Их хорийн уулзалтын онцлох хүн Болсонару

1
5 сарын өмнө

Их хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт Японы Осакад явагдаж өндөрлөлөө. Энэ уулзалтын гол дүр нь Абэ, Трамп, Ши, Путины хэн нь ч байсан байж магадгүй. Тэгэхдээ шилдэг шинэ тоглогч /Rookie of the year/ нь маргаангүйгээр Бразилын Ерөнхийлөгч Болсонару байлаа. 

Болсонару сонгуульд нэр дэвшиж байх цагаасаа л олон нийтийн өмнө гэнэтийн мэдэгдэл хийдэг, улс төрч хүний хувьд зохисгүй гэж хэлж болох үг хэллэг хэрэглэдгээрээ алдартай байсан. Кампанит ажлынхаа үеэр хутгалуулсан нь түүнийг дэлхий дахинд улам таниулж байлаа. Түүний хийдэг үйлдэл, улс төрийн чиг баримжаанаас шалтгаалан түүнийг “Тропикийн Трамп” гэх нь ч бий. Сүүлийн үед Болсонару Трампыг эс тооцвол Израйлийг хамгийн идэвхтэй дэмждэг удирдагч болоод байна. 

Болсонаругийн анхны Их хорийн бүлгийн уулзалт анхнаасаа дуулиантай эхэлсэн бөгөөд, түүний айлчлалын багт багтаж явсан нэг хүний биеэс их хэмжээний хар тамхи илэрч Испанид саатуулагдсан. Мөн Болсонаругийн Японд байх хугацаандаа хийсэн хоёр үйлдэл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. 

Нэгдүгээрт, Болсонару урьдчилан товлосны дагуу Ши Жиньпинтэй уулзах байсан. Гэвч уулзалт эхлэх цагаас Ши Жиньпин 25 минут хоцорсон тул Болсонару уулзалтыг цуцлав. Дэлхийн удирдагчид нэгнээ хүлээлгэх, тэр дундаа их гүрнүүдийн удирдагчид бусад орны удирдагчийг хүлээлгэх тохиолдол дэлхийн улс төрд маш түгээмэл. Харин тэглээ гээд уулзалт цуцлагдаж байсан тохиолдол бараг байхгүй байх. 

Манай хойд хөршийн ерөнхийлөгч бүр бусад удирдагчдыг хүлээлгэдгээрээ онцгой алдартай. Тэрээр бусдыг 3-4 цагаар ч хүлээлгэдэг ч түүнийг хүлээж л байдаг. Гэтэл Бразилын Ерөнхийлөгч дэлхийн хоёр дахь том эдийн засаг, улсынхаа хамгийн том худалдааны түнш орны удирдагчийг хүлээж тэссэнгүй. 

Болсонару угаас дан ганц Хятадад төдийгүй социалистуудад тун таагүй ханддаг. Тиймээс Болсонаругийн засаглалын жилүүдэд Хятад-Бразилын харилцаа төдийгүй БРИКС-ийн ирээдүй ч тийм ч дардан байхгүй бололтой. 

Хоёрдугаарт, Их хорийн бүлгийн уулзалтын суудлын хуваарилалт Канадын Ерөнхий сайд Трюдогийн хувьд тун “шог” таарлаа. Тэрээр Ши Жиньпин, Болсонару хоёрын дунд суусан. 

Хятад-Канадын харилцаа сүүлийн хагас жилийн хугацаанд тун таагүй байна. Хуавэй компаний Мэнь Ваньжоутай холбогдох хэрэг, Канадын иргэд Хятадад саатуулагдаж, цаазын ял сонссон явдлууд, БНХАУ-ын Канадаас мах импортлохыг хориглох шийдвэр зэргээс үүдэн хоёр талын харилцаа тийм ч сайн биш байна.  Нөгөө талаас Трюдо Болсонаруг өмнө нь олон удаа шүүмжилж байсан.

Өөрөөр хэлвэл Трюдо Осакад цугласан удирдагчдын дотроос хамгийн тохиромжгүй хоёр хүний дунд суужээ. Улмаар суудлаа эзэлсэн даруйдаа Ши Жиньпин рүү хартал түүнийг тоох шинжгүй байхаар нь бодож, бодож Болсонарутай гар барихаар гараа сунгатал Болсонару Трюдог шууд “seen”-дэж нөгөө талынхаа хүнтэй гар барьж буй бичлэг цахим орчинд цацагджээ. 

Дутерте, Трамп, Берлускони мэтийн үг, үйлдлээрээ үргэлж дэлхийн анхаарлын төвд байдаг удирдагчид бий. Болсонару ч тэдний нэг гэдэг нь тодорхой байна.

Р.Нямдаваа

Санал болгох

Ой тогтоолтын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин

Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэнд анх удаа чансааг тэргүүлсэн эмэгтэй тамирчин нь дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж боллоо.

4 сарын өмнө
Манай сурагчид Олон улсын Физикийн 50 дахь олимпиадаас хоёр хүрэл медаль хүртжээ

Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо.

4 сарын өмнө