Сонгууль: Энэ жил улсын аварга малчнаар 60 биш 149 өрх шалгаруулна

4
2020 оны 2 сарын 102020-02-10
Сонгууль: Энэ жил улсын аварга малчнаар 60 биш 149 өрх шалгаруулна

 

Одоогийн УИХ-д орон нутгаас сонгогдсон 48 гишүүн бий. Дэвшдэг дэвжээгээ орхиод хотоос сонгогдсон таван гишүүн байна. Мал, бэлчээр, малчдын халамж, тариалан, тэжээлтэй холбоотой ямар ч асуудал ногоон гэрлээр батлагддаг боловч Засгийн газар, УИХ-ын гишүүд нь төрөөсөө концесс, ЖДҮХС, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сангийн хөрөнгө хумсалсан учраас сонгуулийн жилдээ яаж сонгогчдынхоо нүүрийг харна дээ гэцгээсээр УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн.

Бодож, бодож нүүрээ тахлах санаа олсон нь илүү олон Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх тодруулах арга байж. Жалга болгоноос сайн малчин, дов болгоноос хошой аварга төрөх нь ээ. Нөгөө малын тоонд биш чанарт анхаарна гэдэг худлаа боллоо. Дахиад сонгогдохын тулд малтай болгоныг шагнах дутлаа.

У.Хүрэлсүхийн Засгийн газар улсын аварга малчин өрхөөр өмнөх жилүүдэд 60 айл тодруулдаг байсныг энэ жил 149 болгож өсгөв. Улсын хошой аварга малчин жилдээ найм орчим л тодордог байсныг 13 болгов.

Мөн  улсын аварга тариаланч хамт олон 2, улсын аварга тариаланч 5 иргэнийг шагнахаар болжээ. Шагналын зардал 25 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах гэж байна. Уг нь Засгийн газрын нөөц санг гамшиг осол, гэнэтийн зүйлд зарцуулах зориулалттай. Гэтэл тариаланчдаас гадна аварга малчдад зориулж 376 сая төгрөгийг нөөц сангаас гаргахыг У.Хүрэлсүх Ерөнхий сайд зөвшөөрчээ. Зүй нь Засгийн газрын нөөц сангаас биш улсын төсвөөс энэ хөрөнгө гарах ёстой байлаа.

Аварга малчинд 4 сая төгрөг олгоно. Монгол Улсын газрын зураг бүхий гантиг чулуун суурин дээр цалин цагаан мөнгөөр бүрсэн 5 хошуу эцэг малын дүрс байршуулсан цом, цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн аяга, хадаг, өргөмжлөл, тууз, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлдэг.

Улсын хошой аварга малчин өрх цолоор шагнагдсан малчин өрхийг 4 сая төгрөгөөр шагнана. Улсын хошой аварга малчин өрхөд олгох Монгол Улсын газрын зураг бүхий гантиг чулуун бадамлянхуа цэцэг бүхий суурин дээр цалин цагаан мөнгөөр бүрсэн 5 хошуу эцэг малын дүрс байршуулсан цом, цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн аяга, өргөмжлөл, тууз, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлдэг юм байна.

Коронавирусийн халдвар гарсан энэ үед УИХ-ын гишүүн цагаан сарын шинийн 1-нээс өмнө малчдад шагналыг нь гардуулах хэрэгтэй болно. Аварга малчны шагнал эрхэм хүнтэй байсныг ч хэлэх үү, цагаан сартай давхацаж очдогийг ч хэлэх үү, хөл хөөр л болох байх. 

 

Санал болгох

Сонгууль: Энэ жил улсын аварга малчнаар 60 биш 149 өрх шалгаруулна

Нийтдээ 401 сая төгрөг шагналд нь зориулж Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Уг нь Засгийн газрын нөөц санг гамшиг осол, гэнэтийн зүйлд зарцуулах зориулалттай.

14 өдрийн өмнө