Б.Хулан: Ямар ч бэлгийн чиг баримжаатай байсан мөн чанартаа бид хүн шүү дээ

5.0 мянга
5
3 сарын өмнө
Б.Хулан: Ямар ч бэлгийн чиг баримжаатай байсан мөн чанартаа бид хүн шүү дээ

Би эрэгтэй эсвэл эмэгтэй ч байж болно. Заавал эрэгтэй эсвэл эмэгтэй байх ёстой гэсэн хүйсийн хоёр туйлт үзэлд харьяалагдаж, эсрэг хүйстэндээ татагдах ёсгүй.

Энэ үзэл уламжлалт нийгмийн хувьд үргэлж үгүйсгэлтэй тулж ирсэн бөгөөд хохирогчид нь бэлгийн цөөнх буюу лесбиян, гей, бисексуал, трансжендер, интерсекс хүмүүс байсаар ирсэн. Уг нь тэнднийг ингэж ялгаж нэрлэх ч шаардлагагүй. Тэд өөрсдийгөө нуух ч хэрэггүй. Учир нь та яагаад гэдгээ мэдэхгүйгээр эсрэг хүйсийн хүндээ татагддаг шиг тэдний хувьд бэлгийн чиг баримжаа нь заяагдмал. Хувирашгүй.

Ингээд Тэгш эрх, Бахархлын өдрүүд удахгүй болох гэж байгаатай холбогдуулан "ЛГБТ Төв"-ийн Залуучуудын хөтөлбөрийн менежер Б.Хулантай ярилцлаа.

-За эхлээд өөрийгөө танилцуулах уу?

Намайг Хулан гэдэг. Залуу уран бүтээлч, хүний эрхийн хамгаалагч. Өөрийнхөө бэлгийн чиг баримжааг яг тийм ийм гэж тодорхойлдоггүй хэдий ч күийр хүмүүсийн төлөөлөл. Одоогоор "ЛГБТ Төв"-ийн Залуучуудын хөтөлбөрийн менежерээр ажилладаг, бэлгийн цөөнх хүмүүсийн тэгш эрхийн төлөө тэмцэж, нийгэмд тогтсон буруу хандлагыг өөрчлөх гэж хичээж байна даа.

(Күийр-Түүхийн хувьд энэ үг нь анх доромж утгаар хэрэглэгддэг байсан ч цаг хугацааны явцад ЛГБТИК хүмүүс энэ үгийг өөрийгөө бахархалтайгаар илэрхийлэх үг болгож чадсан юм.. Ихэвчлэн энэ нэр томьёог бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааг хоёрхон туйлт гэж үздэггүй ЛГБТИК хүмүүс хэрэглэдэг.)

-ЛГБТИК буюу күийр хүмүүсийн тухай нийгэмд тогтчихсон сөрөг хандлага байдаг шүү дээ. Шинжлэх ухаанч бус байдлаар тогтсон ойлголтоос болоод күийр хүмүүсийг гадуурхдаг тухайд юу гэж боддог вэ?  

Хүмүүсийн дунд тогтсон буруу хандлага, хэвшмэл ойлголт нь их сөрөг нөлөөтэй л дөө. Жишээ нь дарга гэхээр л хослол өмссөн эрэгтэй, сайн тогооч гэхээр махлаг эрэгтэйг төсөөлдөг. Дарга, захирал, улс төрч гэхээр шуудхан эмэгтэй хүнийг төсөөлөх нь ховор. Яг иймэрхүү байдлаар ЛГБТИК хүмүүсийн тухай бэлгийн замын халдварт өвчин тараадаг, бэлгийн гаж зуршилтай гэх мэт хэвшмэл ойлголт нийгэмд их байдаг. Ийм тогтсон ойлголтоос болоод лесбиян, гей хүмүүсээс айх айдас буюу гомофоби, бисексуал хүмүүсээс айх бифобитой хүмүүс бий болдог юм. Гэтэл ЛГБТИК хүмүүс түүхийн аль ч цаг үед, ямар ч улс үндстэнд байсаар л ирсэн адилхан л хүмүүс шүү дээ. Энэ буруу ойлголтуудыг цэгцлэхгүй бол хүмүүсийн дунд улам л том хана босож, үйл ойлголцол , хүчирхийллийг бий болно. Яг л нэгэн цаг үед еврей, өнгөт арьстнуудыг гадуурхаж байсан шиг. Ер нь хэн ч байлаа гэсэн, ямар ч бэлгийн чиг баримжаатай байсан эцсийн мөн чанартаа бид бүгдээрээ л хүн.

