Дээлтэй Монгол наадам 13 дахь жилдээ

3.9 зуу
3 сарын өмнө
Дээлтэй Монгол наадам 13 дахь жилдээ

"Дээлтэй Монгол" наадам, "Улаанбаатарын үдэш" цэнгүүнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долоодугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Сөүл хотын захиргаанаас  Пёнчанийн өвлийн олимпод үзүүлсэн лазер шоуг үзүүлэхээр хөтөлбөртөө багтаажээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Дээлтэй Монгол наадам”-ын хувьд 13 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж дууссан. Энэ жилийн хувьд ОХУ-ын Буриад улсаас, БНХАУ-ын ӨМӨЗО-оос төлөөллүүд ирж оролцоно. Наадмын үеэр шилдэг үндэсний хувцастай дүүрэг, байгууллага, гэр бүл, хүүхэд мөн шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гадаад жуулчныг тус тус шалгаруулна” гэлээ.

Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах “Долоодугаар сарын 11,12-ны өдөр болох “Улаанбаатарын үдэш эх орноо магтан дуулъя” цэнгүүн дууссаны дараа Сүхбаатарын талбайн гурван талын зогсоолоос 18 чиглэлд 18 автобус иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилнэ” гэв.

Мөн Сүхбаатарын талбайд "Яг түүн шиг", "Voice", "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчид дуулахаас гадна Монголын урлаг, соёлын төлөөллүүд оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

“Дээлтэй Монгол наадам” 7 сарын 10-нд  14:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд

“Улаанбаатарын үдэш эх орноос магтан дуулъя” үдшийн шоу тоглолт 7 сарын 11,12-нд  21:00 цагаас Сүхбаатарын талбайд

"Pop Opera Live Concert” 7 сарын 13-нд УДБЭТ-ын тайзнаа  19:00 цагт тоглогдоно.

Санал болгох