг харагдаж байна.
Үнэн чанартаа асуудал Үндсэн хуулинд биш бидний ёс суртахуунд байгаа юм. Өнөөдөр ямар төртэй байгаа билээ, үүнийг хэн бүтээсэн юм. Өнөөдөр дахиад дордуулах гэж байна. Долоо дордсон бол дал дордоно шүү" гэх байр суурийг илэрхийлж байсан билээ.


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд 

Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ, УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авдаг байх,  хэрвээ олонхын дэмжлэг аваагүй бол Ерөнхий сайд огцорч байхаар хуулийн төсөлд тусгасан. Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байх заалтыг оруулж байна. Гэхдээ энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр зохицуулсан.

Шүүгчдэд тавих шаардлагыг нэмэгдүүлж, дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг хугацаатай болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг 9 жилийн хугацаанд нэг удаа томилдог байх, ШЕЗ-ийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлэх, дөрвөн жилийн хугацаанд зөвхөн нэг удаа сонгож байхаар тусгажээ. Ерөнхий шүүгчийг томилдог байсныг өөрчилж, дотроосоо сонгох тогтолцоотой болгох, Дархан, Эрдэнэтийг улсын хэмжээний хот гэж хүлээн зөвшөөрч, аймгийн төв бүр өөрийн удирдлагатай хот байхаар Үндсэн хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр хотын захирагчаа өөрсдөө сонгох, суурин соёлыг хөгжүүлэх бололцоотой болох юм.

Сум, дүүргийн нутгийн удирдлагын үндсэн байгууллага нь ИТХ байна. Иргэдийн өөрөө удирдах ёсыг ингэж товойлгож байгаа юм. Сум, дүүргийн ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож байхыг тусгасан. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн давхардсан сонгууль байхгүй болно. Сум дүүргийн засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар тухайн нутгийн иргэд өөрсдөө сонгоно гэсэн заалт бол орон нутгийн иргэдийн гаргасан гол санал юм. Баг хорооны засаг даргыг сум, дүүргийн засаг дарга томилж байхаар боловсрууллаа. Харин баг хорооны нийтийн хурал хэвээр ажиллах юм.

УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, эсвэл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халахыг хориглоно гэж заасан байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөх юм байна.

Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх хүрээнд, УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, УИХ-аар улсын төсөв хэлэлцэж батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглосон. Мөн Засгийн газрын танхим дахь УИХ-ын гишүүний тоог хязгаарлах заалт оруулжээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж үзнэ үү.

Санал болгох