-Бэлгийн чиг баримжааныхаа тухай гэр бүлийнхэндээ хэлэхэд яаж хүлээж авсан бэ?

Би багадаа гэр бүлдээ их хайрлагдаж өссөн. Хамаатнууд маань хүртэл Хулан мундаг, бие даасан гээд л. Гэхдээ том болох тусмаа би өөрийгөө чөлөөтэй илэрхийлж эхэлсэн нь хүмүүст таалагдаагүй. Гэр бүлийнхэн маань намайг эмэгтэй хүүхэд учраас хэчнээн ядарсан ч гэсэн гэр орноо цэвэрлэж, аяга тавгаа угааж, эмэгтэйлэг байх хэрэгтэй буюу “чи бол охин хүүхэд” гэсэн хайрцаг тулгаж байсан. Зураач болно гэж хэлэхэд ч гэсэн “зураач хүмүүс архи уудаг, тамхи татдаг, чи тийм болох гэсэн юм уу” гэж хандана. Би уран зураач гэдэг мэргэжлийг сонгосон болохоор ч тэр үү материаллаг зүйлд тийм ч их ач  холбогдол өгдөггүй. Хувцсан дээр л гэхэд будаг болчих юм чинь гээд үнэтэйг нь сонгохгүй. Аль болох биед амар, будаг болсон ч арилдаг материалтайг нь сонгоно. Хааяа нүүрээ будна, хааяа будмааргүй санагдаад зүгээр л гараад явна. Харин гэрийнхэн маань чи охин хүүхэд учраас гоё ганган явах хэрэгтэй гэж үздэг. Үүн дээр нь нэмээд күийр хүн гэдгээ хэлбэл галзуурна биз дээ. Тэгээд л энэ бүхэн заавал ийм байх ёсгүй, би өөрийнхөө жаргалтай байх замыг сонгож байхад яагаад намайг хязгаарлаад байгаа юм бэ гэж бодоод их тэмцэлддэг байлаа. Орой болгон уйлах, бухимдахаас авахуулаад тэр цаг хугацаа надад их хүнд байсан. Гэр бүлийнхээ тогтсон ойлголтыг эвдэх хэцүү юм билээ. Тэгээд л энэ бүхний эцэст гэрээсээ явсан даа. Эхний хоёр сар араас утасдаад л надад итгэдэггүй байсан. Одоо өөрийгөө аваад явч чадна гэдгээ харуулсан, хэрэгтэй үед нь боломжийнхоо хэрээр мөнгө өгнө, эмээдээ сүүний мөнгө илүүчилнэ гэх мэтээр өөрийгөө бага ч гэсэн хүлээн зөвшөөрүүлж байгаа.

-Эсрэгээрээ гэр бүлийнхэн чинь чамайг ойлгосон бол ямар байх байсан бол гэж бодож байсан уу?

Хүүхдэдээ би чамайг өсгөсөн, тэжээсэн тиймээс миний үгийг сонсох хэрэгтэй гэж тулгадаггүй, ойлгож хүлээж авдаг эцэг эхчүүдийг байдаг л даа. Эцэг эхтэйгээ хэнтэй үерхэж, хэнтэй найзалж байгаа тухайгаа чөлөөтэй ярилцдаг найзууд маань ч бий. Хааяа тэдэнд атаархдаг л юм. Гэхдээ чөлөөтэй байдлыг ойлгохгүй байгаа нь манай эцэг эхчүүдийн буруу биш шүү дээ. Манай үеийнхний эцэг эхчүүд өөр нийгэмд өссөн. Харин бид маш хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдарч байгаа учраас хоорондын үйл ойлголцол мэдээж үүснэ. Гэхдээ муухай мөрөөдөлтэй хүн гэж байхгүй учраас хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг ойлгох гэж хичээх хэрэгтэй л гэж бодлог.

