Академич Х.Намсрай: “Электорат” хөдөлгөөн нь улс орныг аваад явчих зөв, ухаалаг хүмүүсийг улс төрд гаргах зорилготой

2.1 мянга
17 өдрийн өмнө
Академич Х.Намсрай: “Электорат” хөдөлгөөн нь улс орныг аваад явчих зөв, ухаалаг хүмүүсийг улс төрд гаргах зорилготой

УИХ-ын гишүүн асан З.Алтай, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа, нийтлэлч Баабар зэрэг нийгэмд танигдсан 10 гаруй хүн УИХ-ыг чадавхжуулах зорилготой Электорат хөдөлгөөн”-ийг санаачилж, гишүүдийн тоо салбар бүрийн эрдэмтэн судлаачдаар өргөжин тэлсээр байна.  Тэд 2020 оны сонгуульд нэр дэвших бие даагчдыг дэмжих тунхагт гарын үсэг зурснаа албан ёсоор зарласан юм. Энэ талаар доктор, академич Х.Намсрай гуайтай ярилцлаа.

-Манай улс ардчиллын замыг сонгосноос хойш 30 жилийн босгон дээр ирж байна. Энэ хугацаанд бид хөгжлийн чиг шугамаа зөв олж, хөгжиж чадав уу. Та үүнд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Манай орон 1990 оноос шинэ нөхцөл байдал, зах зээлд шилжиж орсон. Түүнээс хойш 30 жил гэдэг хангалттай хугацаа. Эх оронд хөгжүүлсэн, бүтээсэн, баяжуулсан ололт амжилт их байна. Гэхдээ хөгжлийн түвшинд хүрсэн ч ерөнхий зүг чигээ олж чадаагүй, будилсаар байна. Аливаа нэг хүн, нийгэм ч бай хөгжлийнхөө эхний түвшинд байхдаа заавал будилдаг, зам чигээ олохгүй төөрдөг зүй тогтолтой. Энэ зүй тогтлыг бид хурдан давж чадаагүй байна. Шалтгаан нь манай нийгэм ерөнхий хандлагаар эд мөнгө, материаллаг түвшинд бүгд чиглээд байна. Ингээд хүмүүсийнхээ оюун санаа, хүмүүжил, боловсролын талыг орхигдуулжээ. Ерөөсөө л их хөрөнгөтэй бол бүх юм аяндаа ороод ирнэ гэсэн бодолтой байсан. Гэвч тэгж болдоггүй юм байна. Нийгмийн хөгжил хүнээсээ эхэлдэг юм байна. Бид хүнээ хүмүүжүүлж чадсангүй. Залуус ажилгүй, тавьсан зорилгогүй, хүмүүжилгүй явж байна. Энэ бол хамгийн том алдаа. Жишээ нь бидний оронд гурван сая герман ирье гэж бодъё. Тэдний бүх зүйл цэгцэрчихсэн учир ингэж хийнэ гээд дор нь энэ улсыг хөгжүүлээд гаргаад ирнэ. Тэгэхээр хүнээ хөгжүүлнэ гэдэг ямар чухал болох нь үүнээс харагдана.

Нөгөө нэг зүйл бол хувь хүний хүчин зүйл маш чухал болж байна. Техникжсэн, компьютержсэн нийгэмд нэг хүний хичээл зүтгэл, оюун ухаан, бодлого зорилго маш чухал. Тухайлбал, Стив Жобс гэх мөрөөдөлдөө автаад хэвтэж байсан хүү өнөөдөр хэдэн тэрбум хүнд хэрэгтэй гар утасны программ бүтээж дэлхийд гарлаа. Түүний үүсгэсэн компани 200 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэгэхээр нэг хүний оюун ухаан, хүчин зүтгэл ямар чухал болох нь харагдана. Гэвч бид хүнээ хөгжүүлж чадалгүй, зөнд нь хаяж, эд мөнгөнд анхаарснаас болж алдлаа.

-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам, МАН ч тэр ээлжилж, мөн хамтарч засаг барьсаар ирсэн. Иргэд ч итгэл үзүүлсээр ирлээ. Гэвч болж өгөхгүй байна?   

-УИХ-ын гишүүд гэж тэнгэрээс буусан хүмүүс биш. Яг л бидний ахуй амьдралаас гарсан хүмүүс шүү дээ. Тэдэнд сэтгэл санаа, оюун ухааны хувьд улсыг авч явах бэлтгэл алга. Би гишүүдээ доош оруулж байгаа юм биш. Улсыг удирдана, парламентийг авч явна гэдэг чинь том ухаан. Тэр хүмүүс өөрийнхөө хүчин чадлаар компанитай болоод хөрөнгөжсөн нь буруу биш. Гэхдээ нэг гайхалтай зарчим байдаг юм. Хүн бүх зүйлд өв тэгш байж болдоггүй. Би мөнгө төгрөг олох гэж зүтгэсэн бол өөр нэг оюун ухааны зүйлд хоцордог. Физикийн зарчмаар багахан хугацаанд их зүйл амжуулахын тулд их энерги, хүч хөдөлмөр зарцуулна. Тэр хэрээр өөр зүйлд ухаан зарцуулах боломж хоцорчихдог. Тиймээс өнөөдөр хүн олон зүйлийг нэг зэрэг сайн хийх боломжгүй. Ийм учраас компани удирдаж явсан, том бизнестэй хүмүүс улсыг удирдаад явна гэхээр оюун ухаан, хүч нь дутдаг. Манай алдаа юунд байна гэвэл, ард түмэн энэ сэргэлэн залуу, мөнгөтэй хөрөнгөтэй. Үүнийг гаргаад ирвэл бид дагаад баян болно гэж боддог. Гэтэл болж өгдөггүй. Яасан гэхээр нөгөөх нь бизнестээ л сайн болохоос биш хууль гаргаж, тэр нь ард түмний амьдралд хэрхэн зохицож, ахуйг нь яаж дээшлүүлэхийг дутуу боддог. Энэ бол физикээс гарсан түгээмэл зарчим юм.

