Мөнгөний нийлүүлэлт 71 тэрбум төгрөгөөр буурчээ 

11.3 мянга
3 сарын өмнө
Мөнгөний нийлүүлэлт 71 тэрбум төгрөгөөр буурчээ 

Монголбанкны сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр /2019.07.25/ боллоо. Уг хуралд 2019 оны зургадугаар сарын мөнгөний үзүүлэлтийн талаар статистик мэдээлэл өгөв.


Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 0.3 хувь буюу 71 тэрбум төгрөгөөр буурчээ 

Мөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгө 2019 оны зургадугаар сарын байдлаар 20.2 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин өмнөх сараас 0.3 хувь буюу 71 тэрбум төгрөгөөр буурчээ. Мөнгөний нийлүүлэлт буурахад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь төгрөгийн хадгаламж 350 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Мөнгөний нийлүүлэлтийг эх үүсвэр талаас нь танилцуулбал:

  • нийт мөнгөний нийлүүлэлтийн 54.1 хувийг төгрөгийн хадгаламж
  • 17.1 хувийг төгрөгийн харилцах
  • валютын хадгаламж 14.5 хувь
  • валютын харилцах 11.2 хувийг эзэлж байна.

Нийт хадгаламжийн хэмжээ энэ оны зургадугаар сарын байдлаар 13.9 их наяд төгрөгт хүрсний 83 хувийг иргэдийн хадгаламж, 17 хувийг байгууллагын хадгаламж эзэлж байна. Иргэдийн хадгаламжийн 20.7 хувийг, байгууллагын хадгаламжийн 23.4 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.

Энэ оны зургадугаар сарын байдлаар банкуудын зээлийн үлдэгдэл 18.1 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өсч, 9.4  их наяд төгрөгт хүрсэн бол хувийн байгууллагынх 10 хувиар өсч, 8.5 их наяд төгрөгт хүрчээ.

Нийт зээлийн 14 хувийг иргэдийн зээл, 1.6 хувийг байгууллагын зээл, 27 хувийг гадаад валютын зээл эзэлж байна.

Өнгөрөгч сард банкууд 2.1 их наяд төгрөгийн зээл олголт хийж, 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хүлээн авсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн 10.6 хувь, хугацаа хэтэрсэн зээл 4.1 хувьтай байна.

Зээлийн үлдэгдлийг эдийн засгийн салбараар нь танилцуулбал уул уурхайн салбар нийт зээлийн үлдэгдлийн тус бүр 16 хувийг эзэлж байна. Үүний дараа барилга 18 хувь, худалдааны салбар 24 хувийг эзэллээ. Иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдлийн 37 хувийг ипотекийн зээл, 34 хувийг цалин тэтгэврийн зээл эзэлж байна.

Өнгөрөгч сард банкууд нийт 780 зээлдэгчид 58.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны 46 хувийг хөтөлбөрийн санхүүжилтээр, 54 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүү /ЖДХ/ 11.2 хувьтай тэнцсэн нь өмнөх сараас 0.1, өмнөх оны мөн үеэс зээлийн дундаж хүү нэг хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин төлбөрийн тэнцэл 2019 оны зургадугаар сарын байдлаар 456 сая ам.долларын ашигтай гарсан байна. Төлбөрийн тэнцэл ашигтай гарахад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 136 сая ам.доллараар сайжирсан буюу алдагдал буурсан гэсэн үг юм. Алдагдал буурахад голлон нөлөөлсөн зүйл нь манай улсын экспорт эхний зургаан сарын байдлаар10 хувь өссөн ажээ.

 

Санал болгох