А.Сайханчулуун: Тамирчин болгоныг харж байгаа өнцгөөсөө битгий дүгнээсэй

1.3 мянга
3 сарын өмнө
А.Сайханчулуун: Тамирчин болгоныг харж байгаа өнцгөөсөө битгий дүгнээсэй

Хүмүүс хаалгачийн хаасан 1000 хаалтыг санахгүй ч алдсан нэг гоолыг нь үргэлж санаж тэднийг шүүмжилдэг. Ингээд та бүхэнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн хаалгач Амарбаясгалангийн Сайханчулуунтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр анх нэгдүгээр ангиасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн ба 12 настайгаасаа хаалгачийн карьераа эхлүүлсэн нэгэн. Одоогоор “Улаанбаатар” клубийн үндсэн хаалгачийн үүргийг гүйцэтгэж байгаа аж.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

- Дэлдэн жоохон хүүхэд л байсан. Одоогийнхоос хамаагүй дуу муутай хүүхэд байлаа. Сахилгагүйтэх үедээ сахилгагүй, даруухан үедээ даруухан.

- Хэр удаан хөлбөмбөг тоглож байгаа вэ?

- Анх сонирхож эхэлсэн гэвэл манай үеийнхэн бүгд л тоглодог байсан. Бүр нэгдүгээр ангиасаа цүнхээ тавьж байгаад л үзэж тардаг байлаа.

Яагаад заавал хаалгач гэж? Өөрийн хаалгачийн карьерийг эхлүүлсэн түүхээсээ манай уншигчидтай хуваалцаач.

- Анх хөлбөмбөг тоглож эхлэхдээ хамгаалагч байсан юм. Тэгээд секцэд найзыгаа дагаж очоод л хаалгачгүй байсан болохоор хаалган дээр очиж зогсоод хааж байгаад л улсын аваргад багш маань авч явсан юм. Тэгээд тэр тэмцээнд нь гайгүй тоглоодхаалгач болсон доо.

- Бүхэл 90 минутын тоглолтын турш хаалгачийн сэтгэл зүйямарбайдагвэ?

Тоглолтын өмнө мэдээж чадна гэсэн байнгын бэлтгэлтэй байдаг. Тоглолтын туршид алдаа гаргахгүйг хичээнэ. Хойноос нь багаа удирдахыг хичээнэ. Ер нь тоглолт бүрээс л суралцаж, дараагийн тоглолтдоо бэлтгэгдэж байдаг даа.

- Үлгэр жишээ авдаг хаалгач бий юу?

Гадаадаас Испанийн шигшээ багийн домогт хаалгач Икер Касиллас. Түүн шиг хаадаг болохыг дотроо бодож явдаг. Монголоос Эрдэнэтийн хаалгач Сэр-Од.

- Таны хамгийн сайн тоглосон тоглолт хэзээ байсан бэ?

- Хамгийн анх 2017 онд залуучуудын шигшээд дуудагдаж, дуудагдсан жилдээ гараанд гарсан тоглолт маань юм уу даа. Тайландийн эсрэг анхны олон улсын тоглолтоо хийж хүмүүсээс ч сайшаал их хүртэж байсан. Тоглолтын үр дүн ч 1:1-ээр дуусаж байлаа. /дарах/ 

- Ихэнх хүмүүс хаалгачийн байрлалыг хамгийн амархан байрлал гэж боддог. Магадгүй гүйхгүй зогсоод л байдаг болохоор тийм байх. Яг үнэндээ, бодит байдал ямар байдаг вэ?

- Хөлбөмбөг үзэгчийн нүдээр харахад хамгийн амархан спорт. Ингээд л хийчих байсан, хаалгач үүн дээр л хамгаалчих байсан гэдэг ч юм уу. Хаалгачийг талбай дээр гүйж харагддаггүй болохоор маш амархан гэж боддог байх. Гэхдээ байнга хойноос нь удирдана, харна, заавар зөвлөгөө өгнө, бүх зүйл дээр анхааралтай байх ёстой. Хүн хүний харах өнцөг л өөр юм даа. Бодит байдал бол маш завгүй, өндөр темптэй тоглолтон дээр бол хаалгач ялгаагүй л ачаалалтай байдаг.Яг тэр хоромхон агшинд гаргаж байгаа үсрэлт, хурд тэсрэлт маш их хүч шаарддаг.