-Монголын салбар салбартаа манлайлагчид нэгдэж “Электорат” хөдөлгөөнийг байгуулсан. Та уг хөдөлгөөний нэг гишүүн. Таны улс орныхоо төлөө бодож явдаг зүйл тус хөдөлгөөний зорилго, зорилттой хэрхэн нийцэж байна вэ? 

-Зүгээр нэг ажилгүй хэдэн настайвтар хүмүүс цуглаад дэмий зүйл сэдэж байгаа юм биш. Энэ бол өөрийн амьдрал, туршлагаар салбар салбартаа зүтгэж, хөлс хүчээ гаргаад, аливаа зүйлсийн нарийн учрыг мэдэх болсон хүмүүсийн нэгдэл юм. Бид эх орныхоо ирээдүйн хөгжилд санаа зовж байна. Тиймээс богино хугацаанд эх орныхоо хөгжлийг яаж жигдэрүүлж болмоор байна гэдэгт санаа нэгдсэн. Эхний зорилго бол улсынхаа хөгжлийн наад цаад учрыг мэдээд, монгол хүний амьдрал, үйл ажиллагаанд зохицсон хууль зүй гаргаж зүгшрүүлэх болов уу гэсэн хүмүүсийг эхний удаад төрд гаргавал зүгээр болов уу гэсэн мөрөөдөлтэй байна. Мэдээж бид хууль зүйн хүрээнд ажиллана шүү дээ. Тиймээс бидний зорилго биелэгдэх эсэх нь ирээдүйн асуудал. Бид эх оронч сэтгэлгээтэй, амьдрал тэмцэлд халуун гараараа оролцсон хүмүүсийг гаргана гэсэн зорилго тавиад ажиллаж байна.

-Яагаад намын гишүүдээс татгалзаж байгаа вэ. “Электорат” хөдөлгөөн бие даагчийг илүү онцолж байгаагийн шалтгаан юу вэ?  

-Намаас гарна гэдэг чинь намын бодлого шийдвэрийг биелүүлэх ёстой. Гэтэл намын бодлого шийдвэр нь олон түмний сонирхол, улсын хөгжилд таарахгүй байвал болохгүй болчихно шүү дээ. Хоёрдугаарт, аливаа нам УИХ-д олонхийн суудал эзлэхийн тулд маш их бүтэхгүй амлалт өгдөг. Улс орны эд хөрөнгийг түйвээсэн амлалтууд өгч байна. Чамд тэдэн саяыг өгнө. Хүүхдийг чинь сургуульд оруулна, ингэж хувь хишиг тараана гэдэг. Мөн баахан фантаз хэлдэг. Цалинг чинь тэдэн сая болгоно гэх зэргээр эдийн засгийг нураасан амлалт өгч байна. Ингэхээр тухайн намаас дэвшиж гарсан хүмүүс үүнийг сөрж ажиллаж чадахгүй байна. Иймд бие даасан дорвитой, санаачлагатай хүн байвал хэрэгтэй юм. Улс орныг аваад явчих ухаалаг, оюуны потенциалтай, энд тэнд юм үзсэн, туршлагатай, мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүсийг гаргах зорилготой байна.

-Бие даагчийг УИХ-д дэмжээд гаргаад ирлээ. Тэдгээр гишүүдийн ард сонгогч олон, та бүхэн байж зөвлөж чиглүүлэх юм байна гэж ойлгосон. “Электорат” хөдөлгөөнд салбар бүрийн эрдэмтэн судлаачид, нийгэмд зөв хүн гэж үнэлэгддэг хүмүүсийн төлөөлөл багтсан шүү дээ?

-Энэ бол маш чухал асуудал юм. Одоо бол УИХ-ын гишүүн болохоор бүх юмыг мэддэг. Чаддаг болдог. Уг нь ард үлдсэн олон түмнийхээ санаа бодлыг сонсох ёстой. Гэтэл түмний өмнө гараад өөрийнхөө бодлыг л яриад, дотоод хүний зөвлөгөөг авдаггүй. Тэгэхээр бидний зорилго бол тэднийг чиглүүлэх ёстой. Бидний дэмжлэгээр гарсан байвал гэрээ байгуулж, бид ийм зөвлөгөө өгнө шүү, энэ талаар бодно шүү, улс орныхоо хөгжилд хэрэгтэй зүйл л хийнэ шүү гэх зэргээр хэлнэ.