Хэрвээ гэр бүлийнхэн маань намайг ойлгох гэж хичээсэн бол би гэрээсээ явахгүй байсан ч юм билүү. Энэ бүхний эцэст гэрийнхэнтэйгээ баяруудаар л уулздаг болтлоо хана босгосон байна. Гэтэл би тэдэндээ хайртай. Тэд маань ч гэсэн надад хайртай шүү дээ.

-Тэгвэл найзууд чинь яаж хүлээж авсан бэ?

Найзууд маань “Аан, мэдэж байсан юм” гэж л хүлээж авсан. Нэг их тоогоогүй л дээ. Тэр үед их баярлаж байсан. Найзууд маань бүгд л өөрсдийн сонгосон салбартаа амжилттай сурч, хийж бүтээж байгаа. Хэзээ ч хоосон хов жив хөөдөггүй учраас би тэднээрээ их бахархдаг.

-Найз нөхөдтэй болох ч юм уу, шинэ харилцаа үүсгэх тоолонд өөрийгөө илэрхийлэх шаардлагатай болдог байх л даа. Энэ нь  хэр төвөгтэй санагддаг вэ?

Хааяа жоохон хэцүү л дээ. Гэхдээ тэр хүн намайг таниад, миний үнэт зүйлийг, миний хэн гэдгийг мэдэж байж хүрээлэлд маань орж ирэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс өөрийгөө илэрхийлэх л хэрэгтэй болно. Тэгсэн тохиолдол чи юун хачин юм  яриад байгаа юм бэ, гээд харилцаа шууд тасалж байсан удаа бий. Онцын зүйл хэлээгүй хэрнээ чимээгүй зайгаа барьсан хүмүүс бас байна. Ямар ч байлаа гэсэн би өөрийнхөөрөө, мөрөөдлийнхөө төлөө амьдарч байгаа учраас тэр хүмүүст гомдох юм байдаггүй.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Ном уншина, дуу сонсоно, блог хөтөлдөг бас бясалгал хийдэг. Найзуудтайгаа ярилцаж урам авна. Өөрийгөө завгүй байлгах гэж их хичээдэг юм. Маш мундаг арт терапист Нарантулга эгч миний зөвлөх болсон. Зөвлөхөөсөө сурах зүйл маш их байгаа учраас чөлөөт цаг багасч л байна.

-Хамгийн сүүлд ямар зураг зурсан бэ?

Хүүхдийн номын зураг зурсан. Монголын Урлагийн Зөвлөлийн “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт 9 сарын хугацаанд хамрагдаад, багийн мундаг залуучуудтайгаа хамтраад Хавдартай хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном бүтэсэн. Азийн сан байгууллагын санхүүжилтээр хэвлүүлж, бид номнуудаасаа СЭМҮТ-д ихэнхийг нь өгч, бага хэсгийг нь номын сангуудад тараасан. Бас номын санг нь хүүхдийн номоор дүүргэж өгсөн юм. 

-Юу мөрөөддөг вэ?

Их энгийн хайртай хүнтэйгээ аз жаргатай  амьдраад түүнийгээ зурж байна гэх мэтээр мөрөөддөг. Эсвэл хүний эрхийн төлөөх мундаг тэмцэгч болж байна ч юм уу. Би ер нь их мөрөөдөгч хүн л дээ. Хүн бүрийг л аз жаргалтай байгаасай гэж мөрөөдөх дуртай.

-Өнгөрсөн жилийн Тэгш эрх, Бахархлын өдрүүдийн жагсаалд урьдын жилүүдийнхээс олон хүн оролцсон учраас нийгмийн зарим хэсэг их дургүйцэж байсан. Ер нь хүмүүсийн дунд ЛГБТИК хүмүүс яагаад ч юм олшроод байна гэсэн бодол төрж байх шиг байна?

