Ц.Тамара: Орон гэргүй хүмүүст тусална гэсэн амнаасаа хотын дарга буцчихлаа

9
2020 оны 2 сарын 32020-02-03
Ц.Тамара: Орон гэргүй хүмүүст тусална гэсэн амнаасаа хотын дарга буцчихлаа

 

Заюу тайж нийгэмлэг ТББ-ын тэргүүн Ц.Тамара гуайтай ярилцлаа. 70 гарч яваа тэрээр орон гэргүй иргэдийг хоноглох газраар хангах, мэргэжил эзэмшүүлэх, орлоготой болоход нь туслах чиглэлээр сүүлийн 20-иод жил хүмүүнлэгийн ажил хийж байгаа нэгэн. Ц.Тамара гуай Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Буянт-Ухаа хоёр хорооллын зоорийн давхарт орон гэргүй 50 хүн байрлуулж, өвөл, хаврын хүйтнийг өнгөрөөе гэхэд нь хотын удирдлагууд ярьснаасаа буцаж, үгүйсгэсэн тайлбар өнгөрсөн долоо хоногт өгсөн юм.


-Орон гэргүй иргэдийг байрлуулах, эмчилгээ, сургалтад хамруулах төв байгуулъя гэж та олон жил явсан. Тухайн үедээ нийслэлийн гурван байршилд газар зааж өгсөн. Тэр төсөл юу болж байгаа вэ, газар нь байна уу?

-Газар нь шийдэгдээд 10 гаруй жил болж байна. Нөгөө муу хэлэгдээд байдаг Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байхдаа Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт газрыг нь шийдэж өгсөн. Газар нь сул чөлөөтэй байгаа. Ажлын зургаа, төсөв төлөвлөгөөтэй нь хийлгээд бэлэн болгочихсон. Одоо санхүүжилт л дутуу. Нийтдээ 44.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол мэргэжлийн байгууллага тухайн үедээ гаргаж өгч байсан. Архины хамааралгүй, хүүхдээ дагуулаад гудамжинд явж байгаа, өөрийн өмч хөрөнгөгүй, ажилгүй ядарч яваа иргэдэд зориулсан эмзэг бүлгийн 1000 хүний ажлын байртай орон сууц болох юм. Халамжийн газарт нь ах дүүгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авъя гэсэн юм. Би утсаараа лайв хийгээд, хачин муухай хараал хэлээд гудамжинд танхайрч яваагүй шүү дээ. Би талбай дээр жагсаал болгонд очдог, улс төрийн үйл ажиллагаанд хүмүүсийг турхирдаг хүн биш шүү дээ. Би хүмүүсээс, төрөөс мөнгө гуйж эмзэг бүлгийн иргэдэд тусалж 20-иод жил ажиллаж байна.

-Санхүүжилтаа шийдүүлэхээр дарга нартай уулзсан биз дээ?

-Би 2006 оноос хойш хөөцөлдөж, хаалга болгоныг тогшлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, 2018 оны тавдугаар сарын 23-нд “Ерөнхий сайд танилцаад уг ажлыг судлан, дэмжиж ажиллахыг чиглэл өгснийг танд уламжилж байна” гэсэн хариугаа өгсөн. Хуулбарыг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт явуулсан бичиг нь энэ байна. Ч.Хүрэлбаатар сайд судлаад удалгүй “Уг төсөл нь эмзэг бүлгийн болон нийгмээс тусгаарлагдсан иргэдийг орон байртай болгох, ажлын байрыг шийдвэрлэх мөн нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх нийгмийн халамжийн ажиллагаанд өндөр ач холбогдолтой байгаа учраас Заюу тайж нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамарагаас ирсэн саналыг судлан хариу өгөхийг хүсье” гэдэг албан бичгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт явуулсан. С.Чинзориг сайд 2018 оны наймдугаар сарын 23-нд Нийслэлийн Засаг дарга С.Батболдод, “Гэртээ харих зам” орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Заюу тайж нийгэмлэгийн саналыг дэмжиж, халамжийн төвийн төсөл хөтөлбөрийн тооцоо судалгааг судлан үзэж, хууль журмын дагуу шийдвэрлэхэд анхаарч ажиллана уу” гэсэн албан бичиг өгсөн.

-2018 оны наймдугаар сараас хойш хотын дарга нар хариу өгөв үү?

-С.Батболд дарга чөлөөлөгдөөд оронд нь С.Амарсайхан хотын дарга болсон. Ажлаа аваад хоёр сарын дараа намайг дуудаж уулзсан.

-Өөрөө дуудаж уулзсан уу?

-Тэгсэн. Тэгээд дэмжиж байгаагаа илэрхийлээд холбогдох хүмүүстэйгээ хамт уулзая гэж хэлсэн. Хоёр дахь удаагийн уулзалт 2019 оны есдүгээр сард болсон. Ж.Батбаясгалан, Б.Сүхбаатар, С.Амарсайхан гурав чаньдмалж сууж байгаад л ярилцсан. С.Амарсайхан дарга “Энэ өвөлдөө Буянт-Ухаа 2 хороололд зоорийн давхар шийдэж өгье. Одоогоор хотод төсөв нь алга байна. Шийдвэр ингэж гарсан учраас Батбаясгалан, Сүхбаатар хоёроос та салж болохүй шүү” гэсэн. Дарга нар нүүр нүүрээ харж байгаад уулзахдаа ийм аман шийдвэр гаргасан учраас би бичиг сачиг гээгүй. 20 жил хөөцөлдсөн ажлын минь энэ хүүхдүүд бүтээж өгнө гэж баярлаж хөөрөхдөө албан бичгээр албажуулъя гэж хэлээгүй гарсан. С.Амарсайхан дарга, “74-тэй хүн биднийг загнаад ажил хийгээд яваад байна. Ямар сайхан сэтгэлтэй, хөөрхөн юм бэ” гэж өхөөрдөөд тавагтай чихрээ бүгдийг нь уутанд хийж өгөөд ”Хүмүүстээ амсуулаарай” гээд гаргасан. Тэрнээс хойш Батбаясгалан, Сүхбаатар хоёр, “Өө бүтнэ. Таны асуудал болно. Байр ашиглалтад орохоор оруулчихна” гээд явуулаад байсан.

-Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар таньд 2019 оны арванхоёрдугаар сарын 10-нд бичиг өгсөн байна?

-Буянт-Ухаа 2 хорооллын 1050 дугаар байрны Б1 давхар буюу гарааж, зоорийн давхрын 780 ам метр талбайг гэрээ байгуулж өгнө гэсэн. Энэ байршлаа өөрсдөө сонгож өгсөн. Эндээ би 100 хүн байлгана гэж тооцсон. Тэнд сургалтын үйл ажиллагаа явуулъя гэж би хэлсэн.

-Нийслэлийн орон сууцны корпораци Буянт-Ухаа 2 хорооллын хоёрдугаар ээлжийн ашиглалтыг хариуцаж байгаа. Иргэдэд орон сууц түрээслүүлж байгаа газар. Тэгэхээр НОСК-ийнх эцсийн шийдвэр биш үү?

-Мөн л баймаар юм. Тэгсэн байрныхаа дугаарыг 2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд 1058 дугаар байр болгож өөрчилсөн.

-Албан бичгээ авснаас хойш нэг сар болчихлоо. 100 хүнээ яагаад оруулж чадаагүй юм. Буянт-Ухаа 2 хорооллын оршин суугчид эсэргүүцэж, гарын үсэг цуглуулаад хотын дарга, НОСК-д хүргүүлсэн гэх юм?

-Өмнө нь ороорой гэж байсан, баталгаажуулж албан бичиг өгсөн дарга нар гэнэт “Зөвшөөрөл өгөөгүй. Тэнд хүмүүс байрлахгүй” гэж хэлсэнд нь гайхаад байна. Би худлаа хэлдэг хүмүүст дургүй. Хотын дарга нар эхлээд 780 ам метр талбай өгөх гэж байсан. Дараа нь 230 ам метр болгож багасгасан. Ийм учраас 100 хүний стандартад нийцэхгүй. Нэг хүнд хоёр ам метрээр тооцоход 230 ам метрт 50 хүн л байх боломжтой. Хэвлэлээр 300 хүн, 100 хүн гэдэг мэдээлэл яваад байна лээ. 50 хүний л асуудал яригдаж байгаа юм.

-Таны оруулах гэж байгаа 50 хүн архи хэрэглэдэг үү?

-Яг гудамжинд хөлдөж үхэх гэж байгаа хүмүүс. 20 гаруй хүн гудамжинд хөлдөж хөлөө тайрууллаа, гоё байна уу. Аз жаргалтай хот уу. Би эх хүн. Хүн бүр үрдээ хайртай. Яагаад тэр хүмүүсийг хайрлахгүй байгаа юм. Зургаан метрийн доор, гаднаа харуултай байлгая гэхээр биднийг түйвээнэ гэж оршин суугчид эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Ядарсан хүн гэдэг чинь хүний үгэнд маш оромтгой байдаг. Би 20 жил ядарсан хүмүүстэй харилцаж байна. Би л чаг чаг гээд загнадаг болохоос амьдралд хавчигдаж, ядарсан улсууд эрүүлдээ хүний өмнөөс гар далайхгүй. Зоорийн давхарт эмч, гал тогоо, оффис, бялдаржуулах өрөө, сэтгэл зүйн, мэргэжлийн сургалтууд явуулах танхим байх юм. Би сургалтын төв хэлбэрээр ажиллуулна. Манай нийгэмлэг таван ханатай 25 гэртэй байсан. Амьдарч байсан хүмүүсийн хүүхдүүд нь том болоод айл гэр болоход нь 16-г нь өгөөд явуулсан. Одоо намайг зориод ирж байгаа хүмүүсийг сургах орон байр алга байна. Ийм учраас хотын дарга нарыг туслаач гэсэн юм.

-Оршин суугчдын амгалан байвал байдал алдагдах, эх хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учирч магадгүй гэсэн тайлбарууд интернэтэд явж байсан. Ийм эрсдэл гарахгүй юу?

-Юу гэж дээ, хүү минь. Адилхан хүн шүү дээ. Тэр хүмүүс өглөө, өдөр, орой нэгдсэн журмаар хоол ундаа тэр зоорийн давхартаа иднэ. Нэгдсэн журмаар сургалтууддаа сууна. Нэгдсэн журмаар агаар салхинд гарна гэх мэтээр байнгын зааварчилгаа, хараа хяналттай байна.

Санал болгох

Хулгана жилд эрүүл мэндийн хувьд хүйтэн, бадгана өвчин гарах магадлалтай

Гандантэгчэнлин хийдийн хувраг зурхайч Д.Цогтбаатараас “Цагаан хулгана” жилийн ерөнхий төлөвийн тухай ярилцлаа.

4 цагийн өмнө
Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь

Монголын уламжлалт цагаан сар тохиох тул бүх хичээлийг монгол хэл, өв соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдралтай холбоотой хичээлүүд орно.

1 өдрийн өмнө
СУУДЛЫН ЗАСАЛ болон ЗҮГ МӨР гаргах

XVII жарны "Хотол төгс" хэмээх "Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах талаар мэдээллийг хүргэж байна.

1 өдрийн өмнө