А.Сүхбат: Голын хайрга голдоо л хэрэгтэй, барилгад ашиглаж болохгүй

1.0 мянга
4
2 сарын өмнө
А.Сүхбат:  Голын хайрга голдоо л хэрэгтэй, барилгад ашиглаж болохгүй

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа.

Тус хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгээд байгаа юм. Мөн хайрга, дайрга олборлолт, тээвэрлэлтийн улмаас их хэмжээний шороо тоос босож, агаар бохирдсон байна.

Хоёр жилийн өмнө энэ орчимд олборлолт хийдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны болон дүүргийн төр, захиргааны байгууллагын шийдвэрээр цуцалж, олборлолт хийхийг хориглосон. Мөн нөхөн сэргээлт хийх тухай эвлэрлийн гэрээ байгуулжээ. Гэсэн ч аж ахуй нэгжүүд эвлэрлийн гэрээгээр үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн ташаа ойлголтыг иргэдэд өгч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна. Тус эвлэрлийн гэрээ нь нөхөн сэргээлтээ хийлгэх тухай болохоос дахин олборлолт хийхгүй гэдгийг  УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Голын хайрга бол барилгын материал биш. Манайд стандартаа мөрдөхгүй байна. Голын хайргаар барилга барьж хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж байхгүй. Ийм нэр томьёо Монголд л бий. Барилгын материалыг баяжуулж, зарим элементийг нь өсгөж, заримыг нь бууруулж байж стандартад нийцсэн түүхий эд болгодог. Түүнээс биш говийн элсийг түгээмэл тархацтай гээд барилга барьж болохгүй. Голын хайрга голдоо л хэрэгтэй. Голын усны төвшинг барьж байдаг байгалийн чулуулаг. Голын хайрганы хатуулаг 450 марктай. Зам, барилгын ажилд 1200-аас дээш маркын хатуулагтай дайргыг хэрэглэх ёстой. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээ нь кварцийн элсэнд агуулагдах тоос тоосонцор 0.1 хувь байдаг. Үүнийг угааж баяжуулж гаргаж авна. Бетон бол байгалийн чулууг дуурайлгаж хийсэн зүйл. Хатуулаг стандартаараа хийвэл 500-600 жилийн насжилттай байдаг. Бетоны 60 хувьд кварцийн элс орно. Кварцийн элс нь Сэлэнгийн Хонгор сум, Төв аймгийн Батсүмбэр, Сүхбаатар аймгийн Алтан элсэнд л байдаг. Төмөр, цементтэй бүрэн уялдаж өндөр маркийн бетон гаргадаг гэсэн үг. Гэтэл манай Туул голын хайрга 10-30 хувийн шороо, тоостой, органик бохирдолтой. Кали, кальц, натри агуулагддаг. Эдгээр нь бетон хийцээ иддэг. Орчин цагийн амьдрал бетон хийцэн дээр тогтдог болсон. 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно. Харин барьсан компани ашгаа олоод арилаад өгнө. Өнөөдөр Улаанбаатар хотод 300 гаруй барилгад цууралт үүсчихээд байна. Барилгын ан цав бол аюул. Зургаан баллын газар хөдлөлтийг даах байшин Улаанбаатарт цөөн. Туул голын хайрга ашигласны тод жишээ гэсэн үг. Тэгэхээр голын хайргыг юунд ч хэрэглэж болохгүй” гэв.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карeер байдаг. Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 гээд нийт 35 карeер байдаг. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай явдаг. Энэ хавраас тээвэрлэлт 3-4 дахин нэмэгдсэн. Үүнээс болж Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй боллоо. Мөн 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, Туул тосгоны захирагч А.Одбаяр хэллээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын 298 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 94 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс 54 нь шүүхэд хандаж, 34 аж ахуйн нэгжтэй Эвлэрлийн гэрээ байгуулж, нөхөн сэргээлтээ хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон ч өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийгээгүй. Эдгээр 34 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэнэ” гэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 оноос хойш тасралтгүй хяналт шалгалт хийж, техник, тоног төхөөрөмжийг нь лацдаад тусгай зөвшөөрлийг нь цуцалж өг гэсэн улсын байцаагчийн дүгнэлтээ холбогдох байгууллагуудад нь хүргүүлж ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлд 218 лиценз олгогдсон байдаг. Анх удаа 95 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан гэдгээ гэж мэдэгдлээ.

 УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага төрийн хяналт шалгалтыг явуулах үүрэгтэй. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах эрх бий. Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хууль тогтоомж энд хэрэгжихгүй байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран маргаашнаас хууль зөрчигчдөд хяналт тавьж ажилла. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Үүргээ биелүүлэхгүй аж ахуйн нэгжүүдэд төр “төмөр нүүр”-ээ харуулж, хариуцлага хүлээлгэ” гээд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, хорооны иргэд, Барилгын материал үйлдвэрлэгчид, химийн инженерүүдийн холбоо, Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбооны төлөөллийг хөндлөнгийн хяналт тавьж ажиллах үүрэг, чиглэлийг өглөө.

 

 

Санал болгох

Эко бүс болгож хөгжүүлэх Хөвсгөл нуурын орчим 2018 онд 83 нүхэн жорлон бий болжээ

Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож,  шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй байхаар тогтоол гаргасан. Энэ тогтоол нь Хөвсгөл нуурыг хамгаалах юм. Учир нь жил ирэх тусам тус нуурыг дагасан замбараагүй аялал жуулчлал хэрээс хэтэрч  2018 оны байдлаар гэхэд эрэг орчим нь 83 орчим нүхэн жорлон байсан юм.

3 цагийн өмнө
Хүчингүй болсон 13 тусгай зөвшөөрөл Ц.Мянгабаярын “Монгол газар” компанийнх

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр цуцлах шийдвэр гаргалаа. Эдгээр хүчингүй болсон 23 тусгай  зөвшөөрлийн 13 нь Ц.Мянгабаярын “Монгол газар” компанийнх байжээ.

1 өдрийн өмнө