ОУВС: Ядуурлын түвшин өндөр хэвээр байна

7.8 мянга
18 өдрийн өмнө
ОУВС: Ядуурлын түвшин өндөр хэвээр байна

Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ажлын хэсэг 2019 оны 6-р сарын 19-өөс 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд хэвлэлийн мэдээ гаргадаг бөгөөд энэ удаа дараах зүйлсийг онцолжээ. Үүнд:

  • Монгол Улс эдийн засгийнхаа эрсдэл даах чадварыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн ахиц гаргалаа. Эрх баригчид эдийн засагт гарсан нааштай өөрчлөлтийг зохистой ашиглаж, засгийн газрын тодорхой өрийг барагдуулж, гадаад валютын нөөцийг сэргээн нэмэгдүүллээ.
  • Хэдий тийм ч эдийн засгийн буфер буюу хамгаалалт нь томоохон шокыг даван туулахад хүрэлцэхээргүй байна. Эдийн засаг гадаад орчны болон уур амьсгалын өөрчлөлтөд хэт мэдрэг хэвээр байна. Хэдийгээр эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа ч ядуурлын түвшин өндөр хэвээр байна.
  • Эдийн засгийн буфер бий болгох, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстой. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн секторын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, хөдөө аж ахуйн бодлогыг шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой.

 Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв:

“Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн түвшин 2016 оноос хойш огцом сэргэлээ. Монгол Улсын эрдэс баялгийн түүхий эдийн гадаад эрэлт өндөр байсан, Оюу Толгойн зэсийн уурхайн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирсэн, мөнгө болон зээлийн нөхцөл байдал зөөлөрсөнтэй холбоотойгоор бодит ДНБ өслөө. Үүний зэрэгцээ Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын сайжруулсан хослол дотоод эдийн засагт итгэх итгэлийг сэргээв. “Хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол Улсын эдийн засагт мэдэгдэхүйц хүчирхэг болж чадлаа. Татварын орлого эрс нэмэгдэж, төсвийн зардлыг харьцангуй хязгаарласны үр дүнд төсвийн нийт алдагдлын хэмжээ ДНБ-ний 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч сайжран, засгийн газрын өрийн хэмжээ 13 нэгж хувиар буурч, ДНБ-ий 75 хувь (ОУВС-гийн тодорхойлолтоор) боллоо. Гадаад секторын хувьд Монголбанк экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс сайжирсан өөрчлөлтийг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээг 2016 оны эцсээс 3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж чадлаа. Гэвч эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байж чадахгүй байгааг өрхийн өрийн дарамт нэмэгдэж, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаагаас ажиглаж болно. Эрдэс баялгийн түүхий эдийн эрэлт, зээлийн өсөлт буурахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт саарах хандлагатай байна. Гэхдээ одоогийн бодлогыг хэвээр үргэлжлүүлэхэд эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломж болон буурах эрсдэлийн аль аль нь байгаа. Монгол Улсын эдийн засгийн суурь сул байгаа нь гадаад орчны нөлөөлөлд шууд өртөмтгий болгож байна. Мөн түүнчлэн, эдийн засгийн цаашдын төлөв нь сонгуулийн мөчлөгийн үеэр төсвийн болоод мөнгөний бодлогын сахилга батыг хэр сайн үргэлжлүүлэн сахихаас хамаарна. “Монгол Улсын эдийн засагт байгаа буфер, хамгаалалтууд нь өсөлтийг удаашруулж, бууруулах эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэхэд хангалттай хүрэлцэхгүй хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад тулгарч байсан хямралууд нь гадаад шок (жишээлбэл, түүхий эдийн үнэ огцом унах) болон тогтвортой бус буюу төсөв, мөнгөний зөөлөн бодлогыг хавсарч байснаас үүдэлтэй. Үр дүнд нь Засгийн газрын өр нэмэгдэж, валютын нөөц багасч, төгрөгийн ханш суларсан. Сүүлийн үед тодорхой ахиц гарсан хэдий ч Монгол Улсын эдийн засагт байгаа буфер, хамгаалалтууд нь өмнөхтэй төстэй дарамт тулгарахад асуудал багатай шингээж, эрсдэлийг бууруулахад хангалттай биш байна. “Засгийн газрын өрийг хангалттай хэмжээгээр бууруулах үүднээс нэгдсэн төсвийн хүүгийн зардлыг хассан тэнцлийг 2019 онд хамгийн багадаа ДНБ-ний 1 хувь, 2020 оноос хойш ДНБ-ний 2 хувьд барих нь зүйтэй. Мөнгөний хатуу бодлого макро зохистой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зээлийн өсөлт макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадна. Банк бус санхүүгийн салбараас хэт ихээр олгож байгаа зээлийг хязгаарлах үүднээс Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтыг чангатгах хэрэгтэй байна. “Бүтцийн өөрчлөлтийг сууриас нь эхэлж хэрэгжүүлснээр Монгол Улсын тэлэлт, агшилтын мөчлөгт өртөх эрсдэлийг бууруулна. Төсвийн тусгай шаардлагуудыг боловсронгуй болгох нь ойрын жилүүдэд төсвийн сахилга батыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтолтой. Үүнтэй зэрэгцээд тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар экспортын салбарыг бэхжүүлэх боломж харагдаж байна. Эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлдэг шинэ тутам үүсгэн байгуулагдсан компаниудыг санхүүжүүлэхэд зохистой хэмжээний өөрийн хөрөнгөтэй банкны систем зайлшгүй хэрэгтэй болно. Эцэст нь, төсвийн зардлыг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт түлхүү чиглүүлснээр ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй, үр өгөөжтэй байх нөхцөлийг бүрдүүлж чадна. “Засаглалын тухайд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2019 оны Авилгатай тэмцэх хүрээний тайланд авилгыг бууруулах гол тэргүүлэх чиглэлийг тодорхойлжээ. Тэр дундаа шүүх байгууллагын худалдаа, бизнесийн асуудлыг шийдвэрлэх чадавхийг бэхжүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тогтолцоог боловсронгуй болгож шинэчлэх нь онцгой ач холбогдолтой байна.