-Маш чухал тоглолтод гоол алдах үед ямар байсан бэ?

- Хамгийн сүүлийн жишээ гэвэл Брунейн эсрэг тоглолт байлаа. Эх орондоо тоглохдоо 2:0-ээр хожчихсон байсан. Нутагт нь очиж хариу тоглоход цаг агаар, үзэгчид, хувийн зарим нэг нөлөөлөх зүйл байсныг нуух хэрэггүй биз. Эхлээд нэг гоол алдчихаад ямар ч байсан нэлээн том алдаа гаргачихлаа даа гэж бодож байсан. Дараагийн гоолоо алдахгүй гэж хичээсэн боловч ахиад л алдчихсан. Ер нь бол маш хүнд цохилтод орсон. Одоо яг яах вэ гээд л. Багтаа уг нь хэрэг болох гэж ирсэн юмсан. Хамгийн найдвартай нь гэж намайг гараанд гаргасан. Гэтэл би баг хамт олныхоо итгэлийг алдчихлаа гээд маш их хямарч байсан. Гэхдээ бас тэгэхэд одоо ч бас өөрийгөө буруутгадаг ч гэсэн өөрөөр харж сэтгэлийн дэм өгч байсан хүмүүстээ баярладаг. Ер нь гоол алдсан хамгийн хүнд хэцүү үе Брунейн эсрэг хийсэн тоглолт л байлаа. 

-Хэрвээ танд цаашдаа өөр байрлалд тоглох боломж гарвал ямар байрлалыг сонгох байсан бэ?

- Энэ байрлал дээрээ илүү хичээх болохоор тэгэх боломж олдохгүй байх. Ер нь өөр байрлалд тоглох бодол байхгүй ээ. Энэ дээрээ илүү их суралцаад л байр сууриа баталгаажуулах болно оо.

- Мэдээж манай улсад хөлбөмбөгийн спорт мэргэжлийн түвшинд хараахан хөгжиж амжаагүй ч Монгол тамирчин дуртай спортоороо амьдралаа залгуулах боломжтой юу?

- Дэлхийн жишигтэй харьцуулахад тэд бол хөлбөмбөгийг мэргэжлээ болгоод ажиллаж байгаа хүмүүс. Тэд хөлбөмбөгөө больсон ч цаашдаа амьдрах хангалттай хөрөнгөө хураачихдаг. Монголд дөнгөж хөгжиж байгаа учраас хажуугаар нь зайлшгүй өөр ажил хийх шаардлагатай болдог. Миний хувьд одоогоор давхар ажил хийх шаардлага байхгүй байна. Хөлбөмбөгөөрөө одоохондоо болгоод л байна. Харин цаашдаа яахыг мэдэхгүй. Гэхдээ Монголд чи үнэхээр сайн бол хөлбөмбөгөөр амьдралаа аваад явах боломж нээгдсэн. Үүн дээр шинээр орж ирж байгаа багийн эздүүд маш их нөлөөлж байгаа.

- Шигшээ багийн тамирчин жилийн тэн хагасыг гэр бүлээсээ хол өнгөрөөдөг гэж сонссон. Эх орноосоо хол, гэр бүлээсээ хол удаан явах хэцүү байдаг уу? Хэрвээ хэцүү байдаг бол үүнийгээ хэрхэн даван туулдаг вэ?

- Би Эрднэтийх, тэгээд хотын багт тоглож байгаа. Тэгэхээр Эрдэнэт рүү явах зав бараг олддоггүй. Ер нь бол жилийн 365 хоногийн талыг нь буудалд өнгөрөөж байна. Үлдсэн хэсгийг нь хотод тоглож байгаа. Гэр орноосоо хол хайртай бүхнээ ардаа орхичхоод энд байж байгаа. Ер нь тэгээд л хааяа бас гэрээ санах үе гарна аа.

