ҮСХ: Говьсүмбэр аймгийн хүн амын талаас илүү хувь нь ядуу амьдарч байна

4.1 мянга
3 сарын өмнө

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж,1.2 пунктээр буурчээ. Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оноос 0.5 пунктээр, ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оноос 0.2 пунктээр буурсан байна.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев "Ядуурлыг тооцооллыг зөвхөн ерөнхий утгаар нь биш, газар зүйн ялгаатай байдал хүн амын төлөв байдлыг харгалзан гаргасан. Үргэлжлүүлэн илүү нарийвчилсан нийгэм, эдийн засгийн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээний тайлан хийж байгаа бөгөөд энэ ондоо багтаан нийтийн хүртэл болгохоор ажиллаж байна. Ингэснээр баримт нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, бодлого тодорхойлоход чухал үр дүнтэй" хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм.

“Говьсүмбэр аймагт ядуурлын түвшин хамгийн их байгаа бол Өмнөговь аймагт хамгийн бага байна”

ҮСХ-ны дарга Б.Ариунзаяа "Бид Дэлхийн банктай хамтраад олон улсын аргачлалаар ядуурлын түвшинг тооцоолдог. 2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн ядуу амьдарч байсан байна. Уг тоог хүн амын өсөлттэй бас уялдуулж тайлбарлах ёстой.

2016 онд Монгол Улсын 3,063,000 хүн амын 29.6 хувь нь ядуу амьдарч байсан бол 2018 онд 3,189,000 хүний 28.4 хувь нь ядуу байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 39 мянган хүн ядуурлаас гарсан байна.Хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт 2016-2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна.

Ядуурлын түвшинг аймгаар харвал хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг бөгөөд хүн амын талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байна. Ядуурлын түвшин Говь-Алтай аймагт 45.1 хувь, Дорнод аймагт 42.5 хувь, Ховд аймагт 40.9 хувь байна. Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувь байна.

Ядуу хүн амын тоогоор авч үзвэл, ядуу хүн амын ихэнх нь буюу 378.2 мянган хүн нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Говьсүмбэр аймагт ядуурлын түвшин хамгийн өндөр байгаа хэдий ч цөөн хүн амтай учраас 8.2 мянган хүн ядуу амьдарч байна" гэлээ.

“Чинээлэг бүлгийн дундаж хэрэглээ ядуу бүлгийнхээс 5.2 дахин их байна"

Нэг хүний сарын наад захын хэрэгцээг хангах зардал буюу ядуурлын шугам гэж байдаг. Ядуурлын шугам 2018 оны байдлаар 166,580 төгрөг байсан. Энэ нь 2016 оноос 14 хувь буюу 20,000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын 15 хувь ядууралд өртөх эмзэг байдалд байгаа. Эдийн засгийн бага зэрэг үйлчлэл эдгээр эмзэг байдалд байгаа иргэдийг ядуурлаас маш амар гаргах эсвэл шугамаас доош унагах эрсдэлтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Эдийн засагт сөрөг цочрол үүсвэл олон тооны иргэд ядуурал руу гулсан орох эрсдэлтэй байна.

Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ 2018 онд 279,912 төгрөг болсон нь 2016 оны үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг хүнд сард ногдох бодит хэрэглээ болох 269,328 төгрөгөөс 3.9 хувиар өссөн байна. Гэхдээ 2018 онд дундаж хэрэглээ өссөн нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой. Түүнээс биш иргэдийн хэрэглээ нэмэгдээгүй.

Тэгш бус хуваарилалтыг харуулах нэгэн статистик байна. Хүн амыг тус бүр 20 хувиар таван тэнцүү бүлэгт хувааж, хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээг хамгийн ядуу 20-тай харьцуулж хардаг. Ингэхэд 2018 оны байдлаар хамгийн ядуу бүлгийн хэрэглээ улсын хэмжээнд нийт хэрэглээний 7.9 хувийг эзэлж байгаа бол чинээлэг бүлгийн хэрэглээ 40.9 хувийг эзэлж байсан.Чинээлэг бүлгийн дундаж хэрэглээ ядуу бүлгийнхээс 5.2 дахин их байна.

Санал болгох