Байгаль орчны асуудлын хувьд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэл өндөртэй бөгөөд бэлчээрийн ашиглалтыг татвар, хураамжаар зохицуулж, малын гаралтай бүтээгдэхүүнийг орчин үеийн хэрэглээнд тохируулж үйлдвэрлэснээр Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар, цөлжилттэй тэмцэх ажилд ахиц гарах боломжтой. “ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тухайд зургадугаар шатны үнэлгээг эцэслэх асуудал хүлээгдсэн хэвээр байгаа бөгөөд энэ хүрээнд тавьсан хоёр урьтал нөхцөлийг хангахаас хамаарна. Нэгдүгээрт, Активын чанарын үнэлгээ (АЧҮ)-ний хүрээнд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд аудит хийж, тухайн хөрөнгө нь Монгол Улсын хууль тогтоомж, шилдэг туршлагатай нийцэж байгаа эсэхийг тогтоох юм. Хоёрдугаарт, АЧҮ-ний хүрээнд тавигдсан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас хяналт шалгалтын арга хэмжээ авах үүрэг амлалт хүлээсэн байгаа. “Ажлын хэсэг УИХ-ын дарга, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Засгийн газрын бусад дээд албан тушаалтнууд, хувийн хэвшил, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Монгол Улсад байх хугацаанд хамтран ажиллаж, үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлж, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад ажлын хэсгийн зүгээс талархал дэвшүүлж байна."

Санал болгох

Монгол улсын богино хугацааны зээлжих зэрэглэлийг  “В” хэвээр үлдээжээ

Фитч агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна.

11 цагийн өмнө
Экспорт 10 хувиар өсчээ

Манай улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.доллар болжээ.

11 цагийн өмнө
Налайх дүүрэгт ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Сүүлийн жилүүдэд Монголын автотээврийн салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж, энэхүү хэрэгцээг ханган ажиллах нь тус салбарын гол үүрэг юм. Гэвч үүний зэрэгцээ автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагавар ихээр бий болж байгаа нь улс орон бүрийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

2 өдрийн өмнө
Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болжээ

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан билээ.

9 өдрийн өмнө