Б.Болортуяа: Шигдсэн хумсаа авахуулбал дахиад л шигдэж ургана

1.6 мянга
2
3 сарын өмнө
Б.Болортуяа: Шигдсэн хумсаа авахуулбал дахиад л шигдэж ургана

Хөлийн хумс шигдэх нь эрүүл мэндэд тийм сөргөөр нөлөөлөхгүй мэт санагдаж болох хүний тулгуур эрхтэнд шууд нөлөөлдөг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байна. Тиймээс энэ талаар Хөл, хумсны клиникийн ерөнхий эмч Б.Болортуяатай ярилцлаа.

-Хумс ер нь яагаад шигддэг юм бэ? Гол шалтгаан нь юу юм бэ?

Хумс шигдэх олон шалтгаан бий. Ихэвчлэн хумсаа буруу авах, төгсгөлийн мэдрэлийн цэгүүд мэдээгүй болсноос, жин нэмснээс, жирэмсний үед хөл гар хөөж хавдсанаас болоод хумс шигддэг. Бүр удамшлын маягтай хумс нь шигдэж ургах тохиолдол байна. Мөн хөл бөмбөг, сагсан бөмбөг, бөх гэх мэт спортоор хичээллэдэг бол хөлийн хуруугаа гэмтээж улмаар хумс нь шигдэж ургадаг тохиолдол бас их байдаг.

-Шигдсэн хумсаа тоохгүй орхивол ямар сөрөг нөлөөтэй вэ?

Хумс зүрх, уушги, элэг шиг амин эрхтэн биш учраас гэмтсэн, шигдэж ургасан нөхцөлд хүмүүс тоохгүй орхих гээд байдаг тал бий. Гэтэл хөлийн эрхий хурууны хумс хүний биеийн тэнцвэрийг хадгалж, алхахад хамгийн гол тулах цэг болдог. Харин хумс нь шигдсэн хүн хөндүүрлэж байгаа хуруун дээрээ аль болох ачаалал өгөхгүйг хичээн алхсанаар алхаа гишгээд нь гажуудал үүснэ. Улмаар бүх тулгуур эрхтнүүддээ нөлөөлж, тэр чигтээ гажих магадлалтай. Нуруу нь мурийх гэх мэтээр. Хүний биед хоорондоо уялдаа холбоогүй эрхтэн гэж нэг ч байхгүй учраас амин ч бай амин бус бай нэг эрхтэн доголдсон тохиолдолд дараагийн эрхтэндээ нөлөөлдөг юм.

Жишээ нь, манай эмнэлэгт арван удаа, таван удаа шигдсэн хумсаа сугалуулсан хүн ирдэг. Хөлийн хумсаа сугалуулаад дахиад ургахад яг бүтэн жил болдог.  Энэ юу хэлж байна гэхээр тухайн хүн дор хаяж хоёр гурван жил эрхийн хуруугаараа бүтэн гишгэж яваагүй ээ л гэсэн үг. Тиймээс тулгуур эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой шүү дээ.  Мөн хөлийн хуруунууд ястай их ойрхон учраас хүндэрсэн тохиолдолд ясанд идээ, шүүдэс орох магадлалтай.

-Хүмүүс шигдсэн хумсаа авахуулчихдаг шүү дээ. Гэтэл хумс нь хэсэг хугацааны дараа дахиад л шигдэж ургадаг. Тиймээс шигдсэн хумсаа авахуулах нь зөв үү?

Улсын эмнэлгийн эмч нар хөлийн шигдсэн хумсыг эмчлэх шинэ арга технологио эзэмших шаардлагатай байгаа л даа. Шигдсэн хумсыг сугалахад эхлээд мэдээ алдуулах тариа хийнэ. Мэдээ алдуулаад арьс махны завсар байрлаж байгаа хумсыг авна гэдэг нь цэвэр мэс ажилбар. Харин орчин үеийн хөгжингүй орны анагаах ухааны салбар  аль болох мэсийн бусаар аливаа өвчин, эмгэгийг эдгээх гэж оролдож байна. Европт гэхэд хумсыг мэсийн аргаар авахаас татгалзаад 20 жил болсон. Тиймээс хүмүүст шигдсэн хумсаа тал болон бүтэн байдлаар битгий сугалуулаарай гэж хичээнгүйлэн зөвлөмөөр байна.

-Шигдсэн хумсаа авахуулахаар дахиж шигдэж ургадаг шалтгаан нь юу юм бол?

Манай монголчуудын хамгийн том алдаа юу вэ, гэхээр яагаад өвдсөн шалтгаанаа олж тогтоодоггүй. Толгой өвдлөө гэхэд толгойн эм уугаад халуурах, янгинах гэх мэт шинж тэмдгээ л хүчээр дарчихдаг. Ядарснаас уу, бухимдсанаас уу гэдгийг боддоггүй.
 

