Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Сайн номыг тулхтай уншигтун

2019 оны 6 сарын 242019-06-24
Сайн номыг тулхтай уншигтун

"Унших бичгийн хичээл" өгүүллэгийг уншсан нэгэн номын садан "Бид ч үлгэр уншина гэж халтуурддаг юм байна аа." хэмээн бичсэн нь надад энэ бичлэгийг тэрлэх сэдэл төрүүлэв. Миний бодлоор сайн уншигч гэж олон ном уншсанд бус харин хамгийн сайн ном нугуудыг сонгон олж уншаад тэдгээрээс ухааран ойлгосон зүйлсийг амьдралдаа зөв хэрэгжүүлэн чадагч болой.

01. "Хүмүүнд гурван зовлон буйн нэг нь өтлөхийн зовлон буюу" хэмээх үгийг дийлэнх хүмүүс сонссон буй за. Гэхдээ хүүхэд залуусын хувьд аав ээж, өвөө эмээгээ нас дээр гарахын цагт шүд унаж, нүд харалган болоод алхаж гишгэхэд хүртэл амьсгаадан хичнээн зовлонтой байдаг бол хэмээн бодож зовнидог бол том ухаарал юм шүү.

02. "Ном унших зөв хэвшил гэдэг Харвардын боловсролоос илүү чухал." хэмээх Билл Гейтсийн үгийг уншаад өнгөрөх нэг хэрэг. Харин түүний цаад санаа, ач холбогдол юу байж болох талаар ухачлан бодоод ойлгож чадах нь л хамгаас чухал хэрэг л дээ.

-Жирийн хүн дэл сул үг хэлэхийн төдийд сэтгэлийн эрч хүчээ алдаж байдаг тухай "Баруунш зорчсон тэмдэглэл" романд өгүүлсэн байдаг. Хүн өдөр тутам буруу зөрүү үйлээрээ дамжуулан хичнээн их сэтгэлийн хүчийг алдаж байдаг бол?

-Тэгвэл хүмүүс бид энэ ёсонг ухаараад сэтгэлийн хүчийг алдах биш хурааж хумьж байх арга ёсонг алдарт "Доржзодов" сударт айлдан номлосон байдаг. Энэ амаргүй цөвүүн цагт өөрийн бие сэтгэлийг захираад номын ширээний ард сууж хэвших нь сэтгэлийн хүчийг олох, сэтгэлийн амирлал лугаа учрах маш том арга байдаг гэсэн гүн нарийн ёсонг Билл Гейтс хэлсэн хэрэг байж таарна.

03. Алсын Америкт амьдардаг Мишээл дүү маань миний орчуулсан бүх номнуудыг худалдан авсан зургаа ирүүлснийг дор нийтлэв. Энэ зурган дээр харагдаж байгаа номнуудаас эхлээд

01. Цаасан шувуу наадуулагч
02. Мянган нарны цацраг
03. Уулсын цууриа
04. Хөх тарианы харуул гэсэн дэс дарааллаар уншвал нэгийг бодогдуулж хоёрыг сэхээрүүлэх буй за. "Хөх тарианы харуул" үнэхээр юм бодогдуулахаар гүнзгий роман болохыг уншсан хойно ойлгоно гэдэгт эргэлзэх юун.

Тэгээд дараа нь:

05. Усан хөвөөний шастир
06. Баруунш зорчсон тэмдэглэл
07. Гурван улсын үлгэр зохиолуудыг унших нь зүйтэй юм. Энэ гурван зохиолыг унших бүрт нэг удаа амьдралыг бүтэн тойрчихсон мэт санагдах вий.

04. Нээгдээд арав гаруй хонож байгаа "Бүргэд намнагч баатар" нэрт сайхан груп маань удахгүй мянга дахь гишүүнээр бүл нэмэх гэж байгаад баяртай байна. Миний сонгож орчуулсан зохиолуудыг харж байхад хүний сэтгэлийн утсыг хөндөж, уярааж уйлуулж мэдэхээр бүтээл цөөнгүй ажээ. Таныг хамгийн их уйлуулсан ямар ном байдаг вэ гэсэн асуултанд "Цагаан толгой" хэмээн хариулагсад цөөнгүй байдаг юм байна лээ. Харин орчуулж байхад сэтгэл хамгийн их огшоосон зохиол аль вэ гэвэл миний хувьд "Сюэкө бүсгүй", "Чонон сүлд" хоёрыг дурьдаж болох юм.