Тэгш эрх, Бахархлын өдрүүдийн жагсаалын алхалтыг энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулна. Жил ирэх тусам хамрах хүрээ болон оролцдог хүмүүс ихсэж байгаа. Гэхдээ тэр жагсаалд алхаж байгаа хүмүүс бүгдээрээ ЛГБТИК биш, дэмжигчид бас байдаг. Нэг зүйлийг заавал хэлэхэд Марзан Шарав гуайн Монголын нэг өдөр гэдэг алдарт бүтээлд хүртэл хоёр эрэгтэй хүн бэлгийн харилцаанд орж байгааг харуулсан байдаг юм. ЛГБТИК хүмүүс Монголын нийгэмд огт байгаагүй хүмүүс биш гэдгийг энэ бүтээл хүртэл баталж байна шүү дээ. Тиймээс бэлгийн цөөнх хүмүүс олширсондоо биш нээлттэй болж байгаа. Цаг үеэ дагаад өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болсон. Энэ нь хүмүүст олон болж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа байх.

-ЛГБТ Төвийн үйл ажиллагаа улам өргөжиж байх шиг байна. Одоо ямар хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

Манай Төв Эрх зүй, Эрүүл мэнд, Залуучуудын гэсэн гурван хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Хөтөлбөр тус бүрдээ бид маш их олон төсөл, санаачлагуудыг хийдэг. Ерөнхийдөө л нийгэм болон бодлогын бүх түвшинд л бэлгийн цөөнх хүмүүсийн тэгш эрхийг хангаж, хөхиүлэн дэмжих зорилготой. Миний хариуцсан хөтөлбөр бол ерөнхий боловсролын сургуулийн ажилчид, сурагч нарт зөв мэдээлэл өгөх, эерэг хандлага түгээх болон ЛГБТИК залуучууд руугаа чиглэсэн маш олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Манай Төвийн үүд хаалга хэнд ч гэсэн нээлттэй, ирээд зөвлөгөө мэдээлэл авахад үнэ төлбөргүй бөгөөд хүний хувийн нууцыг мэдээж цааш нь дэлгэхгүй.

-ЛГБТИК хүмүүс бол бусадтай л адилхан хүн, яагаад нуугдах ёстой юм бэ, гэх мэтээр их шинэлэг сэдэвтэй подкастууд хийдэг болсон байна лээ?

ЛГБТ Төв өмнө радио нэвтрүүлэг хийж байсан. Тэр ажил маань зогсчихсон байж байгаад өнгөрсөн жилээс подкастууд цацаж эхэлсэн. Хоёр улирлын турш 24 дугаар цацчихсан байгаа. Күийр хүмүүс өөрсдийн туулж өнгөрүүлсэн бодит амьдрал, хөгжилтэй явдал, хайр дурлалын түүхүүдээ хуваалцаж нээлттэй ярилцдаг юм. Бусдад дуу хоолойгоо хүргэх нь бидний тухай зөв ойлголт түгээж, өөрсдөөс нь ялгаагүй юм байна гэдгийг ойлгуулах байх. Энэ 7 хоногоос эхлэн 3-р улирлын шинэ дугаарууд цацагдаж байгаа.

-Күийр хүмүүсийг үзэн яддаг, фобиатай, эсвэл огт ойлгодоггүй хүмүүст юу хэлмээр байна?

Хүн бүр дахин давтагдашгүй шүү дээ. Чамаас жоохон өөр байлаа гээд үзэн ядах хэрэг юу байна аа?

Аль 1990 онд л Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчин биш, төрөлхийн заяагдмал зүйл юм байна гэдгийг баталчихсан. Хэн ч эх орон, эцэх эхээ сонгож төрдөггүйтэй адил бэлгийн чиг баримжаагаа ч сонгож төрдөггүй. Тиймээс бие биенээ үзэн ядахаа болиод хамтдаа сайхан амьдарч, эх орноо хөгжүүлье л дээ.

-Ярилцсанд баярлалаа

Санал болгох

Д.Бумдарь: Парламент өөрөө санал гарган тарвал нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

4 өдрийн өмнө
Д.Онон: Хүү бид хоёрын хамтын хөдөлмөр өнөөдрийн амжилтын эхлэл байсан

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононтой ярилцлаа.

6 өдрийн өмнө