Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа

2020 оны 2 сарын 122020-02-12
Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ  болгох нь:

  1. Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:

1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

1.2. Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх;

1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.

2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.

Санал болгох

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

1 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цахимаар золголт хийхийг уриалж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ

3 өдрийн өмнө
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Б/34 тоот захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг оронд нь томиллоо.

4 өдрийн өмнө
Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

4 өдрийн өмнө