- Сэтгэл ямар нэг зүйлд хоргодоод байхад хийж байгаа юманд нөлөөлөөд байдаг шүү дээ. Хэрхэн энэ сэтгэл зүйгээ бэлдэж, үүнийг зохицуулдаг вэ?

-Өөрийгөө ганц зоригжуулж байгаа юм нь би хэдий үнэхээр гэрээ саналаа ч тэнд очоод байр сууриа олоогүй байгаа учраас хэдий гэр минь ч гэсэн тэнд надад амрахаас өөр хийх юм байхгүй. Тиймээс энд хийж байгаа зүйл маань миний ажил болсон, ингэж байж л ар гэрээ авч явна, энэ бол ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж л өөрийгөө зоригжуулж байна.

- Таныг анх хөлбөмбөгөөр хичээллэж эхэлж байхад хаалгачийн байрлалд тоглох сонирхолтой хүүхэд тун цөөхөн байсан байх. Харин одоо шигшээ багийн хаалгач та нарыг хараад, дэлхийн шилдгүүдийг хараад энэ байрлалд тоглохыг хүсдэг, тоглодог хүүхдүүд олон болсон. Таны зүгээс өгөх зөвлөгөө?

- Хүмүүс хаалгачийн байрлал амархан гээд л яриад байдаг. Үнэндээ өөрсдийнхөө хийж чадаагүй зүйлээ л тэгж ярьдаг. Ядаж нэг бэлтгэл дээр нь ирж үзээгүй байж, хаалгачдын хийж байгаа бэлтгэл, гаргаж байгаа хөлс хүч бүгдийг 90 минутын тоглолтоор дүгнэж болохгүй. Хаалгач болох сонирхолтой хүүхдүүдэд хэлэхэд сонирхлоо л дага. Миний хувьд хүн сонирхолгүй зүйлээ хийгээд амжилт гаргаж чадна гэж боддоггүй.

- Тэгвэл хөлбөмбөгийн орхиё гэж бодож байсан уу?

- Дунд нь нэг шалтгаалах зүйлсээс болоод орхиё гэсэн бодол байсан. Гэсэн ч миний хайртай хүмүүс надад тусалж дэмжсэн учраас энэ бодлоо орхисон. Орхичихвол яах бол гэж бодож байсан. Гэхдээ үнэхээр энэ спортод хайртай учраас чадахгүй юм билээ. Ямар сайн даа л хайртай хүмүүсээсээ хол байсан ч хичээсээр л байхав дээ.

- Өөрийнхөө тоглолтын бичлэгийг хир их үздэг вэ?

- Ер нь бол үзнэ шүү. Тоглолт дуусаад гэртээ ирээд Монголынхоо лигийн тоглолтыг ухрааж үзнэ, олон улсад хийсэн тоглолтоо үздэг. Тэгээд алдаагаа бэлтгэл дээрээ засахыг хичээдэг.

- Хөлбөмбөгөөс үлдсэн нандин дурсамжаасаа хуваалцаач?

- Би хэчнээн муу ч бай сайн ч бай Монголын анхны гэсэн юм бүхэн дээр миний нэр бичигдэж байгаа, тухай бүрд нь тоглолтод гараанд гараад тоглож байгаа маань миний нандин зүйл юм уу даа.

-Уншигчиддаа хандаж хэлэх зүйл байна уу?

-Тамирчин болгоныг харж байгаа өнцгөөсөө битгий дүгнээсэй. Зарим хүмүүс багаа хожихоор нь сайн байна гээд л хожигдохоор нь л муу байна гээд байдаг. Тамирчин хүн цаанаа ямар ч асуудалтай байсан шигшээ багаа төлөөлөөд хожихын төлөө л хичээж байгаа.

                                                                                                                                                                  Э.АНУДАРЬ 

Санал болгох