Яг түүн шиг шигдсэн хумсаа сугалуулна гэдэг шинж тэмдгийг нь дараад жилийн хугацаанд л өвчингүй болж байгаа хэрэг. Уг үндсийг нь эмчлээгүй учраас хумс дахиад л шигдэнэ. Энгийнээр хэлэхэд хумс галт тэрэгний зам шиг замыг дагаж ургадаг. Хумсыг нь сугалаад авчихлаар хумс ургах талбай хумигдаад, шүдгүй хүний ам умайдаг шиг л юм болно. Тэр хумигдсан хэсэгт замгүй болчихсон учраас хумс дахиад л шигдэж эхэлнэ шүү дээ. Яхав азаар хумс нь шигдэхгүй ургасан тохиолдол байна. Тиймээс хумсаа сугалуулна гэдэг яагаад ч зөв арга биш. Цаашлаад хумс хоёр тал руугаа шигдээд бүр зайгүй болбол дээшээ овойж ургадаг. Яагаад гэвэл хумс ургахаа болихгүй шүү дээ.

Ер нь толгой өвдөөд байна гээд толгойгоо салгаад авдаггүйтэй л адилхан асуудал. Манай эмнэлэгт ирж байгаа хүмүүс хүртэл хумсаа авахуулах гэсэн юм гэж орж ирдэг л дээ. Манайх хумс авахгүй ээ, аппарат тавьж эмчилдэг гэхээр тэр бүр ойлгодоггүй.

-Хумсны аппаратын тухай танилцуулахгүй юу?

Аппарат тавина гэхээр хүмүүс нэг их том юм хөлөнд нь суулгах гэж байгаа юм шиг төсөөлдөг. Хөлийн хумсны аппаратыг бэхэлгээ гэж ойлгож болно. Шүд далий ургалаа гээд авахуулахгүйгээр аппарат зүүж тэгшилдэгтэй яг адилхан. Аппарат тавиулснаар хумс дахиж шигдэж ургахгүй, хэсэг хугацааны дараа эргэж үзүүлээд чангалуулаад явна.

-Аппарат тавиулахаар гутал өмсөхөд төвөгтэй байх уу?

Гутал, оймс өмсөөд явахад ямар ч асуудалгүй. Бас ямар ч өвдөлт байхгүй.

-Чанаргүй гоо сайхны газруудад педикур хийлгэснээс болоод хумс шигдэх асуудал их гарч байгаа юм шиг санагдаж байна.

Яг тийм. Манайд ирсэн эмэгтэйчүүд ихэвчлэн педикурт ороод сайн мэргэшээгүй хүнээр хэтэрхий ухуулж авахуулснаас болоод хумс нь шигдчихсэн ирдэг. Яхав гоо сайханч нар хүний хумсыг гоё харагдах талаас хараад, шигдэж ургах эрсдэлийг бодохгүй байна л даа. Хумсаа янзлуулж байгаа хүн бол хөлөө , хумсаа гоё болгочихлоо л гэж боддог. Гэтэл удалгүй хумс нь шигддэг тохиолдол их л дээ.

-Тэгвэл хумсаа яаж авах, гутлаа яаж сонгох хэрэгтэй вэ?

Хумсаа лав авахгүй дөрвөлжилж авах хэрэгтэй, хоёр талаас нь ухаж авч бас болохгүй. Гутлын тухайд  болж өгвөл  хагас хэмжээгээр томдуулж авах хэрэгтэй. Шөвгөр нарийн гутал өмсөж байгаа тохиолдолд хөлөө амрааж байх нь чухал байдаг.

-Хөлний мөөгөнцөрын тухайд?

Хөлний мөөгөнцөр арьсны, хумсны гэсэн хоёр төрөл байдаг. Хумсны мөөгөнцөр дутуу ариутгасан хумсны хэрэгсэл, углааш дамжуулах гэм мэтээр халддаг. Нэг айл нэг гишүүн хумсны мөөгөнцөртэй байхад бусдадаа халдаах магадлал өндөр учраас заавал эмчлүүлэх шаардлагатай. Эмчилгээ нь бас их цаг хугацаа шаарддаг. Тиймээс ууранд суусан, нийтийн халуун усанд орсон бол дараа нь хумсаа, хөлийнхөө арьсыг хараад мөөгөнцөр үүссэн эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн гэр бүлийн гишүүд  тусдаа хумсны хутгатай байхыг зөвлөж байна.

-Хумс нь шигдсэн хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа юу байдаг вэ? Эмчилгээгээ дундаас нь хаях гэх мэт.

Манайхан дур мэдэж гэрээрээ эмчилгээ хийдэг. Ихэвчлэн өмхий тос түрхээд боочихдог эсвэл өөрөө хумсаа авах гэж оролддог.  Гэтэл өмхий тос ямар нэмэр болохгүй. Тэгээд гэрийн аргаар үзэж үзэж бүр болохгүй болгоод хүндрүүлсэн хойно оо эмнэлэгт ханддаг. Энэ бол хамгийн буруу.

Хумс чинь шигдэх гээд хөндүүлээд эхлэхэд л  эмнэлэгт хандчихвал эмнэлэгт олон очих тоо чинь багасна. Хүндрүүлэхгүй эмчлүүлэх юм бол танд мэдрэгдэх өвдөлт бага болно. Мөн өөрөөс чинь гарах мөнгө бага байна.  Ер өөртөө л их хайртай байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Ярилцсанд баярлалаа

 

Санал болгох

Д.Бумдарь: Парламент өөрөө санал гарган тарвал нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

4 өдрийн өмнө
Д.Онон: Хүү бид хоёрын хамтын хөдөлмөр өнөөдрийн амжилтын эхлэл байсан

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононтой ярилцлаа.

6 өдрийн өмнө