Хоёрдугаарт, зөвлөгөөний гол шинж юу вэ гэвэл манай улс том супер гүрэн шиг автомашин, гар утас зэргийг хийх чадал байхгүй. Хамгийн гол нь ганц, хоёрхон зүйлээр дэлхийд гарах боломж юу байна гэдэгт чиглүүлэх ёстой. Жишээ нь Швейцарь улс цаг, тонгорог. Голланд улс үхрийн аж ахуй, бяслаг хийх зэргээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, байр сууриа эзэлсэн. Манай улсын хувьд ганцхан ноолуураар дагнахад болчихож байгаа юм. Гэтэл манайх тал тал тийш самгардсан. Стив Жобс хүн болгон, айл бүрт хүрэх ганц зүйлд чиглэж чадсан учир 200 тэрбум ам.долларын хөрөнгөтэй компанийг бий болгож чадлаа шүү дээ. Энэ бол хамгийн гол санаа юм.

Манайд нэг буруу жишиг байна. Гадны улсын дэмжлэгээр хөгжинө гэж ярьдаг. Тийм зүйл байхгүй. Мөн нэг л их мөнгөжих гэсэн хүмүүс. Тансагласан. Үнэтэй машин унаж, өрөөндөө гаднаас авчирсан тансаг тавилга тавина. Манай амьдрал бүтээдэг биш хангамжийн, хэрэглээний маягийн болчихоод байна. Энд л хамаг зовлон байна.  Түүний оронд бүх хөрөнгөө ноолуурын салбар руу хийж, аймгуудад угаах үйлдвэр байгуулах, 20 мянган ажилтантай том цогцолбор босгох, хажууд нь хүрээлэнгүүд байгуулах зэргээр хөгжүүлмээр байна. Ингэж нэг юмаар дагнаж хөгжинө. Энэ талын зүйлүүдийг гарах хүмүүст зөвлөж хэлнэ.

-2020 оны сонгуульд та бүхний дэмжлэгээр том хүч өрсөлдөх нь ээ. Ер нь УИХ-ын 76 суудлын хэдийг нь өөрийн нөхдийн төлөөллөөс бүрдүүлсэн тохиолдолд дээрх яриад буй зорилтуудыг биелүүлэх хүч бүрэлдэх вэ?

-Ер нь парламентад зөв үзэл бодол, зөв үзэл санаатай нэг хүн ч гэлтгүй хэрэгтэй шүү дээ. Цаашид хүмүүс маань эрчимтэй нэмэгдээд ирвэл парламентыг зөв зам руу чиглүүлнэ. Гол нь хүний тоо гэхээс илүү зөв хүмүүсийг л гаргах ёстой. Жишээ нь, хүүдүүдэд 20 мянган төгрөг өгөх нь өнгөц харахад зөв. Цаашаа ухаад алсын хараатай харвал хамгийн буруу. Нөгөө их мөнгийг чинь цуглуулж байгаад сан байгуулж, зөв зүйл руу нь чиглүүлбэл өнөөдөр бүх хүүхэд нэг ээлжийн сургуультай болсон байх ёстой. Бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдсан байх учиртай. Гэвч өнөөдрийг бодсон мулгуу бодлогоос болж хойч хойч үедээ хор тарьж байна. Тиймээс энэ бүхнийг бодож үзэх, алсын хараатай ажиллах хүн гаргах нь манай хөдөлгөөнийнхөний зорилго юм.

Би тойм тооцоо хийж үзсэн. Манай улсын бүх баялаг, нутаг дэвсгэрийг хөрөнгөөр үнэлье гэвэл 200 мянган тэрбум доллар болж байна. Бид ийм баян хүмүүс. Өөр нэг гайхамшигтай зүйл нь дэлхийн дулаарлаас болж далайн эрэг хавийн орнуудын усны түвшин нэмэгдэж зарим хуурай газар алга болно. Ингээд тэд 50, 80, 100 жилийн дараа монгол оронд хадаг бариад жаахан газар 50 жилээр түрээслүүлээч гээд ирнэ. Манайх ийм сайхан ирээдүйтэй улс юм. Тиймээс өнөөдрийн хүндрэлд түүртэхээс илүүтэй ирээдүйгээ харсан зөв бодлого дэвшүүлж, тууштай явах ёстой.

Санал болгох

Д.Бат-Оюун: Төрийн сүлдээ магнайдаа залдаг цагдаагийн албаараа бахархдаг

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой тохиолдуулан хамгийн отгон эмэгтэй хурандаа болох ЦЕГ-ын Авто баазын ахлах нягтлан бодогч бөгөөд Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Бат-Оюунтай ярилцлаа.

1 өдрийн өмнө
Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон

Залуусын дунд ном унших дадал бий болгох. зөв номоо олж унших,  унших арга барилд сургах зорилгоор Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Акимтай ярилцлаа.

2 өдрийн өмнө