05. Үндэстэн болгоны уран зохиолд өөр өөр өнгө төрхийн ялгарал байдаг л даа. Өрнөдийн уран зохиолд аймшигийн сэдэвтэй төрөл зүйл байр сууриа баттай эзлэсэн байдаг бол зэвсгийн эрдмийн зохиол эртнээс нааш нангиадын уран зохиолд том жин дарсаар ирсэн юм. Цөмөөрөө энэ төрөл зүйлийг монгол хөрсөндөө буулган оруулж ирэх тал дээр хамтдаа том алхам хийж чадсандаа баяртай байна. Бас манай дийлэнх уншигчдын их дуртай уншдаг шинэ шинэ уянгын өгүүллэгүүдийн дээжээс зөвхөн "Бүргэд намнагч баатар" групт нийтлэж байх болно гэдгийг энэ дашрамыг ашиглан дуулгасу.

06. Оюунлаг, соёлтой, сонголт сайтай, ухаалаг, уншсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх чадвартай уншигчдыг нэгэн тугийн дор нэгтгэх нь манай "Бүргэд намнагч баатар" группийн гол зорилго юм. Бүргэд намнагч баатар гэдэг нь нангиадын бичгийн мэргэд эртнээс нааш эзэн богд Чингис хаанд маань өгсөн олон өргөмжлөл хүндлэлийн нэг юм шүү. Өөр нэг алдартай өргөмжлөлт нэр нь "Цагийг эзлэсэн тэнгэрийн бахархал" хэмээгч болой. Цаг завын боломж тохиовоос "Бүргэд намнагч баатар" нэрт Зинь Юн зохиолчийн өөр нэгэн алдартай романыг орчуулан уншигчдын гар дээр хүргэх нууцхан хүсэл байдгийг нуух юун.

07. Омог төгөлдөр баатар романы үйл явдал цаашид хэрхин өрнөх бол гэдэг тал дээр олон уншигч сэтгэлээ чилээж байгаа байх аа. Үзэшгүй муухай төрхөөр зүсээ хувилгасан Юэ Линь Шань, Линь Пин Жи нэрт 16 настай үе тэнгийн хоёр хөөрхөн охин, хүү хоёр зохиолын эхэнд дурьдагдаж байгаа. 18 настай настай номын ах Линь Хучун нэрт эрэмгий гоо төрхтэй залуу баатар эр номын охин дүү Юэ Линь Шань лугаа хараахан багаасаа ижилдэн дассан тухай зохиолчийн өрсөн тавилыг ухаалаг уншигчид баримжаалаад дор бүрнээ цаашдын өрнөлийг цэгнэн төсөөлж байгаа нь ч ойлгомжтой болов уу.

08. Миний бие орчуулагчийн хувьд энэ сайхан зохиол "Туйлын хурц" үйл явдлын өрнөлтэй гэдэг ганц үгийг хэлээд орхисон нь дээр байх гэж бодож байна. Тийм болохоор өчигдрийн бичлэг дээр "уурлуулна чиг" гэж бичсэн хэрэг л дээ. Би нүүр номондоо маш өргөн сэдвээр чамгүй их бичлэг оруулж ирснийг та бүхэн андахгүй сайн мэдэх буй за. Харин сүүлийн үед шашин, гүн ухаан, уран зохиол, түүх гэх мэтээр төрөлжсөн груп үүсгээд нэгэн чигтэй тохирсон сэдэвтэй бичлэгүүдийг тэнд оруулж байх нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосноор "Бүргэд намнагч баатар" груп мэндлэсэн болохыг өгүүлэх юун.

Доржсүрэнгийн Болдбаатар

Санал болгох

"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

3 цагийн өмнө
Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

7 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

8 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

13 өдрийн өмнө