Есийн тооны эрэлд

1.4 мянга
4 сарын өмнө
Есийн тооны эрэлд

Аравтын орны нэг их тоо нь есийн тоо болно. Энэ тооны нэрийг бүтцээр нь задалбал, ЙИ-СҮ-Н (9), ЙЭ-РЭ-Н (90) язгуур нь ЙИ-, ЙЭ- болно. Энэ язгуураас үүссэн өөр нэг үг бол ЙЭ-КЭ буюу ИХ гэсэн үг гол утгыг нь илэрхийлэх бөгөөд ЕС гэсэн үгийн үндсэн утга бол ИХ тоо гэсэн утга юм. Үнэхээр монголчуудын шүтдэг тэнгэр онгодын тоо нь голдуу ЕС байдаг. Тайлга тахилгаар тахидаг ЕСӨН догшин тэнгэр, өчиг сацлаар тахидаг ЕРЭН зөөлөн тэнгэр (буриад. Юhэн ехэ хилмангууд, ерэн ехэ зэлмэнгүүд гэдэг), нийлээд ЕРЭН ЕСӨН Мөнх тэнгэр, тэнгэр хангайдаа өргөдөг ЕСӨН сацал, буриад бөөгийн ЕСӨН чанар, энэ чанарын ёслолд өргөдөг ЕСӨН дэрвэлгэ (хус мод), онгодын 999 цэргийг төлөөлсөн ЕСӨНЧИН [юhэншэн], билгийн тооллын есөнтэй өдрүүдэд ёсолдог ЕСӨНГӨӨ хийх [юhэнгээ хэхэ], хорчин бөөгийн ЕСӨН даваа, дархад бөөгийн ЕСӨН хайрхан, монгол төрийн ЕСӨН хөлт цагаан туг, тэнгэр газарт ЕСӨНТӨӨ мөргөх гэхчлэн тоочоод үл барах хийгээд ЕС-ийн тоо бол тэнгэрийн утгат их тоо болно.

Ийм учраас ЕС-ийн тоо нь маш олон, тоолж баршгүй олон гэсэн утгыг бас илэрхийлдэг. “Монголын нууц товчоонд” “ЕСӨН хэлтэн иргэн” гэсэн хэллэг гардаг нь тоолшгүй олон улс гэсэн санаа. Түүнчлэн ЕСӨН зүйлийн амьтан гэвэл, маш олон төрлийн амьтан, ЕСӨН хүсэл гэвэл, хүний бүх хүсэл мөрөөдөл гэсэн утга билээ. Ингээд миний нүүр номын найзуудын есөн хүсэл нь бүтэх болтугай!

Доктор, профессор С.Дулам

Санал болгох